Өнөөдөр сонин
2015 оны арванхоёрдугаар сарын 23
E.Otgonbayar: Manaihan ih ulsturjih yum Bas buruug hunees haidag
E.Otgonbayar: Manaihan ih ulsturjih yum Bas buruug hunees haidag

Монголын Урлаг

ДЭЛXИЙН МОНГОЛЧУУД 

Э.ОТГОНБАЯР:

Манайхан их улстөржих юм. Бас бурууг хүнээс хайдаг


Өнөөдөр сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэг
(Өнөөдөр сонин, 2015 оны арванхоёрдугаар сарын 23)


Зураач, урлаг судлаач, урлагийн менежер мэргэжилтэй, Берлинд эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч, уран бүтээлээ туурвидаг энэ залууг Э.Отгонбаяр гэдэг. Бие нь жижиг ч бэлчээр нь том гэсэн үг түүнд тун чиг тохирмоор санагдлаа. Европт төдийгүй дэлхийн том хотуудын нэг Берлинд хоёр галерей нээчихсэн, Монголын нэрийг олон улсад гаргаж яваа түүнийг би яах аргагүй "Монгол бахархал" гэж тодорхойллоо. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Германд 10 гаруй жил амьдрахдаа монгол зураач Э.Отгонбаяр юу олж, юу мэдэж, юу сурав гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
Би 25 настайдаа Герман орныг зорьсон. Юу хэлэх гээд байна гэхээр би Монголоороо сэтгэж, ярьдаг монгол хүн болчихоод гадаад руу явсан. Тэнд амьдраад 11 жил болж байна. Энэ хугацаанд би Германд их зүйл сурч, мэдэж, төлөвшсөн. Өөрөөр хэлбэл, дорно, өрнийн амьдрах ухаан, соёл, ёс заншлыг хоёуланг нь мэдэж, мэдэрч түүгээрээ дамжуулан ажиллаж, туурвиж байгаа нь миний давуу тал гэж боддог. Үүгээрээ би их бахархдаг.

- Зураач Э.Отгонбаяраас Ази, Европын үнэр зэрэг ханхална гэсэн үг байх нь?
Яг тийм. Хоёр тивийг холбож яваа, хөтөлгөө морьтой хүн гэж ойлгож болно. Нэг талаараа герман хүмүүсээс илүү сэтгэж чадна. Яагаад гэвэл би монгол ухаанаар харж чадна. Эсрэгээрээ, Монголдоо ирэхдээ арай илүү зүйлийг олж хардаг. Яагаад гэвэл европоор сэтгэж чаддаг.

- Нутгаасаа хөтөлгөө морьтой гарсан залуугийн хүлэг нь хэдэн мянга болж "өсөж, үржсэн" шүү дээ. Би таны "Туурайн төвөргөөн" зургийн талаар ярьж байна л даа. Миниатур буюу том талбайд олон жижиг зураг багтаан, бүхэл бүтэн нэг бүтээл болгосон жишээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд нэлээд эртнээс эхтэй. Марзан хэмээх Шарав гэж агуу бүтээлчийн "Монголын нэг өдөр" бол үүний хамгийн том жишээ. Тэгвэл та энэ урсгал арга барилаар олон мянган морийг нэг бүтээл болгосон. Түүгээрээ энэ онд олон улсын уран зургийн Биенналиас гран при авлаа. Ер нь орчин үед дүрслэх урлагийн ямар хэлбэр, төрөл илүү ажиглагдаж байна вэ?
Даяаршиж байгаа дэлхийн хувьд өнөө цагт урлаг ерөнхийдөө үндэстэн ястанд хамааралгүй болсон. Германы, Францын урлаг гэж ярих боломжгүй болжээ. Америкийн урлаг нь аль юм, харуудых нь тэгвэл ямар юм гэх мэт асуулт ургана. 19, 20-р зуунд асуудал өөр байж. Дэлхийн иргэн гэсэн ойлголт үгүй, тухайн улс үндэстэн нь өөрийн хил хязгаартаа л амьдарч ирсэн. Гэтэл өндөө цагт Токиод гэхэд л дэлхийн ихэнх үндэстэн амьдарч байх жишээтэй. Энэ утгаараа орчин үеийн урлаг улс, үндсэтнээс хамааралгүй өргөн цар хүрээтэй болсон байна. Орчин цагт Барууны улсууд сонгодог болон модерн урлагийг өөрийн болгоод авчихсан. Товчхондоо урлагийн менежмент, энэ талын шинжлэх ухааны давуу байдал гарт нь байгаа гэж болно. Одоо цагт Контемпорари арт гэж гарч ирлээ. Яг үнэндээ энэ бол ямар нэгэн урлагийн төрөл, урсгал биш. Харин нэн орчин үеийн урлаг гэж ойлгох ёстой. Энэ нь Монгол, Африк зэрэг урлаг, соёл, зан заншил нь "нуугдмал", Европт болон дэлхийд нэг их дэлгэрч танигдаагүй ард түмэнд өргөн их боломж гарч ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь африкчууд 2000 хэл соёлтой гэхээр тэр хэмжээний үндэстэн, овгийг нэгтгэсэн асар том урлагийн үүц, эртний соёл байгаа юм. Тэр бүхэн дэлхийн хэмжээнд танигдаж чадаагүй л байгаа шүү дээ. Нэгээхэн хэсэг нь ил гарсан. Тухайлбал, Пикассо гэхэд Африкт олж харсан зүйлээ дуурайлгаад, хэв маягийг нь гаргаад ирэхээр тэр нь урлагийн шинэ төрөл мэт болсон байх жишээтэй. Тэгэхээр үүнтэй адил Монгол маань ч өвөрмөц зүйл ихтэй. Гэхдээ манайх бас их харьцангуй. Ази хэрнээ нилээн европжуу соёлтой. Тэгсэн хэрнээ барууных гэж хэлэхээргүй, Ази төрхийг хадгалсан.

- Гэхдээ ийм байдал нь сүүлийн 100 орчим жилийн л түүх байх. Орчин үеийн монгол төрх юм уу даа. Түүнээс өмнө бол Монгол Монголоороо л байсан.
Миний бодлоор бол монголчууд их эртнээс Дорно, Өрнийг холбож ирсэн.Торгоны зам, бас нүүдэлчин амьдралын хэв маяг ч үүнд нөлөөтэй.

- Та түрүүн урлагийг аль нэг улс, үндэстэнд хамааруулахад хэцүү болсон гэлээ. Энэ бол дэлхийн урлагийн чиглэл байх. Тэр дундаас бид өөрийн өнгөөр ялгарахын тулд үндэстэн, угсаатныхаа соёлыг илүүд үзэх ёстой биз дээ.
Тэр мэдээж л дээ. Тиймээс л дэлхийд тэр бүр танигдаагүй байгаа өв соёл, урлагаас өөр өнгө аясыг дэлхийн тогоонд нэхэж, харж, хүлээж байдаг юм. Тиймэрхүү өвөрмөц аясыг орчин үеийн урлагт гаргаж, баяжуулах ёстой. Жишээ нь, би орчин үеийн шийдэлтэй хэрнээ Монголынхоо үнэрийг шингээсэн бүтээл хийхийг зорьдог. Та түрүүн "Туурайн төвөргөөн" зүргийн минь талаар асуусан. Орчин үеийн уран зургийн чиглэлээр зохион байгуулдаг хамгийн том наадам өнгөрсөн тавдугаар сард  Молдавын Кишиневт болж, 35 улсын 145 гаруй зураач 160 орчим бүтээлээ сойсноос миний "Туурайн төвөргөөн" тэргүүн байрт шалгарсан. Тэнд барагцаагаар гурваас дөрвөн мянган морь дүрсэлсэн байгаа. Ер нь 1998 оноос хойш хоёр сая орчим морь зурсан байх шүү. Миний зургуудыг алсаас харахад их абстракт. Нэг өнгө дагнасан мэт харагдавч ойртохоор нарийн чимхлүүр ажилбар орсон олон дүрс, зураг тодорно. Тэр дунд монгол ахуй зонхилдог. Энэ утгаараа нэг талаас барууныхан нь, нөгөө талаас зүүнийхэн ч бүтээлийг минь тааламжтай хардаг юм болов уу. Энэ бол миний давуу тал. Ер нь орчин үеийн урлагийн чиг хандлага ч ийм байгаа.

- Аливаа "изм" гэхгүйгээр өөрийн өвөрмөц чанаруудыг шингээгээд явахыг л орчин үеийн урлаг гээд байна даа.
Орчин үеийн урлагийн хөгжилд интернет, цахим орчин их нөлөөлж байна. Дэлхийн олон өнцөг буланд байгаа уран бүтээлчдийн санаа, оноо туурвилыг зэрэг харж байна. Тэгснээрээ хэрэгтэйг нь аваад, тусгаад явах боломжтой. Тэрнээс биш, би кубизм, реализмаар зурдаг гэвэл явцгүй болсон. Олон жилийн тэртээд мастерууд нь гарч ирээд өөрийгөө тунхаглачихсан, олонд танигдчихсан зүйлээр дагнаад явбал орчин үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй. Мэдээллийн эрин зуунд байгаа давуу талаа ашиглах ёстой гэж боддог. Өдгөө олон эрин цагийн урлагийн холимог үе явж байх шиг. Нэн орчин үеийн урлаг гэсэн ойлголт ч бий болсон. Ингэж байгаад дараагийн шат руугаа орох байх.

- Ер нь уралдаанд оролцох бүртээ Монгол Улсын зураач гэж явдаг уу?
Гадаадад амьдардаг нь хамаагүй шүү дээ. Ганц би ч биш, уран бүтээлчид олон улсын уралдаанд Монголынхоо нэрээр л явдаг. Олон жил гадаадад байсан гээд гарал угсаага орхино гэсэн үг биш. Би үсээ шараар будаад, баруун зүүнгүй германаар ярьснаар герман хүн болохгүй биз дээ. Харин ч хүний нутагт Монголоо илүү мэдэрч, санаж, бахархаж, монгол гэдгээрээ гоёдог юм.

- Та Германы урлагийн их сургуулийг урлагийн судлаач, менежер мэргэжлээр төгссөн. Мөн барууны том оронд урлаг, соёлын төв болон галерей нээсэн анхны монгол хүн. Тиймээс саяхан нээсэн Монголын урлагийн музейн зөвлөхөөр ажилласан юм уу. Монголд дэлхийн жишигт нийцсэн урлагийн галерэй, музей байгуулах суурь байхгүй гэж зарим хүн ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой вэ?
"Модун" группийн захирал Батбаяр "Монголын Урлагийн Музей" байгуулахдаа санал бодлоо хуваалцаач гэсний дагуу Монголдоо ирж, сар гаруй ажилласан. Ер нь манайд олон сайхан галерей, музей бий шүү дээ. Өдгөө илүү сайхныг байгуулах гэж энэ мэтээр оролцож, зүтгэж буй нь хамгийн чухал. Би их бахархаж байгаа. Эрэлхийлэл, оролдлого байснаар шинэ зүйл бий болгоно. Ингэхдээ өвөрмөц байдал, монгол ур ухаанаа тусгах хэрэгтэй болов уу. Туршлага бол явцын дунд хуримтлагдах зүйл шүү дээ. Би Германд урлагийн менежерээр сурах хугацаандаа соёлын төв, уран зургийн галерей, музей байгуулах зарчим, хууль эрх зүйн нөхцөл байдал нь ямар байх ёстой гэхчлэн мэргэжлийн түвшинд мэдэж дадлага хийсэн. 2010 онд сургуулиа төгсөөд "Зураг" галерейгаа байгуулсан. Соёлын төв байхаар төлөвлөж ажлаа эхэлсэн. Эхний гурван жил ёстой л ажилдаа дарагдсан. Тэр хэрээр их зүйл сурч мэдэж, мэргэжлийнхэнтэй хэрхэн харилцах, татвараа яж төлөх ёстой зэрэг асар их туршлага хуримтлуулсаан. Дэндүү өргөн хүрээ хамарсан, том бүтэц бий болчихсон учраас сүүлдээ ганцаараа дийлэхгүйд хүрсэн. Ер нь тийм цар хүрээтэй соёлын төвийг улс болон ЭСЯ-тай хамтарч хөдөлгөх ёстой юм билээ. Өөр нэг асуудал нь, миний бүтээлийг борлуулдаг менежерүүд маань "Отгоо чамаас уран бүтээл гарахгүй байна" гэсэн. Ингээд зөвхөн галерейн чиглэлээр явахаар шийдэж, нэрийг нь "Отго" гэж өөрчилсөн. Одоо Берлинд "Отго" арт галерей хоёр салбартай. Төв салбар маань томгүй. Урлангийн зохион байгуулалтаар босгосон, 45 орчим ам метр, хоёр давхар байранд урлан маань бий. Шинэ салбар маань зүүн Берлинд, 500 гаруй ам метр талбайтай том танхимд төвхнөөд байна. Том хэмжээний бүтээл туурвих зорилгоор түрээсэлсэн.

- Ийм том талбай түрээслэхэд эдийн засаг зузаан байх шаардлагатай. Та тийм баян хүн үү?
Өө, би их баян хүн. Баян гэдэг харьцангуй ойлголт шүү дээ. Юугаараа гэхээр суурь боловсрол, хүмүүжил минь Монголынх. Бас Барууны оронд боловсрол эзэмшсэн, дэлхийн урлагийн чиг хандлагаараа тэргүүлэгчдийн нэг Берлинд амьдардаг давуу тал байна. Харин халаасны нимгэн зузааны хувьд арай өөр асуудал. Берлинд амьдарсан 10 гаруй жилийн хугацаанд тодорхой түвшинд хүлээн зөвшөөрөгдөж чадсан учраас жил ирэх тусам эдийн засаг минь батжиж байдаг. "Зураг" галерей байгуулахаас эхлээд би хэнээс ч мөнгө гуйгаагүй өөрийн төсвөөр явж ирсэн. Хэн нэгнээс хараат байж олон даргын үгээр ажлаа заалгахыг хүсээгүй учраас тийм зам сонгосон. "Зураг" соёлын төв маань 20 орчим үзэсгэлэн, урлаг соёлын бусад арга хэмжээ 70 орчмыг зохион байгуулсан. Зөвхөн Монголынх бус, олон улсын хүрээнд шүү дээ. Энэ бол миний намтар.

- Монголдоо ирж, төвхнөх цаг хэзээ бол?
"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ" гэдэг дээ. Би Монголдоо ирнэ. Тун удахгүй гэж боддог. Өөр нэг гоё үг бий. "Амжиж чи алдрын тавцанд хүрвэл аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг" гэж. Нэг талаас өөрийгөө болгоод Германд явж байгаа ч нөгөө өнцгөөс нь харахад би эх орноо гадаадад таниулж, сурталчилж яваа. Над мэтийн уран бүтээлч гадаадад байх нь Монголд ашигтай байж мэднэ. Яагаад гэхээр Монголыг дэлхий сайн мэдэхгүй. Энэ утгаараа мнголчуудад их боломж байна. Тэр боломжийг би бүрэн мэдэрсэн хүн. Би анх Берлинийг зорихдоо хүмүүсээс мөнгө зээлж байж онгоцны тийзээ авч байлаа. Тэнд очоод сурахын зэрэгцээ зөөгчөөс авахуулаад янз бүрийн л ажил амжуулж, хөлөө олсон. Бэрхшээл, дахиад бэрхшээл гэж явсаар өөрийгөө олж, хүлээн зөвшөөрөгдсөн амаргүй даваа байсан. Энэ утгаараа өөртэйгөө адил хүмүүст жижиг ч гэсэн гарц зааж өгөхийг хүсч ирсэн. Монголд ирэхдээ ч зүгээр байдаггүй. Энэ удаа Швейцарийн мундаг урлаг судлаачийн хамт ирсэн. Монгол гэж ийм эрс тэс уур амьсгалтай, музей нь ийм гээд бодитоор харуулж, мэдрүүлэх зорилготой. Ингэснээр Монголд элэгтэй болж, сэтгэхүйд нь өөрчлөлт орно. Үүний дараа тэр хүн хүссэн хүссээгүй биднийг сурталчлах болно.

