Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе Info: Бөртэчино Бөртэчино нь 8-р зууны үед амьдарч байсан Чингис хааны язгуур өвөг дээдэс болно. Монголын Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино ажгуу. Гэргий нь Гоомарал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунд нутаглаж, төрсөн Батцагаан ажгуу. Добу мэргэн Торголжин баян, Борогчин гоо гэргийт, Боролдой Хубилай залуут (хөвгүүнт) дайр бор хоёр хөлөг морьт бөлгөө. Борогчин гоогоос төрсөн Дува сохор, Добу мэргэн хоёр бөлгөө. Дува сохор манлай дундаа ганц нүдэт бөгөөтөл гурван нэгүри газар үзэм бөлгөө. Нэгэн өдөр ах дүү хоёул гөрөөлөөд Бурхан Халдун дээр гарваас тойрон гэрээс (ой шугуйн гэрээс) Түнхэлэг горхин уруу нэгэн бүлэг иргэн нүүж айсуйг ах нь Дува сохор үзэж өгүүлсэн нь: Тэр Түнхэлэг горхин уруу нүүж айсуй иргэний дотор нэгэн харгудай (мухлагтай) тэргэний өлжигэд (суудалд) суусан нэгэн охины өнгө гэгээ эндээс үзэгдэм. Хүний гэргий болоогүй бол, дүү чамд гуйсуй гэж, Добу мэргэнийг үзэхээр илгээв. Тэд иргэнд хүрвэл үнэнхүү хүнд эс өгдөгсөн гоо сайхан, нэр алдар ихтэй Алан гоо нэрт охин ажээ. Тэд иргэн, Баргужин түмэдийн эзэн Хорилдай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан гоо тэр ажээ. Хорилдай мэргэн түмэдийн газарт булгад (булга) хэрэм гөрөө газад хорилож хорилолдож (эсрэг тэсрэг) өөр зуураа муудаллан (муу) бололцож Хорилар овогтон болов. Бурхан Халдунаа гөрөөлж (гөрөөсөн) олон буй хэмээн Бурхан Халдунаас Бурхан Урианхай шиншин баянд нүүж ирсэн аж. Хорь түмэдийн Хорилдай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алан гоог Добу мэргэний авсан ёсон тийм бөлгөө. Алан гоо, Добу мэргэнд ирээд Бэгүнүтэй, Бэлгүнүтэй нэрт хоёр хөвгүүн төрөв. Хутула хаан Хутула хаан нь 1150-аад онуудад Хамаг Монголын хаан байжээ. Түүний эцэг нь Хабул хаан. Хабул хаан нас барахдаа долоон хүүтэй атал Сэнгүнбилгэгийн хүү Амбагайг хаан болгохоор захиж үлдээсэн боловч тун удалгүй татар аймгийнхан Амбагай хааныг барин Алтан улсад хүргэж алуулсан байна. Нууц товчоонд өгүүлснээр Амбагай хаан Хутула ба өөрийн хүү Хадаан тайж нарыг нэр дурдан өшөөгөө авахыг захисан байна. Амбагай хаан нэр заасан тул монголчууд Онон мөрний Хорханагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хаан болгожээ. Хутула ба Хадаан тайж татаруудтай олон удаа тулалдсан боловч амжилт олоогүй байна. Хиад боржигин овгийн Хутула хаан нь Чингис хааны өвөг эцэг Бартан баатарын дүү болно. Хүү нь Алтан. Бурхан Халдун Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. 1992 онд 12,000 km² талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. Дэлүүн Болдог Дэлүүн Болдог нь Чингис хааны төрсөн гэгддэг Хэнтий аймгийн Дадал сумд байрладаг газар юм. Чингис хааны дөрвөн хүлэг баатар Чингис хааны дөрвөн хүлэг баатар нь Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар байжээ. Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийн дөрвөн хүлэг баатарыг магтан өгүүлсэн байдаг. Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл, Хүр гэсэн газар хүрч Хүр чулууг хэмх цохиж Халд гэсэн газар халдаж Хад чулууг хага цохиж Цэгээн чулууг бутартал Цээлийн улсыг цалгитал Ниргэж нядалж явав. Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ 1202 онд Ван хан, найманы Хүгсэү сабраг баатарт дийлэгдэж эд хөрөнгө ба эм, хөвүүдээ булаагдан Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээж Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байхад хүрж очин авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд бүгдийг аварч өгж байжээ. Буур хээрийн тулалдаан Буур хээрийн тулалдааныг ойролцоогоор 1180 оны үед Тэмүжин (сүүлд Чингис хаан) Гурван мэргидэд булаалгасан эхнэр Бөртө үжинийг буцаан авах зорилгоор Тоорил хан (сүүлд Ван хан) ба Жамухын тусламжтайгаар хийж ялалт байгуулжээ. Шалтгаан Уг тулалдаанаас өмнө Гурван мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өөлүнийг Есүхэй баатарт булаалган алдасны өшөөг авахаар ирэн Бөртө үжинийг булаан авсанд Тэмүжин Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд Тоорил хан Нууц товчоонд бичсэнээр: ...Булган дахны чинь хариуд Бүгд мэргидийг Бүрэлгэн довтолж Бөртө үжинийг чинь Буцааж өгье... хэмээн зөвшөөрч, мөн Жамухад хэл өгжээ. Булган дах нь Бөртэ үжиний инжинд ирсэн бөгөөд Тэмүжин үүний өмнөхөн эцгийн хуучин анд хэмээн Тоорилд очиж үүнийг бэлэг барин холбоо тогтоосон байжээ. Тоорил хан өөрийн нэг түм, дүү Жаха Хамбугийн нэг түмэн цэргийг дайчилсан бөгөөд Жамуха ч туслахаар амлан ...Эдгээр мэргид аймгийг Эвдэн мөхөөж Эхнэр Бөртийг Эргүүлэн авчиръя... хэмээж нэг түмэн цэргээ авч замдаа Онон мөрнийг даган нутаглах Тэмүжинийн харьяат нараас нэгэн түмэн цэрэг дайчлан авч Ононы эх Ботохан бооржи гэдэг газар очиж хүлээжээ. Тухайн үед Тэмүжиний цэргийн тоо тун цөөн буюу Гурван мэргид шиг томоохон дайнч аймагтай дайтах хэмжээнд хүрээгүй байжээ. Харин Жамуха тал нутгийн нөлөө бүхий хүчтэй феодал болсон байсан байна. Тулалдаан Тоорил өөрийн нэг түмэн цэрэг, дүү Жаха хамбу ба түүний нэг түмэн цэргийн хамтаар Тэмүжинтэй нийлэн Ботохан бооржид хүлээн буй Жамухатай нэгдэн цаашид Жамухагийн нэгдсэн удирдлагын доор хойд зүгт Хилго голыг (одоогийн ОХУ-д Буриадын нутагт урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг) өгсөн явж гатлаад Сэлэнгэ мөрнийг өгсөн Буур хээрийн талд байсан Тогтоа Бэхи, Дайр-Үсүн нарыг довтлон цохилт өгч Баргужингийн зүгт дутаалгаж эд хөрөнгө, хүн ардаас нь олзолсон төдийгүй Тэмүжиний хувьд гол зорилго байсан Бөртэ үжинг буцаан олж авсан байна. Мөн Хаад Мэргидийн удирдагч Хаатай-Дармалаг олзлон авчээ. Тогтоа болон Дайр-Үсүнийг гэнэт довтлон барин устгаж болох байсан боловч ойн иргэд түүнд хэл хүргэсэн тул амьд дутаан гарчээ. Тулалдааны дараа Уг тулалдаан нь уулгалан довтолсон гэнэтийн довтолгооны хэлбэртэй тул бас яг хоёр талаас бэлдэн хүч тулсан сонгодог тулаан биш боловч үүний дараа үүссэн нөхцөл байдал Тэмүжиний хувьд томоохон амжилт болжээ. Үүнд тэрээр тал нутгийн дунд хүчирхэг холбоотнуудтай гэдгээ харуулж чадсан, овог аймгийн удирдагч, цэргийн жанжин болох чадвартайгаа бодит байдалд харуулсан, өөрийн овог аймгийнхныхаа дунд удирдагч нь болох боломжтой гэсэн итгэлийг төрүүлсэн байна. Мөн уг тулааны дараа Тэмүжин, Жамуха хоёр тодорхой хугацаанд хамт нутагласан нь Тэмүжиний хувьд өөрийн хүчирхэг андын нөмөрт бусад овог аймгийн аюул заналхийллээс тодорхой хугацаанд хол байж хүчээ нэмэгдүүлэх төдийгүй өөрийн овог аймгийнхийгаа өөртөө татах бодлого явуулах боломжийг олгосон байна. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |