Монголын сүүлчийн хааны ордны зураач
МАРЗАН ШАРАВ

(1869-1939)



ОТГО Э.Отгонбаяр © 2021-12-27 Берлин хот.

Балдуугийн Шарав буюу олондоо Марзан Шарав нэрээр алдаршсан Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач, соён гэгээрүүлэгч энэ эрхэм 1869 оны өвөл тэр үеийн Засагт хан аймаг, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Цагаан давааны өвөлжөө гэдэг газар энгийн нэгэн малчин эмэгтэй Норжингийн гэрт мэндэлжээ. Түүний эцэг нь тодорхойгүй байсан тул ээжийнхээ аав өвөг эцэг Балдуугаар овоглуулсан байна.

Ээж нь түүнийг бага насанд нь эрдэм номтой лам болгохоор нагац ах Гүний Жамцанд (1826-1901) шавь оруулсан нь чухам хувь ерөөл болж лам багш нь барималч, лавчин, сийлбэрч, бурхан урладаг хүн байсан тул угаасаа лам болох дур хүсэлгүй хүүгийн хувьд зураач болох урлагийн гараа нь ингэж эхэлсэн учиртай.

Шарав бодит амьдрал дээр алиа марзан гэхээсээ илүү тун хөдөлмөрч, зожигдуу зантай хүн байсан ба эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан түүхгүй байсаар насан туршдаа ганц бие амьдралыг туулж өндөр наслан, өвгөн буурал болж дал гаруй насандаа гучаад оны хэлмэгдэлд өртөн байцаалт шүүлт яргалалтыг амсан, зовж зүдэрсээр ертөнцийн мөнх бусыг үзсэн эмэгнэлт хувь заяатай агуу их уран бүтээлч хүн юм. Өөрийн гэсэн үр хүүхэд үгүй, хувийн амьдралынх нь талаар мэдээлэл тун ховор байдаг ч түүний хойч үедээ үлдээсэн гайхамшигт уран бүтээлүүд нь Марзан Шаравыг хэзээч мартагдахааргүй од мэт гялалзуулан мөнх оршоож байна. 

Манжийн үед идэр залуу байсан Шарав феодал ноёд, лам нарын хуурмаг, шуналтай, буруу булхай явдлыг ажиглан мэдэрч, тэдний үнэн дүр төрхийг тэвчилгүй шог зургаар шүүмжлэн илэрхийлдгээс үүдэн хавчигдан гадуурхагдаж улмаар багштайгаа ч таарч тохирохоо байн нутаг усандаа тогтох боломжгүй болсноор замын нүүдэлчдийг даган жин тээж, мал туун явсаар 22 насандаа Их хүрээнд иржээ.

Олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийн тэргүүн наймдугаар Богд Хаан Жавзундамба (1869-1924) залуу зураач Шаравын авяас билгийн талаар үлгэр домог мэт яриаг хэдийнээ Засагт хан Содномравдан (1867-1912) мөн тэр үед Монгол нутгаар аялж явсан Оросын эрдэмтэн Г.Н. Потанин (1835-1920) нараас сонссон, зарим нэгэн уран бүтээлийг нь өглөг барьцанд аваад өөрөө түүнийг бишрэн явсан цаг байжээ. Богд хаан түүнтэй нас чацуу нэг үеийн хүн тул шинэчлэгч өөрчлөх үзлийг нь дэмжин, авьяас билгийг нь бишрэн сайшааж улмаар уран бүтээлээ хийх бүхий л боломжоор хангаж хааны ордны зураач болгосон байна.

Оросын II Николай (1868–1918) хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу өвлийн ордноо бариулах ажил эхлүүлсэн Богд хаан шинээр баригдах энэхүү өргөөндөө зориулж Шаравт том хэмжээтэй бүтээлүүдийн захиалга өгчээ. Ордны тэргүүн зураач, ордны бүх уран бүтээлчдийн даамал болсон тэрээр залуу урчуудыг цуглуулан шалгаруулж, хэлэлцэн тохирсноор тэд Монгол орны өнцөг булан руу таран бадарчилж, аян замдаа үзэж харсан зүйлсээ тэмдэглэн зурж ирэхээр тогтжээ. Энэ аялалуудын тэмдэглэлийг их мастер Б.Шарав өөрөө эмхтгэж "Зун", "Намар", "Богд хааны зуны ордон", "Богд хааны өвлийн ордон" цуврал бүтээлүүдээ туурвисан нь тэр цагаас одоог хүртэл "Монголын нэг өдөр" гэдгээр ард түмний дунд нэрлэгдэж алдаршсан билээ.

"Монголын нэг өдөр" зургуудыг сэдвийн хувьд хөдөө нутгийн уламжлалт амьдрал болон суурин соёлын шинэ амьдрал, шашин шүтлэгтэй холбоотой зан үйл болон нүүдэлчин соёл, энгийн хүмүүний амьдралын өдөр тутмын үйл явдал гэдгээр нь хуваан авч үзэж болно. Богд хааны зун, өвлийн ордон түүний эргэн тойрон болж байгаа үйл явдлаар их хүрээний амьдралыг ёстой л дотор нь орсон мэт харж болно. "Зун", "Намар" зургуудаас улирлын чанартай ээлжлэн давтагддаг зан үйлийн ажлуудыг голчлон харуулахыг зорьжээ. Дэлгэр сайхан дулаан цаг үед хатуу хүйтэн өвөл, хахир хаврын улирлуудад бэлдэж, мал сүргээ тарга хүч авахуулах, нутаг бэлчээрээ сонгох, хадлан тариалан түлээ түлш бэлдэх нүсэр их ажил өрнөнө. Энэ зургуудыг үзэж байхад аргалын утаа үнэртэж, хүмүүсийн яриа хөөрөө дуу чимээ тэр ч бүү хэл живэр авир гэх шивнээ яриа нь хүртэл сонсогдмоор өөрийн эрхгүй үйл явдалд биеэрээ очиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гайхмаар амьтай сүнслэг бүтээлүүд юм. Зураг үзэж байгаа боловч кино үзэж байгаа мэт мэдрэмж төрмой.
 
"Бэр буулгах ёс, "Ураг холбох ёс, "Бүсгүйг богтлох ёс, "Эсгий хийх ёс", "Уул овоо тахих ёс", "Оршуулгын зан үйл", "Бөө мөргөл", "Ан ав хийх ёс", "Мал тамгалах ёс", "Цагаан идээ бэлтгэх ёс", "Ингэн тэмээ саах", "Үлгэр тууль хайлах ёс", "Сур элдэх ёс", "Гүүний үрс гаргах ёс", "Мал хөнгөлөх ёс", "Ноос савах ёс", "Тэмээ зогдорлох", "Эх барих ёс", "Эмнэг сургах ёс", "Хонь гаргах ёс", "Гэр барих ёс", "Есөн цацал өргөх ёс", "Ноёд түшмэдийг үдэх ёс", "Мандал шива өргөх ёс" гэх мэтчилэн тусгай уламжлалт дүрэм журмын дагуу үйлддэг ёс заншлууд болон энгийн амьдралд тохиолддог үйл явдлууд болох "Гал түймрийн аюул", "Самар түүх", "Усанд сэлэх", "Аргал түлээ түүх", "Оторт гарах", "Хадлан хадах", "Өлзийхүү босгох", "Мод бэлдэх", "Угаалга цэвэрлэгээ үйлдэх", "Бух мөргөлдөх", "Сал тавьж ус гатлах", "Заан хариулах", "Буга гөрөөс тэжээх оролдлого", "Шувуу тэжээх", "Ямаан тэрэг туух", "Худалдаа наймаа эрхлэх", "Наадам цэнгээн", "Найрын дуучид", "Согтуурхаж хөлчүүрхсэн хүнийг эсгийнд боож шийтгэхүй", "Сун тусах", "Нанжилдаан", "Хөгжим тоглох", "Үүлэн борооны ажил", "Айргийн баяр", "Бадарчилах", "Бандидах", "Балин тавих", "Хов явган яриа", "Араар тавих", "Хардалт", "Болзоо", "Согтуу хөлчүү явдал", "Хурдан морины уяа", "Торгон цэрэг", "Морь, морин тэрэг, дугуйгаар авж байгаа хүмүүс" гэх мэт маш олон үйл явцыг олж харан шинжилж болно.

Тэр цагт энэ бүтээлүүд Богд Хааны сэтгэлд ихээхэн таалагдаж, түүнд "Марзан Шарав" хэмээх хоч хайрлажээ. Хүмүүс "Монголын нэг өдөр" хэмээх ганц л бүтээл байдаг гэсэн буруу ойлголттой байдаг ба анхнаасаа энэ бүтээл "Монголын нэг өдөр" нэртэй байгаагүйг энд онцлон тэмдэглэж хэлэх ёстой болов уу.

Шүтээн зургийн арга барилаар төрсөн "Ногоон дарь эх" бүтээл нь барууны хөрөг зураг зурах арга барилын нөлөөг тусгасан өөрийн онцлогтой бөгөөд улмаар Богд хаан Жавзундамба хутагт, улсын эх хатан Дондогдулам нарын хөргийг энэхүү донжоор бүтээгдсэн нь одоогоор Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Богд хааны зураач байсан тэрээр ардын хувьсгалд оролцож шинэ төрийг байгуулахад өөрийн эрдэм оюун, авьяас билгээ зориулсан юм. Барлах хэвлэх ухааныг сайтар эзэмшсэн тэрээр Монгол Улсын Хэвлэх Үйлдвэрийг үүсгэн байгуулалцаж 1921 онд "Уриа" сонины тэргүүн дугаарын чимэг, зургийг хийсэн. Улмаар Ардын хувьсгалын удирдагч, төрийг үүсгэн байгуулагч, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын (1893-1923) захиалга даалгавараар Октябрийн хувьсгалын удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн Владимир Ильич Лениний (1870-1924) хөргийг илүү чөлөөт сэтгэлгээтэй боловч уламжлал шүтээн зургийн өнгө аяс, бэлэгдэл утга зохиомж тэгийг шингээж зурсан. Гэрэл зургаас эх авч зурсан түүхэн баримтат энэ бүтээлийн зохиомж нь дэлхийн бөмбөрцгийн өмнө орших Ленин багш, гүн хөх тэнгэрийн суурь өнгө, бадамлянхуа цэцгийн дэвсгэр мөн баруун зүүн талд орших бэлэг тэмдгийн шинж мэт хоёр улаан тугийг үзэхэд бурханы зураг санагдмой.

Б.Шарав "В.И.ЛЕНИНИЙ ХӨРӨГ" 1922 он. Даавуу, шороон будаг.  98 см x 152 см
Б.Шарав "В.И.ЛЕНИНИЙ ХӨРӨГ" 1922 он. Даавуу, шороон будаг.  98 см x 152 см

Энэ бүтээлийн талаар хожим нь 1968 онд найруулагч Д.Жигжидийн (1919-1989) хийсэн "Өглөө" кинонд түүхэн баримтанд тулгуурлан гардгийг бид мэднэ. 1922 онд шороон будгаар бүтээсэн өдгөө Монголын уран зургийн галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт өв болон хадгалагдах энэхүү "В.И.Лениний хөрөг" хэмээх зураг нь монголын орчин үеийн хамгийн анхны бидний хэлж заншсанаар "уран зураг" болой. 1950-1960 аад оноос эхтэй "Монгол зураг" болон "Уран зураг" хэмээн оноосон буруу нэр томьёонууд уран бүтээлч төдийгүй энгийн хүмүүсийн ойлголтонд тэр чигээрээ хоногшиж "Монгол зураг" нэр томьёонд зөвхөн уламжлалт хэлбэрийн арга барилаар усан болон шороон будгаар зурагдсан бүтээлүүдийг, харин "Уран зураг" гэх нэр томьёонд тосон будгаар зурагдсан уламжлалт болон чөлөөт хэлбэрийн уран бүтээлийг хамааруулан үздэг хуучинсаг буруу ойлголтоосоо одоо салж "зураг" эсвэл "урлаг" гэдгээр нь хандан ямар нэгэн зүйлд баригдахгүй хамааралгүй байдлаар ойлгох ёстой болжээ! Эндээс асуулт ургаж байна. Монгол зураг уран биш үү? Уран зураг монгол биш үү? Монголын уран бүтээлчдийг төлөөлж ихэнх уран бүтээлчдийг гишүүнчлэн авсан албан ёсны мэргэжлийн байгууллага болох Монголын Урчуудын Эвлэл (МУЭ) энэ тал дээр хойшид анхаарвал зохилтой!

Б.Шарав зураг зурах болсон цагаасаа эхлэн XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн монгол ахуй, ёс заншил, угсаатан зүй, зан үйл, аж ахуйн дүр төрхийг бодит байдлаар амьдралд ойрхон хүүрнэх хэлбэрээр дүрслэхийг чухалчлан үзэж бүтээлээ туурвидаг байснаараа түүхийн бодит үнэнийг одоо цагт баримтчуулж соёлын үнэ цэнэтэй өвийг Монголын урлагт үлдээснээрээ онцлогтой. Түүний бүтээлийг урлаг судлалын талаас нь авч үзэхээс гадна түүх, угсаатан зүй болон шинжлэх ухааны түвшинд судлахад бүрэн боломжтой.

Б.Шарав нь ардын засаг ялахын өмнөх үеүдэд зарим нэг бусармаг байдалт ноёдыг элэглэн шүүмжилсэн олон арван хошин зургуудыг зурж түүнчлэн ардын хувьсгалын үед туг дарцаг, суртал ухуулгын зорилгоор "зураасан зураг", "модон бар", "төмөр бар" болон "чулуун бар"-н аргаар хийсэн хошин шог цуврал бүтээлүүд, сонин болон номын зургуудыг туурвижээ. Монгол Улсын Хэвлэх Үйлдвэрийг үүсгэн байгуулалцаж ерөнхий зураачаар 20 гаруй жил ажиллаж байх үедээ төрийн онцгой хамгаалалтанд байдаг өндөр нууцлалтай албан бичиг баримт, Улсын банкны баталгаат бичиг, мөнгөн тэмдэгтийн загварыг гаргах хариуцлагатай ажилд оролцож мөн түүнчлэн "Элдэв-Очир" нэртэй Монгол Улсын шуудангийн анхны маркийг урласан нь 1924 оны 7 дугаар сарын 1-нд хэрэглээнд гарсан байна.

Б.Шарав монгол зураг, шүтээн зураг буюу бурханы зургаар нарийн мэргэшин их мастер болох тэр цагт шашин шүтлэгээс гадуур нүүдэлчин соёл, энгийн хүмүүний өдөр тутмын амьдрал, аж байдлын талаар уран бүтээлдээ тусгадаг байсан нь тэр үедээ маш шинэлэг, анхдагч, сонин содон үйл явдал байжээ. Учир нь тэр үеийн монголчуудын дүрслэх урлагийг шашин шүтлэгээс салгаж авч үзэх боломжгүй байсан юм.

Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг дурдвал, уран зургийн уламжлалт арга техникийн мөн чанарыг алдагдуулахгүйгээр шинэчлэлт хийж, дүрслэх урлагийг шашин шүтлэгээс нь салган орчин үеийн чөлөөт сэтгэлгээнд оруулах анхны алхамыг хэрэгжүүлж, бусдын урлаг соёл тэр тусмаа тухайн үед дэлхий дахинд нөлөөтөй хөгжиж байсан барууны урлагийг шууд даган дуурайлгүй,  язгуур соёлоо хадгалан орчин үеийн урлагийг бүтээх боломжтой гэдгийг харуулж чадсан уран бүтээлч бол яах аргагүй Б. Шарав юм.

Орчин цагийн хөрөг зурах монгол уламжлалыг үүсгэж, хоёр хэмжээст хавтгай монгол зургийг гурван хэмжээст рүү оруулах эхлэлийг тавьсан. Зургандаа хүн, амьтан, уул ус зэргийг биетэй мэт харагдуулахын тулд гэрэл сүүдэр оруулан зурах, өнгөний тодрох болон бууралтыг зохицолдуулах, мөн өнгөний дагнаас зэрэг тухайн үед монгол зурганд төдийлөн хэрэглэгдэж байгаагүй шинэлэг аргаар уран бүтээлээ туурвидаг байв. Хавтгай дүрслэлт нэг өнгийн будалттай шаглаа маягаар зурдаг уламжлалыг эвдэж чөлөөт өнгөний сонголт, манаргасан, хөнгөн, уусгалттай хөдөлгөөнт зохиомж, шувууны алслалт буюу дээрээс нь харж байгаа юм шигээр олон арван өгүүлэмжийг нэгэн талбайд оруулан хуучны шүтээн зураг, бурханы зургийн тэгээс хамааралгүй алслалт зохиомж авалтуудыг бүтээлдээ оруулж өгснөөр орчин үеийн монголын дүрслэх урлагийн хөгжилд дэвшилттэй хувь нэмэр болсон юм. Энэ утгаараа Б.Шаравын бүтээлүүд Монгол Улсын хосгүй үнэт бүтээлүүдэд бүртгэгдэж соёлын өвийн тусгай хяналт, хамгаалтанд орж олны хүртээл болж байна.