- Монголд ирэх бүртээ юу мэдэрч, хардаг вэ?
Сүүлийн үед манайхны харилцаанд үнэхээр дэвшил гарсан нь мэдрэгддэг. Уулзахаар цаг тохирчихоод ирэхгүй, таг болчих нь энүүхэнд байсан үе бий. Тэгвэл одоо аль болох цагаа барьж, хоцрохоор бол мессеж бичих зэргээр мэдээлдэг болжээ. Энэ бол харилцан хүндлэл. Өөр нэг зүйл гэвэл эдийн засгийн хямралтай энэ цаг үе биднийг ухаажуулж, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, тооцоотой, зөв зарцуулдаг болгож байх шиг. Ер нь аливаа зүйлийг эерэг талаас нь харж сурах хэрэгтэй юм байна. Өөр нэг зүйл гэвэл манайхан их улс төржих юм. Бас бурууг хүнээс хайдаг. Жишээ нь, миний эдийн засаг муу байгаа нь манай компанийн удирдлагаас болсон, эсвэл улс төрчдөөс хамааралтай гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ таны амьдрал таниас л шалтгаална. Харин улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл сайжирвал амьдрал тань дагаад улам сайжрах таатай нөхцөл бүрдэнэ. Тэрнээс биш огцом дээшилж, огцом унана гэж байхгүй. Бас нэг зүйл хөндчихмөөр байна аа. Монголд соёлын бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Дотоод бодлого нь байх шиг. Харин гадагшаа чиглэсэн бодлого алга.

- Бодлого гэснээс Германд зураачдыг дэмжиж, бүтээлийг нь борлуулах худалдаа хүртэл зохион байгуулдаг гэж сонссон?
Берлинд ойролцоогоор 20.000 уран бүтээлчид байна. 10 жилийн өмнөх статистикаар энэ тоо 5.000 байсан. Уран бүтээлчдийг дэмждэг бодлогын үр дүнд ингэж өссөн. Берлинийг амьжиргааны өртөг багатай хот гэдэг. Хоол хүнс үнэхээр боломжийн, бараг манайхаас ч хямд. Сонирхуулахад сүүлийн 10 жилийн хугацаанд сүүний үнэ ердөө таван центээр нэмэгдсэн байна. Уран бүтээлчдийн хувьд боломжууд их. Жишээ нь хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой байгаа хүмүүс татвараа төлдөг. Гэтэл хувь уран бүтээлчдэд тийм боломж байхгүй. Орлого нь 10.000-с бага байвал улс тэдэнд ажил олгогч маягтай байна. Даатгал энэ тэрнийх нь 50 хувийг улс төлчихдөг юм. Мөн орлог нь багасаад, төлөх татварых нь хэмжээ багасаад ирэхээр хорооных нь хүн ирж, судалж, санаа тавина. Түрээсээ төлж чадахгүй боллоо гэхэд орлого нь нэмэгдтэл тэр хүний өмнөөс төлөх жишээтэй. Тухайн хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд оруулахгүй гэсэн бодлого. Бас зурааач нар бүтээл хийх материалынхаа жагсаалтыг гаргаад, хэдэн төгрөг хэрэгтэй байгаагаа тооцоолоод хороондоо өгөх боломжтой. Эргүүлээд авсан материалынхаа баримтыг өгнө. Бага гэлтгүй энэ их дэм болдог юм. Мөн тэтгэмжийн сангуудтай холбож өгнө. Өөр нэг гоё дэмжлэг бий. Орлого багассан зураачийн урлангаар хотын захиргаанаас томилсон мэргэжилтэн, урлаг судлаач, шүүмжлэгч нар зочилдог. Зорилго нь тэр хүний уран бүтээлээс худалдан авч, орлого оруулна. Энэ мэт олон сайхан бодлого бий. Монголд маань ийм системийн суурийг тавиасай гэж хүсдэг. Яагаад гэхээр эдийн засгийн хямрал чөлөөт уран бүтээлчдэд хамгийн хүнд тусч байна.

- За даа, наадах чинь нилээн холын мөрөөдөл байх даа.
Мөрөөдөл биш ээ. Наанадаж татварын таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Том компаниуд дэргэдээ урлагийн сан байгуулаад, уран бүтээлчдийг дэмжвэл, эргүүлээд улс тэр газрыг татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөх нөхцөл байж болно шүү дээ. Монголчууд олимпийн аваргатай болоход спортод элэгтэй хүний дэмжлэг, бодлого их нөлөөлсөн. Салбараа мэддэг хүн шийдвэр гаргах түвшнийхэнд нөлөөлнө гэсэн үг. Ийм л энгийн зарчим юм.

- Хэрэгт дурласан сониуч зангаар асуух зүйл байна. Нөгөөх айхтар "Исламын улс" бүлэглэлийн уршгаар Европ тивд нэлээн үймээнтэй, байдал их түгшүүртэй байх шиг. Европын холбооны нэг гишүүн улсад амьдарч буй танд нөхцөл байдал хэр мэдрэгдэж, нөлөөлж байна вэ?
Айдас болгоомжлол хүн бүрт л байгаа. Гэхдээ Берлинд харьцангуй тайван л байна. Ер нь нийгэмд хэвлэл мэдээлэл маш чухал. Хэвлэлээс авсан мэдээллээр дамжуулан хүмүүс тухайн үйл явдлыг ойлгодог. Энэ утгаараа Барууны орнууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ ерөөсөө л Путиний эсрэг. Хэдийгээр хэвлэлийн эрх чөлөөтэй гэдэг ч тийм биш мэт санагддаг. Нэг юмыг байнга яриад, ухуулаад байхаар иргэдэд тийм л ойлголт бий болдог. Дүгнэлт хийх боломжгүй, хүн авсан мэдээлэлдээ л түшиглэнэ. Энэ утгаараа Сирийн дүрвэгсдийн талаар ташаа, түгшүүртэй мэдээлэл цацдаг. Бүгд муу биш шүү дээ. Тэдний дунд маш мундаг боловсролтой, эрдэмтэд ч бий. Нэг жишээ хэлье. Би Берлинд урлаг соёлын 70 гаруй арга хэмжээ зохион байгуулахдаа хэвлэлийнхэнтэй холбоо тогтоож, мэдээллээ түгээхийг хүссэн. Огт сонирхдоггүй юм. Хэвлэл мэдээллийнхний нэг дутагдалтай тал нь дуулиан, шуугиан хөөдөг явдал. Саяхан ВВС "Өнөөдрийн хамгийн чухал" гэж онцолсон нэг мэдээг сонслоо. "Америкт 17 хүний амь бүрэлгэлээ" гэж байна. Ийм хар мэдээ юу нь чухал гэж. Ийм зүйлээр бөмбөгдөөд байхаар хүн гутранги үзэлтэй болно. Гэгээтэй сайхан зүйл зөндөө л болж байгаа шүү дээ.

- "Тогоонд ортлоо өөрөө зүтгэ, ороод ирсэн хойно чинь бид дээш нь татья" гэсэн зарчим дэлхийн бизнесийн ертөнцөд байдаг гэсэн.
Угаасаа л алдаршсан хүмүүсийг л сурталчлаад байдаг. Тэр өндөрлөгт хүрч, алдаршихыг хүсч, үнэнхүү зүтгэж байгаа олон өнгөтэй уран бүтээлчдийг ер нь тоож хардаггүй юм.

 

otgo-art_facebook  www.facebook.com/OTGOArtist

Өнөөдөр сонин, 2015 оны арванхоёрдугаар сарын 23
http://mongolnews.mn/1riq 

Back