Дэд доктор Ж.Чойнхор
                                  ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР

Ардчилал шинэчлэлийн ачаар түүх нийгмийн зүтгэлтний үйл ажиллагаанд коммунист үзлийн үүднээс өрөөсгөл хандаж ирсэн гажуудлыг засах нь түүхийг үнэнээр өгүүлж үнэлэн түүхэн үнэнийг сэргээх өнөөгийн шаардлагаас урган гарч байна. 17-р зууны хориод оны Монгол улсын түүхэнд чухал холбогдох нөлөө бүхий түүхэн зүтгэлтний нэг нь олны дунд өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар Богд Жавзундамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ.

    Г.Занабазар нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн хаад Батмөнх даян хааны хүү Гэрсэнз жалайр хунтайж, Онох Үйзэн, Абутай сайн хаан, Эрэхий Мэргэн, түүний хүү Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү болон 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр тэр үеийн Түшээт ханы нутаг Есөн зүйл /одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сум/ хэмээх газар мэндэлжээ. Өндөр гэгээнийг эхээс мэндлэх үед хатан ээж Ханджамцын (түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамц нь Ойрдын Далай тайшийн охин байв) хөхнөөс нь сүү эс гарсанд түүний аягач 16 настай охины хөхөнд сүү ороход охин ихэд ичингүйрхсэнд сүү гарах учиртай хэмээн хэлж охины хөхийг рашаан усаар угаан хүүд амлуулж, тэр цагаас хойш охиныг далай ээж хэмээн нэрлэх болсон гэдэг.

    Түшээт хан Гомбодоржийнд ер бусын сайхан хүү төрсөнд Сэцэн хан Шолой ихэд баясан баярлаж тэр хүүд Гэгээн алдрыг хайрлажээ. Гэгээн хүү үеийнхнэсээ их л өөр байдалтай өсч торнин сүм суврага барьж бүтээж наадах нь онцгой, номыг төвөггүй цээжлэн тогтоодог оюун билэг төгс хүүхэд байжээ. Гэтэл хүүг дөрвөн настай байсан шар барс жил Жамбал ламаас гэлэн санваар хайрлаж Занабазар /Ишдорж/ хэмээх нэр өгчээ. Төвдөд элч зарж, Далай лам Банчин Богдоос сунтаг шүүлгэж тодруулан хайрлахыг хүссэнд: Бурхан багшийн үеэс Энэтхэг, Төвдөд тодорсон хувилгаадын арван тавдугаар Жавзундамба хутагт Энэтхэгийн буддын шашны түүхийг зохиосон Гунгаанямбуугийн хойд дүр Жавзундарнатын хувилгаан хэмээжээ. Г.Занабазар таван настай байсан 1639 оны шарагчин туулай жил их Монгол уулын өвөр Монгол элсний ширээт цагаан нуур /Өвөрхангай аймгийн Бүрд сум, монгол нутгийн хүйс орчим оршино/ хэмээх газар монголын шашны тэргүүн Богд Жавзундамба хутагтын ширээнд тодруулан залсан нь алтан ургаас Богдод тодорсон анхны тохиолдол байжээ. Г.Занабазарыг анхдугаар богдод өргөмжлөгдсөнд Түшээт ханаас 108 идэр эрийг шавь болгон өгсөн нь их шавь буюу Богдын шавийн үүсэл болов. Г.Занабазарт Вансанбүрэлгүү ламаас Равжунгийн санваар хүртээн Лувсанванбуужалцан хэмээх шинэ нэр хайрлан хамба цол соёрхав.

    Өндөр гэгээний өргөөг барьж өнөөгийн Монгол улсын нийслэлийн шавыг тавин, өлзий буян дэлгэрсэн үзэсгэлэнт сайхан нутаг бол Монгол нутгийн хүйс их, бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээт цагаан нуур юм.Өндөр гэгээний өргөөний анхны хэв загвар нь тооно, унь, хана, хаалга бүхий монгол гэрийн хэлбэрээр урлан бүтээсэн цагаан эсгий бүрээстэй дуган, түүнийг тойрсон жижиг сүм, суврага гэр тэргүүтэн байжээ. Тэр хүндтэй газар нутагт алтан шаргал өнгөт монгол  элсний цагаан нуурын хөвөөг сонгосон нь тохиолдлын бус түүх уламжлал, төр ёс, билэгдэл байгаль экологийн учир холбогдолтой байжээ. Энэ нутаг нь хангай, говь завсрын бүсийн бүх шинжийг хадгалсан уул ус, нуур цөөрөм, рашаан булаг, цэцэг ногоо дэлгэрч арцны үнэр анхилсан монгол нутгийн тансаг бүхнийг агуулсан хосгүй сайхан нутаг юм. Эртний домог түүхтэй их, бага монгол уул Ширээт цагаан нуурыг ихэд хүндлэн арц үнэртнээр ариутган, тахилга хүндэтгэл үйлдсээр ирсэн түүхтэй.  Эзэн Чингис хааны алтан ургийнхны төр ёсны уламжлал, билэгдэл, тэргүүлэх байр суурийг хадгалсаар ирсэн Орхон түшээ гүний сав нутагт Халхын Түшээт ханыхан улс төрийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, төр ёсныхоо уламжлалыг хадгалсаар ирсэн сурвалжит түүхтэй ажээ.

    Г.Занабазарыг анхдугаар Богд Жавзундамба хутагтын сэнтийд залсны баяр ёслолд зориулан хийсэн Бат оршил өргөх буюу Даншиг наадмыг энэ нутагт анх 1640 онд хийснээр  халх 7 хошуу наадам үүсч тогтмолжин өнөөгийн улсын их баяр наадам болон уламжилжээ. Нэрт түүхч академич Ш.Нацагдоржийн бичснээр: Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзундамба Хутагтад өргөмжлөх ёслол болоход Халхын долоон хошууны олон бараг бүгдээр түүхэндээ анх удаа хуралдан цугларч их ёслол үйлдсэн нь сонирхолтой юм. Түшээт хааны хөвгүүн өндөр гэгээн халхын шашны толгойлогч болсон явдал нь Халх Монголын улс төрийн амьдрал маш учир холбогдолтой болсон билээ. Өндөр гэгээн Занабазар тэр үеийн халх монголын олон нийтэд хүлээгдэн хүндлэгдсэн ганц нөлөө бүхий хүн болон хувирсан байна. (Ш.Нацагдорж. Халхын түүх.УБ,1963.Х35) Анхны тэр даншиг наадмын бөхийн барилдаанд нэгэн залуу лам түрүүлж, түүнээс хойш тэр бөхийг бөх лам гэж нэрлэх болсон гэдэг. Хурдан морины уралдаанд Бонхор гэдэг хүний морь түрүүлжээ. Тэр нутаг буюу өнөөгийн, их бага монгол, ширээт цагаан нуур орчмын нутгийнхан цөм өндөр гэгээний шавь болж тэднийг бөх ламын отог гэж хожим болтол нэрлэж байв. Тэр үеэс нийтийг хамарсан том наадам цэнгээн даншиг наадам буй болон тогтмолжиж түрүүлсэн бөх, морийг цоллох, цол чимэг олгох ёс тогтож уламжилсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэр үеэс халхчуудын дунд анхдугаар богд өндөр гэгээнийг тойрон хүрээлж нягтрах асуудал бэхжиж өндөр гэгээний нэр хүнд их өсчээ.

    Монгол төрийн уламжлалт ёс дэгээр өндөр гэгээний өргөө улсын нийслэлийн суурийг тавихад төр улсын голомт өргөөг Эрдэнэ зуу хийдийн хашаанаас нүүлгэж Өндөр гэгээний өргөө буюу төр шашны ордын баруун талд хүндэтгэж байрлуулснаас хойш олны дунд баруун өргөө хэмээн нэрлэгдэх болжээ. Баруун өргөө нь хутагтын өргөөтэй хамт Орхон туулын сав нутгаар 1770-аад оныг хүртэл гуч гаруй удаа нүүж Хан уулын ар, Хатан Туулын хөвөөнд Өргөө хот төвлөн суурьшиж, Их хүрээ болон өргөжихөд уламжлал ёсоор төр шашны төв орд буюу Богдын шар ордны баруун этгээдэд байрлаж байв. 

    Баруун өргөөний гол ёслол нь цагаан сарын шинийн нэгний өглөө наран ургах цагт өргөөний гол дахь гурван чулуу тулсан гурван тотготой ган тулганд алтан ургийн нэгэн тайж хатны хамт ирж хэт цахиж гал асаан "хаан аавын асаасан, хатан ээжийн хөгжөөсөн гал голомт" гэж хэлээд хатан нь галаа бадрааж, хуран цугласан төрийн сайд, хаад, ноёд, хутагт хувилгаад түшмэдүүд золгууд хийж шинэлэх ёсны баяр эхэлдэг байжээ. Чингис хааны үеэс уламжилсан улсын голомтоо хүндэтгэн тахисаар хорьдугаар зууныг хүрчээ. Гал голомт өргөөний зул хүжийг асааж, гэрийн мод, бүрээс хэрэглэлийг шинэчлэх, зоог шүүсний бүх хэрэгцээг Түшээт ханы хошуунаас хангадаг байв. Энэ нь төр ёс, тусгаар тогтнолоо хүндэтгэж байсны гэрч юм.

     Баруун өргөө нь том хэмжээний эсгий гэр байсан бөгөөд Оросын эрдэмтэн А.М.Позднеев баруун өргөөний зургий нь авч үлдээн 300-гаад хүний багтаамжтай гэж хэмжээг нь барагцаалжээ. Өргөөний дотор Абутай Сайн хааны хөрөг, төрийн шүтээн, тахил, төр ёсны холбогдолтой бусад зүйл байжээ. Баруун өргөө нь одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг хуучин пионерийн ордны хашааны баруун урд өнцөг хавьд байжээ. Монгол улсын голомтын өргөө нь 1938 оны үед хүн ардынхаа нэгэн адил хэлмэгдэж, орон буйр нь 1950-иад оны эцсээр газрын хөрснөөс арчигдсан гунигт түүхтэй юм. Монгол төр ёсоо сэргээн дээдлэх хууль зүйт төр ёс тогтоон төлөвшүүлж бүхий энэ цагт Монгол улсын гал голомтын өргөө, билэгдлээ сэргээн хүндэтгэх нь төр ёсоо дээдлэхийн дээд үлгэр болох болээ.

    Г.Занабазар 1640 оны гал гахай жил Саран гол хэмээх газар "бүхнийг номхотгогч" хэмээх буддын шашны хийд баруун хүрээг байгуулжээ. /Одоогийн Өвөрхангай, Хархорин сумын нутагт/ Өндөр гэгээн ном эрдэмд сурахын хүсэлд автан 1649 онд нутгаасаа гарч Төвдийг зорин Зонховын төрсөн Гүмбүм зэрэг олон хийдийг дайран Лхас орж Далай ламд бараалхан шавь орж, Очир эрхийн ван сонсож Жавзундамбын хувилгаан тодорч шар торгон шүхэр тамга шагнуулжээ. Тэндээс цаашлан Дашлхүмбэ хийд хүрч Банчин эрдэнэд бараалхан шавь орж Гэцэл санваар хүртэж эрдэм ном шамдан сурчээ.

    Өндөр гэгээн Занабазар Дашлхүмбээс буцаж ирээд сурч боловсрох бүтээх ажлыг хослуулж ид бүтээн тууриваж байсан 1653 онд Эрдэнэзүү хийдэд цугласан олон гэгээнтэнд бүтээлийн тусгай байр барьж өгөх санаачилга гаргаснаар Хангайн нуруунаа орших байгалийн өвөрмөц тогтолцоо хосгүй үзэсгэлэнгээрээ монгол нутгийн ховор сонин газрын нэг Шивээ улаан хэмээх газар Дувхан буюу Төвхөн гэдэг бүтээлийн сүмийг /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт буй/ Гэгээнтний удирдлага заавраар байгуулж эбэнгачил буюу баясгалант аглаг орон хэмээн нэрлэжээ. Энэ бол төр улс түмэн олныхоо тусын тулд их ажиллаж, ихийг бүтээж байсан Гэгээнтэнд бүтээлийн тусгай байр зайлшгүй шаардлагатай байгааг олон шавь нар нь мэдэрч ухаарсан хэрэг ажээ. Өндөр гэгээн Төвхөнд Монгол үндэстний төр ёс, хэл соёлыг хөгжүүлэх их зүйлийг бүтээн туурвижээ.

    Өндөр гэгээн 1654 онд Хан Хэнтий хааны сав нутагт Рэбүгэжинганданшадавлин хэмээх номын хүрээг зохион байгуулж цаашдаа зүүн хүрээ гэж нэрлэх болжээ. Өндөр гэгээн Монгол дахь буддын шашны дэг ёсыг үндэсний хэлбэрт аажмаар оруулахын тулд лам хуврагуудын өвөл зуны малгайны хэлбэр маяг, хурал номын дэг журам шинэчлэн зохион байгуулжээ. Өндөр гэгээний бүтээлийг бичиг соёлын ба урлагийн гэж ангилж болох юм.

    Өндөр гэгээн Төвхөнд сууж байхдаа хүний оюун ухааны сод сор , монгол хүний оройн дээд шүтээн тусгаар тогтнолын билэгдэл болсон мөнхийн бүтээл монгол улсын хожмын төрийн сүлд соёмбо тэмдэг, соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг 1686 онд зохион бүтээснийг түүхэнд тэмдэглэжээ. Монгол улсын сүлд соёмбо нь монгол нутагт оршин байсан эртний хүмүүсийн хад чулууны бичээсээс эхлэн монголын анхны төр улс Хүннүгийн үеэс билэгдэл болгож ирсэн гал дөл, нар сарыг багтаасан түүхэн уламжлалтай юм. Тиймээс соёмбо нь эртний монголын түүх соёлын хийгээд дорно дахины билэгдэл арга бэлгийн гайхамшигт цогц, алс ирээдүйд ч гандан бууршгүй мөнхийн бүтээл болсон юм. Монголчууд соёмбоо Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын билэг тэмдэг хэмээн үздэг билээ. Манай ард түмэн соёмбоо эрхэмлэн дээдэлж алтан соёмбо гэж нэрлэдэг сайхан заншил бий. Соёмбо бол монголын тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж нэрт эрдэмтэн Бямбын Ринчин бичсэн байдаг.

    Монгол билэгдэл, түүх уламжлалын гүн агуулгатай соёмбыг бүрэн бүтцээр нь зохиосон хүн бол Өндөр гэгээн билээ. Соёмбо тэмдэг нь зохиомж агуулгаараа давтагдашгүй бүтээл болохыг эрдэмтэн мэргэд судлаачид хүлээн зөвшөөрч түүний гүн агуулгыг олон жилийн турш судалж тайлбарлаж байгаа юм. Мнгол, Монгол улс гэсэн ойлголтыг дүр дүрсээр илэрхийлдэг төрийн сүлд далбааны соёмбо нь Өндөр гэгээн гэдэг тэр их хүнийг хүндлэн дээдлэх сэтгэл итгэлийг төрүүлдэг билээ. Гэтэл өдгөөгийн төрийн сүлдний соёмбоо хэлбэр дүрсий нь өөрчилсөн нь олон түмний санаанд төдий л нийцээгүй бололтой.

    Өндөр гэгээн буддын шашны эх орон Энэтхэг, Төвдийн соёл буддын гүн ухааныг эртний түүхч нүүдэлчин монголын соёл шинжлэх ухааны номын хэл лугаа тэнцүү тэмдэглэн бичиж болохуйц авианы төгс боловсорсон монгол шинэ соёмбо үсгийг зохиожээ. Энэ нь монгол утга зохиолын хэл авиалбарын тогтолцоо уламжлал, хөгжлийг дорно дахины хэл шинжлэлийн сонгодог уламжлал арга билгийн зарчим, шинжлэх ухааны зохих түвшинд хэргэж чадсан хэрэг байв. Өндөр гэгэний бүтээсэн соёмбо үсэг нь эх хэл бичиг соёлоо дээдэлж, гаднын соёл шинжлэх ухааныг үндэсний хэл бичигтээ тулгуурлан нэвтрүүлэх зорилгыг агуулжээ. Өндөр гэгээн эл соёмбо үсгээрээ Ганжуурын 108 боть хөлгөн судрыг монгол хэлнээ дахин төгс төгөлдөр орчуулах эх үйлсийг эхэлж дээрх зорилгоо биелүүлж эхлээд байв.

    Өндөр гэгээн олон хүрээ хийд уран барилгын хэв загвараар барьж байгуулах ажлыг өөрөө гардан хийж байжээ. Үүнд дорно дахины уран барилгын ухааныг монголчуудын үндсэн сууц гэр, асар майхан зэрэг монгол үндэсний хэв загварт оруулах үндэсний хэв загварыг буй болгоход их анхаарч байсан нь ажиглагддаг. Тухайлбал өндөр гэгээний зохиосон их хүрээний Батцагаан хэмээц Цогчин дуганы хэв маяг хожмын монголын уран барилгын хэв загвар болон уламжлагджээ. Өндөр гэгээн Занабазар өөрийн гайхамшигт бүтээлээрээ шашны урлагийн тиг журмыг амьд хүний дүрээр монгол газар амилуулж бодит хүний гоо сайхны өндөрлөгт хүргэж чадсан дахин давтагдашгүй бүтээлч байв. Түүний уран зураг, баримал, зутгамал, уран барилгын бүтээл нь нүүдэлч малчдын оюун сэтгэлгээ зөн билэгдэл ардын урлагийг чадварлагаар хослуулж чадсанд оршино. 

Өндөр гэгээн Занабазар номоос энэ сэдвийг авав.
Энэхүү номыг  
ЮНЕСКО-гийн 
Монголын Үндэсний Комиссоос 
эрхлэн гаргав. 

Published by the Mongolian National 
Commission for UNESCO 
Ulaanbaatar 1995

Undur gegeen Zanabazar
Undur Geghen - Gombodorjiin Zanabazar

Монголын Урлаг