Үе үеийн залуу уран бүтээлчид Шаравын бүтээлийг хуулан зурж монгол зурагтай танилцаж суралцахаас гадна тэр бүтээлүүдээ гадна дотны жуулчдад зарж уран бүтээлийнхээ цаашдын замналд хэрэг болох анхны санхүүжилт, будаг материалын зардал цаашлаад суралцах төлбөрөө зургийн ажлаараа олох гараагаа эхэлдэг. Монголын урлагт хамгийн их хуулбарлагдан борлуулагддаг зургууд бол Марзан Шаравын "Монголын нэг өдөр" бүтээл юм. Ардчиллын эхэн үеийн хүнд хэцүү үе болох 1990-д оноос олон арван уран бүтээлчид дээрх бүтээлийг хуулбарлан борлуулж амьжиргааныхаа чухал хэрэгслээ болгож байсныг дурсахад Б.Шарав бол яахын аргагүй булган сүүлтэй буянтай уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Гадаадаас Монголд айлчлан ирсэн зочид "Монголын нэг өдөр" гэх гайхамшигт бүтээлийн ямар нэгэн хэсгээс үзээгүй буцдаг хүн ховор байдаг. Том жижиг, сайн муу хувилбараас нь өөрийн үзэмжээр худалдан авч дэлхийн олон оронд очоогүй орон зай гэж байхгүй буй за. Марзан Шаравын бүтээлүүдийн хуулбар зургууд дэлхийн хичнээн оронд хичнээн айлын гэрийн хананд Монгол улсын тухай дурсах ярианы сэдэв болон явааг хэн ч таан хэлшгүй билээ.



Зохиогчийн үг

Эрхэм уншигчид, урлаг судлаачид дор дороо дүгнэн хэлэлцэж, архив судалгааны баримтаас тодорхой мэдээллүүд авч миний нийтлэлийг харьцуулан шүүн тунгааж болох тул хэт их шинжлэх ухаанд автсан зөвхөн мэргэжлийн хүмүүст зориулсан мэт ойлгох ойлгогдохгүй гадаад үг хэллэг, олон арван ишлэл, ном зүй тавихаас татгалзсан билээ.

Манайхны зарим хүмүүс бусдын хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэх, амны зоргоор дэгдсэн цуу ярианд итгэх, дураараа таамаглах зэрэг сул талтай. Зураач Б.Шаравын бүтээлийг өөрийн гарын үсэг байдаггүй гэдгээр нь далимдуулан үгүйсгэх өөр уран бүтээлчдэд хамруулан үзэх гэсэн оролдлогууд маш олон байдаг. Архивд сууж үзээгүй, гурван ном дуустал нь уншаагүй хүний үгээр үг хийж явдаг ийм хүмүүстэй олон удаа таарч явлаа. Түүх бол баримт, болоод өнгөрсөн бодит түүхээ үгүйсгэж болохгүй! Монголын урлагийн түүхэнд томоохон гаялалзах одуудыг бид энэ цаг үедээ хүлээн зөвшөөрч магтан дуулж, олон улсын урлаг судлалд энэ тал дээр анхаарал хандуулах боломжуудыг хайн, хүн бүр өөрийн чадах бүхнээр хувь нэмэр оруулж чадвал бид энэ даяарчиллын эрин үед өөрийн мөн чанар, соёлоо хадгалан авч үлдэнэ.

Арав гаруй жилийн хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнг эмхэтгэсэн энэхүү нийтлэлийг их мастер Марзан хочит Б.Шаравын мэндэлсний 152 жилийн ойн өдөр буюу 2021 оны 12 сарын 27 нд Берлин хотод байрлах өөрийн урлан галерейдаа бичиж,  2022 оны 1 сарын 6, энэ өдөр "Өнөөдөр" сонинд нийтлүүлэн уншигч олны хүртээл болгож буйдаа талархмой.

Зураач, урлаг судлаач, куратор ОТГО Э.Отгонбаяр



Зохиогчийн зөвшөөрөлгүй хувилан олшруулах, хэсэгчлэн болон бүхлээр нь нийтлэхийг хориглоно.
Зохиогчийн эрх баталгаажсан. © 2021-2022 ОТГО Э.Отгонбаяр www.mongolian-art.de



МАРЗАН ШАРАВ Өнөөдөр сонин 2022 оны 1 сарын 6
Өнөөдөр сонин 2022 оны 1 сарын 6









"Монголын нэг өдөр: Зун" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см
"Монголын нэг өдөр: Зун" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см




"Монголын нэг өдөр: Намар" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см
"Монголын нэг өдөр: Намар" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см




"Монголын нэг өдөр: Богд хааны зуны ордон" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см
"Монголын нэг өдөр: Богд хааны зуны ордон" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см




"Монголын нэг өдөр: Богд хааны өвлийн ордон" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см
"Монголын нэг өдөр: Богд хааны өвлийн ордон" 1905-1913 он. Даавуу, шороон будаг.  138 см x 177 см










 




Marzan Sharav
МАРЗАН ШАРАВ







"..Зургийн зохиомжийг их зохиолч Д.Нацагдоржийн (1906-1937) "Миний нутаг" хэмээх алдарт найраглалтай адилтган үзвээс зохино. Энэхүү зургийн дээрээс доош, зүүнээс баруун тийш дүрслэлүүдийг тогтон ажиглаж, бүхэлд нь "уншваас" ёстой л:

"Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон"


хэмээх уран тансаг яруу найргийн бадаг хэллэг сэтгэлд харван орж ирнэ. Профессор А.Цанжид: энэхүү шүлгийн эхний таван бадагт Монгол нутгийг багтаан дүрсэлсэн байна... цаашхи бадгуудад ан агнах, морь уралдах, рашаан ус уух, нүүх, мал бэлчээх, таван зүйлийн тариа тарих, сайн эрс байц хаданд үүрлэх, овоо тахих, үр хүүхэд өсөн үржих, өвгөд дээдсийг нутаглуулах, дөрвөн цаг ээлжлэх гэх мэт олон үйл явдлыг дурдсан нь өөрийн эрхгүй Б.Шаравын "Нэгэн өдрийн явдал" зураг санагдана. Монголын их туульсын багтаамж цараа ч ийм юм. (А.Цанжид 2005. 107) гэжээ.."

Л.Батчулуун
(Марзан Шаравын туурвилзүй. 2009.96-97)



"..Эртний хадны зураг дүрслэл тэр аяараа түүх, аж байдал, домог зүй, гүн ухааны нийлэг тусгал мөнөөх ярьдаггүй хэл, бичиг юм. Чухам эндээс л Марзан Шаравын бүтээлийн эх дүр, элэнц хуланцын өв уламжлал тодорно.."

Л.Батчулуун
(Марзан Шаравын туурвилзүй. 2009.11)






"Уриа" сонины тэргүүн дугаарын нүүрийн чимэг зураг 1921-07-19
"Уриа" сонины тэргүүн дугаарын нүүрийн чимэг зураг 1921-07-19








"..Үрс гарч байгаа нь хэмээх бүтээл нь Балдуугийн Шаравын XX зууны эхэн үед зурсан “Намар-Зун” хэмээх цуврал зургийн нэг “Зун” хэмээх бүтээл бөгөөд бүтээгдсэнээс хойш “Үрс гарч байгаа нь”, “Айрагийн баяр”, “Гүүний үрс гаралт” зэрэг нэрээр нэрлэгдэж ирсэн байна.
Бүтээлд Монголын хөдөө нутгийн нэгэн малчин айлын зун цагийн ажил үйлс хийгээд, амьдралын үйл явдлыг өргөн дэлгэр хамран харуулжээ. Б.Шарав тус бүтээлдээ малчин хүний дүр, нүүдлийн аж ахуйтны хөдөлмөрийн өвөрмөц онцлогийг цомнож үзүүлсний томоохон нь “Гүүний үрс гаргах ёсон” билээ, эртний домог зүйн улбаатай, жавхлант сүргийн сүр жавхааг уран дүрслэлээр үзүүлсэн төдийгүй түмний аж амьдралыг яруу тод дүрслэн харуулснаараа онцлог юм.

Бүтээлд XX зууны ард түмний аж амьдралыг дүрслээд, айраг архад ууж, дуу хуур үүсгэн наргиж, наадаж байгаа язгууртан дээдэс, баяд, ноёд, лам нарын дүр, дүрслэлийг гүү мал сааж, ноос савж, аргал түлээ түүж буй малчин ардын дүртэй харьцуулан харуулсан нь бие биеэ тодотгосон эерэг, сөрөг дүрийг арга билгийн гүн утга санааг илэрхийлжээ. Эдгээр бүх дүрийг далд ёгт утга агуулсан хошин дүрээр илэрхийлсэн байна.."

Эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал 2019-08-27 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хот












Монгол Улсын Шуудангийн анхны марк
Монгол Улсын Шуудангийн анхны марк














Монголын сүүлчийн хааны ордны зураач МАРЗАН ШАРАВ Өнөөдөр сонин 2022 оны 1 сарын 6 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Өнөөдөр сонин "Монголын нэг өдөр" зургийн өмнө
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
2022 оны 1 сарын 6

Монголын Урлаг