Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе Info: Хамаг Монгол Хамаг Монгол нь 12-р зууны үед Боржигин овог аймгуудыг нэгтгэсэн Онон мөрний эх хавьд нутагладаг монгол аймаг байжээ. 1130-аад, 1140-өөд онуудад Хамаг Монголыг Хабул хаан захирч байсан. Хабул хаан Алтан улсын эсрэг удаа дараа амжилттай дайтсаны эцэст ашигтай найрамдлын гэрээ байгуулж өөрийгөө Хамаг Монголын хаан гэж хүлээн зөвшөөрүүлж байсан байна. Хабул хаан хэдий долоон хүүтэй байсан ч нас барсны дараагаар Амбагай хаанд хаан ширээгээ залгамжлуулсан байна. Амбагай хааныг Татар аймгийнхан барьж Алтан улсад хүргүүлэн модон илжигт тэлэн алж байжээ. Амбагайн дараа Хабул хааны хүү Хотала хаан суусан бөгөөд Амбагайн хүү Хадаан тайжийн хамтаар Татар аймагтай олон удаа дайтсан боловч амжилт олоогүй байна. Хотала хааны нас барсны дараа Хамаг Монголын ханлиг хаангүй болж урьдын хүчирхэг байдлаа алдсан байна. 1189 онд Хабул хааны гуч Чингис хаан Хамаг Монголын хан сууж улмаар тал нутгийн монгол, түрэг гарлын овог аймгуудыг нэгтгэн 1206 онд Их Монгол улсыг байгуулжээ. Хамаг Монгол нь Боржигин овгийн олон тооны дэд овгуудаас тогтож байсны дотор хамгийн хүчирхэг нь Хиад Боржигин ба Тайчууд нар байжээ. Хиад Боржигин нь Хабул хааны удам бол Тайчууд нь Сэнгүн билгийн хөвүүн Амбагай хааны удам болно. Аль аль нь Боржигин овгийн өвөг Боданчар мунхагийн дөч Хайдугийн үр удам болно. Хамаг Монголыг уг овгууд нь ээлжлэн захирч байсан ба Хотала хааны дараагаар Хиад Боржигины Есүхэй баатар удирдаж байсан бол түүнийн татаруудад хорлогдон нас барсны дараа Тайчуудын Таргудай Хирилтуг эрх мэдлийг эзлэн авч байжээ. 1189 онд Хамаг Монголын ханд Хиад Боржигины Тэмүжин өргөмжлөгдөхөд Тайчууд овог оролцоогүй болно. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |