Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе Info: Жужан улс Жужан улс нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Энэ улс нь 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ. Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ. Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг. Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Аварчууд улам цаашлан, хуучин Өрнөд хүн улсыг орлон Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг өрнө дахинд зарлан тунхагласан билээ. Нирун улсад 8 хаан үе залгамжилж, 555 онд Түрэгийн хаант улсад мөхөөгдөв. Энэ нируны зарим дүрвэгсэд мөн баруун зүг нүүж, 570-аад онд Аварчуудын дэмжлэгээр Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |