Энэ оны 11
сарын 28-ны өдөр Марьемоны Хааны музей мөн Эзэмшилт газрын
захирал ноён Ричард Веймьед Монгол улсаас Бельгийн Хаант Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болдыг хүлээж авав.
Уулзалтын үeэр тус музейн байнгын үзүүлбэрүүдийг танилцуулснаас гадна
цаашдаа Монгол улсын соёлын байгууллагуудыг Бельгийн Валлон-Брюсселийн
Холбооны урдаа барьдаг музей, шинжлэх ухааны чухал байгууллагатай
хамтран ажиллах түншлэлийн талаар ярилцав. Уулзалтанд Бельгийн талаас
тус музейн Азийн мэргэжилтэн, урлаг судлаач куратор Лиз Янковски, Дафне
Бургуайн нар Монголын талаас элчин сайдын гэргий О.Нямцэцэг, зөвлөх
Л.Болормаа, Бельгийн Хаант улс дахь Монгол Соёлын Төв ТББ-ын тэргүүн,
тус улсын Ерөнхий сайдын албаны ажилтан
Б.Оюунтүлхүүр, уран бүтээлч,
Монголын Үндэсний Уран Зургийн Галерейн ахлах куратор, галeрeйн гадаад
харилцааны зөвлөх Э.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Дафне Бургуайн, Б.Оюунтүлхүүр нарын санаачилгаар зохион байгуулсан энэ
уулзалтанд ирэх жилээс уг музейтэй хамтран том хэмжээний үзэсгэлэн
зохион байгуулах талаар санал солилцож улмаар Франц Улсын Нант хотын
Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд олны хүртээл болж байгаа
"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь"
болон Германы Бонн
(2005), Мюнхен (2006) хотуудад болсон "Чингис хаан ба түүнийг
залгамжлагчид" үзэсгэлэнгүүдийн талаар Б.Оюунтүлхүүр, Э.Отгонбаяр нар
дэлгэрэнгүй танилцуулга хийж Францад гарч байгаа энэхүү үзэсгэлэнг
Бельги улсад авчрах боломжтой эсэх талаар ярилцсаны үр дүнд Марьемоны
музейн захиргаа энэ асуудлыг Нант хотын музейдтэй холбоо барьж,
үзэсгэлэнг биечлэн үзэхийг төлөвлөгөөндөө тусган авав.
Уулзалтыг Марьемоны цэцэрлэгт хүрээлэнгийн алдарт Амида Буддагийн
баримлын өмнө дурсгалын зургаа татуулан, Музейн хамт олны урилгаар
үдийн зоог барьснаар өндөрлөв.
Энэ уулзалт нь олон талын үр бүтээлтэй цаашдын сайн сайхан хамтын
ажиллагааны эхлэлийг тавьсан мэт сэтгэгдэл үлдээж чадлаа.