Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас Info: Буддизм Буддизм нь МЭӨ 5-р зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашин болоод философи юм. Түүх Буддын шашин нь Ази тив түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна. Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд зэрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан даган бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна. Гаутама Будда Гаутама Будда буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн шашны багш ба буддизмийн үндэслэгч байв. Буддистууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг. Тэрээр Лүмбинид хаан эцэг Сахьяа овгийн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон эснэжээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг. Төвдийн Буддизм Төвдийн Буддизм нь Төвд болон Гималайн бүс (Балба, Бутан, Сикхим, Ладакх), Монгол Улс, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Манжид дэлгэрсэн Буддизмын нэгэн хэлбэр юм. Энэ нь дотроо буддизмын 3 яна болох Хинаяна, Махаяна, Важраяна нарыг багтаана. Урьд цагт Төвдийн Бурханы шашинд "ламаизм" хэмээх нэр томъёо хэрэглэж байсан нь номын багшийг (лам) дээдлэх Бурханы шашны ёсыг буруу ойлгосноос үүдэлтэй гэж үзэх болсон. Мөн уул шашныг дагагчид энэхүү нэр томъёог сөргөөр хүлээн авдаг тул эдүгээ хэрэглэхээ больсон. Түүх Төвдийн Бурханы шашны хамгийн анхны урсгал нингма-па, түүний дараа үүссэн урсгал гарма-па юм. Хожим нь сажа-па урсгал үүссэн бөгөөд Их Монголын Хубилай хааны үед монголчуудын дунд сажийн ёс дэлгэрч байв. Гэлүг-па урсгалыг 14-5-р зууны заагаар Бурханы шашны их шинэчлэгч Зонхава үндсэлжээ. Гэлүг-па урсгалыг мөн Шарын шашин гэж нэрлэх ба нөгөө гурван урсгалыг Улааны шашин гэж нэрлэж заншжээ. Төвдийн Бурханы шашны сургаалиар орчлонд там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэрийн орон хэмээх 6 орон байх агаад эдгээр нь бүгд зовлон гаслангаар дүүрэн. Сүнс орчлонд дахин дахин төрөхдөө эдгээр 6 орны аль нэгэнд оршиж, төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонг эдэлсээр байдаг. Нирваан бол орчлонгийн хүлээснээс ангижирсан бурханы төлөв байдал. Орчлонгоос ангижирч, нирваанд нөхцөн бурхан болох зам мөр бол гэгээрлийн зам мөр. Үүнд хүрэх зам болох орчлонгоос уйсах, бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарыг таних гурав нь Төвдийн Бурханы шашны гурван охь шим билээ. Түүнчлэн дан ганцаараа нирваан дүрийг олон бурхан болох бус, хамаг амьтныг дагуулан гэгээрэлд хүргэхийг сургадаг. Ийнхүү өөрөө гэгээрсэн боловч нирваанд нөхцөхгүй, хамаг амьтныг аврахыг зорьсон төрөлтөнг бодисад гэнэ. Бурханы шашинд орчлон ертөнц үйлийн үрээр бүрэлдэж тогтсон, цаашид хэрхэх нь хамаг амьтны үйлийн үрээр болно гэж сургадаг. Хүний үйлдсэн сайн муу аливаа үйлийн үр хэзээ нэгэн цагт заавал боловсорно. Нүгэлт муу үйлийн шалтгаан нисваанис гэдэг. Үүнд мунхаг, урин, шунал гэсэн гурван үндсэн нисваанис буй. Гэгээрлийн замд орохдоо бурхан, ном, хуврагийн чуулган лугаа аврал одуулж зургаан барамидыг гүйцээнэ. Лам Лам гэдэг нь Бурханы шашины сахил хүртсэн шавь хүний нэр. Төвд гаралтай үг бөгөөд Төвд хэлэнд Санскрит хэлний багшийг заадаг гүрү гэдэг үгийг шууд орчуулан авсан нэр юм. Санскрит хэлний гүрү гэдэг үгийн тайлбарт "эрдэм номын талаас хүнд буюу хүндтэй гэдэг талаас нь хуврага багш хүмүүсийг гүрү гэнэ" гэсэн байдаг. Төвд, Энэтхэгт лам гэвэл багш гэсэн утгатай байдаг бол Монгол хэлэнд бүх бурханы шашины шавь хуврага хүмүүсийг лам гэдэг. Ринбүчи Ринбүчи гэдэг нь эрдэнэ гэсэн утгатай Төвд үг. Бурханы шашины хувилгаан лам нарыг дуудахад хэрэглэдэг нэр бөгөөд эрдэнэ мэт ховорхон эрдэмтэй чадалтай хувилгаан хүн гэдэг үүднээс ийн эрдэнэ гэж дууддаг. Монгол хэлний дуудлагаас болж ренбүүчи гэх мэт өөр өөрөөр бичих ёс бий. Банчин ринбүчи, Бакүла ринбүчи, Жадо ринбүчи гэх мэтээр төвдийн хувилгаан лам нарыг дууддаг. Лүд Лүд гэж Буддизмын бага хэмжээний уншлагын ном юм. Ихэнхидээ нас барсан хүмүүс, тэдний ар гэрийнхэнд зориулж уншдаг бөгөөд догшидод ивээлдээ авахыг хүсэн гуйдаг байна. Лүд уншсаны дараа тухайн хүний аз жаргалыг зөгнөн гурван ерөөл уншина. Ерөөлийг унших үеэр тухайн хүний дээрээс үр тариа цацдаг. Мөн лүд гэдэг нь бурханы дүрийг олоход тусладаг. Жас Жас гэдэг нь сүм хийдийн аж ахуйн газар юм. Жас нь орон хүрээний дуган сүм, эд агуурс, мал хөрөнгийг хариуцна. Өөрөөр хэлбэл, хурал номын зардал, хэрэглэгдэхүүнийг нийлүүлдэг аж ахуйн алба юм. Жасын албыг жасын нярав, даамал нар эрхлэн явуулна. Жасын албанд зам (тогооч) бас хамаарагдана. Жас нь олон мал сүрэгтэй байсан бөгөөд түүнийг жасын сүрэгчнээр маллуулна. Жасын сүргийг жилд нэг тоолж, сүрэгчинд тусгай хөлс шан хүртээнэ. Алдаж осолдсон бол төлүүлнэ. Жасын сүрэг өглөгийн эздээс өргөсөн олны өмч болно. Хуучин цагт зарим жас ихэд баяжин, мөнгө хүүлж байжээ. Жасын эд хөрөнгийг дураар сүйтгэж үл болно. Чингэвэл хатуу цээрлүүлэн шийтгэнэ. 1930-аад онд сүм хийд лам нарыг үй олноор нь хоморголон устгах үед олон хүрээний жасын хөрөнгө хураагдаж, хамтрал коммуны хөрөнгө болж үрэгдсэн байна. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |