mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
055-0560.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Эрдэнэ-Зуу хийд
Эрдэнэ-Зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймагт Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд орсон Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.
1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, III Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.
Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний үед шарын шашны ёс горим төдийлөн нэвтрээгүй байсан учир хийдийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерөнхий хуваарилалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон үлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.
Энэ хийд 102 суврагаар хүрээлэгдсэн бөгөөд энэ зурган дээр 100 суврага нь наана, 2 нь цаана далдлагдсан байна. Уг нь 108 гэсэн тоо Буддын шашны хувьд ариун тоо, бөгөөд Буддын шашны эрхиний шүрний тоо бас 108 байдаг. Гэвч суврагын тоо нь энэ тоонд хүрч чадаагүй билээ.
1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ. Энэ хийдийг Иосиф Сталины шахалтаар устгасан гэлцэх нь бий. Нэг судлаачийн үзэж байгаагаар 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А. Воллес тэргүүтэй төлөөлөгчид Монголд богино хугацааны айлчлал хийсэнтэй энэхүү явдал холбоотой ажээ.
Эрдэнэ-Зууг зөвхөн музей хэлбэрээр үлдээсэн бөгөөд Монголд ажиллаж байсан цорын ганц хийд нь нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийд байлаа. Гэвч 1990 онд Монголд коммунизм нуран унасны дараа хийдийг лам нарт нь эргүүлж өгч, Эрдэнэ-Зуу ахин мөргөлийн газар болжээ. Өнөөдөр Эрдэнэ-Зуу нь Буддын шашны ажиллагаатай хийд болсны зэрэгцээ жуулчдад нээлттэй музейгээ ажиллуулсаар байна.
Хийдийн гадна байх нэгэн толгой дээр эр бэлгэ эрхтэн хэлбэртэй чулуу бий. Энэ чулуу нь лам нарын бэлгийн дур хүслийг дарж, санваараа сахихад нь тусалдаг гэлцдэг.


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас