Монгол улсын төрийн сүлд
Монгол улсын төрийн далбаа
Цахиагийн Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол
улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын
Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард
Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казакстан улстай хил
залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казакстаны зүүн цэг нь
хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь
Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг.
Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай.
Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.
Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун
талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу,
Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн
салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан
буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг
ашигт малтмалтай.
Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид
ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ 3-р зууны үед Хүннү гүрний
төв болжээ. МЭ 4-с 10-р зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р
зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Төв азийг эрхшээлдээ
оруулжээ. 1234 онд түүнийг Өгөдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд
ач нь болох Хубилай хаан Юан гүрнийг Хятадад байгуулсан байна. Юан
гүрэн унасны дараа 14-р зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух
болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан
Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний
нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс
унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд
хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар
тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж
ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924
онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр
тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ.
1990-ээд оноос социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний
дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг
баталж, зах зээлийн эдийн засагтай болсон.
Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын
нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казакстаны
дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин,
эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн
Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун
талаараа Казак, Тува үндэстнүүд амьдардаг.
Эртний түүх
Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд
эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ.
Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар
удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад
аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан
байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр
хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун,
Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон
зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг
Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан
байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт
амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг
байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу
Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг.
Монголын эзэнт гүрэн
Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206
онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулж,
Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис
хааны залгамжлагчид 13-р зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний
түүхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас зүүн Европ хүртэлх
олон улсуудад ноёрхлоо тогтоож чаджээ. Монголын морьтон цэргийн хөл
хүрсэн газрууд нь баруун Европ, Пиренейн хойг, зүүн тийш Филлипиний
арлууд, Японы арлууд, хойд зүгт Камчаткын хойг байна. Нийт 40,000,000
км² илүү газар нутгийг эзэлж байв. Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын
зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монголын эзэнт гүрэн, Юан
улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.
Манж Чин Улсын дарлал
17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Өвөр
Монголыг эзэлж, 1691 онд Халхчууд дагаар орсон юм. Ингэснээр Зүүнгарын
хаант улсаас бусад нь Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. Манжийн
түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байсан Зүүн гарын хаант улс удалгүй
(1755 онд) хүчин мөхөсдөж Манжид эзлэгдсэн. Ийнхүү Халх Монголчууд хоёр
зуун жилийн турш Манж Чин Улсын эрхшээлд байсан юм.
Тусгаар тогтнол
20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд
Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911
оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав.
1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг
Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын
цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд
Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх
орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн
зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа
баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд
хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын
голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан
Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор
удирдуулсан Сибирийн, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс
бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол
улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч
Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
Социалист Монгол
Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны
хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн
хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ
үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон
өөрчлөлтийг хийсэн юм.
Ардчилсан хувьсгал
1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын
төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын
төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа
зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох
болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ.
1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн
өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны
Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх
баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн
бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт
сонгууль явуулах болжээ.
Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног
хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч
эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол
улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.
Төрийн байгуулалт
Монголын улс төрийн системийг парламентийн засаглалтай
ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулиар
захирагддаг. Үндсэн хууль нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, хүний
эрх, чөлөөтэй шашинаа шүтэх зэрэг эрхийг Монгол иргэдэд олгодог.
Монголын мэдээллийн салбар бол телевизийн сувагууд ба компаниудын
эзэмшилтэй сонин хэвлэлтэй. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь
чухал үүрэгтэй. 2004 оны 7 сарын 27 хүртэл хуучнаар коммунист Монгол
Ардын Хувьсгалт Нам нь зонхилох нам байжээ. Хамгийн чухал сөрөг хүчин
нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам юм.
1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг
ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996
онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн
засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр
боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал
хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл,
25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72 бусад(АН,
МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх
Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008
оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулж ард түмэн булхайтай
хэмээн үзэж, бослого гаргаж, энэ нь сүүлдээ үймээн самуун болж
хувирсан. Засгийн газар байгуулахад МАХН ба АН эвсэх болсон.
Ерөнхийлөгч
Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн
тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. Улсын Их
Хурлын сонгуулиас гадна тус улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд
сонгодог.
Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна.
Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл
ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хууль
Ерөнхийлөгч болоход 3 шаардлага тавьдаг.
Үүнд:
- Монголын иргэн ба Монголд төрсөн байх
- Доод тал нь 45 настай байх
- Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой.
Одоогийн Ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж юм.
Улсын Их Хурал
Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын даргаар удирдуулдаг. Одоо
мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 6 дүүрэг нь тус
бүрдээ олон мандаттай томсгосон тойргууд болно. УИХ-ын даргыг УИХ-ын
гишүүд дундаасаа сонгодог.
Өнөөгийн Улсын Их Хурал нь сонгууль маргаантай явагдсан шалтгаанаар 75
гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа.
Монгол Улсын Ерөнхий Сайд
Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс
Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас
томилогддог. Одоогийн Ерөнхий сайд нь 2007 оны 11 сарын 22-нд
сонгогдож, 2008 оны 9 сарын 11-нд улиран сонгогдсон Санжаагийн Баяр юм.
Засгийн газар
Засгийн газар нь 11 яам, 15 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад)
бүрдэнэ.
Гадаад харилцаа
Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон
орнуудтай найрсаг гадаад харилцаатай. Засгийн газар гадаад худалдаа,
хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.
Монгол улс Алматы, Анкара, Бангкок, Берлин, Бээжин, Брюссель, Будапешт,
Кайр, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Лондон, Москва,
Оттава, Парис, Прага, Пхеньян, Сөүл, Софи, Токио, Ханой, Сингапурт
элчин сайдын яамтай, Эрхүү, Улаан-Үдэд консултай. Нью-Йорк ба Женев
хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.
2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан АНУ-ын
анхны ерөнхийлөгч болсон. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын
ажиллагааны байгууллагыг Болгар улс толгойлж байх үед Монгол тус
байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.
Зэвсэгт хүчин
Монгол улс нь 2003 оны Ирак руух довтолгоог дэмжиж, тус тус 103-аас 180
цэргийг ар араас нь Ирак ба Афганистан улсууд руу явуулсан. Үүнээс
гадна Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг 200 цэрэг хамгаалж байгаа.
2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово
руу 40 цэрэг илгээжээ.
Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр батлагдсан.
Газарзүй, цаг уур
1,564,116 км² газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын
дараа дэлхийд 19-д орно. 20-д бичигдэх Перу орноос хамаагүй том юм.
Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа хүйтэн
ба уулархаг газартай. Монголын нилээд хэсгийг харьцангуй тэгш тал газар
эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтэн уул
бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс
нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв газар юм.
Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун
бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дундажууд -30°C-д хүрдэг. Хааяа уур
амьсгалын өөрчлөлт болох зудад нэрвэгддэг. Улаанбаатар хот нь дундаж
температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог.
Өндөр газарт оршдог, хүйтэн ба салхи ихтэй орон. Өвөл нь удаан
үргэлжилж маш хүйтэн бөгөөд зун нь богинохон ба энэ л үед ихэнх хур
тунадас нь унадаг. Улсад дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу
өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн
их (жилд дунджаар 20-35 см), өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар
10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд
ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.
Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах
хэмжээний ургамал байхгүй ч тэмээ бол амьдрах боломжтой. Говийн бэлчээр
нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж
жинхэнэ цөлний хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд,
тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.
Байгаль орчин
Байгалийн
бүс, бүслүүр:
Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр,
говь, цөлийн гэсэн өргөрөгийн 4 бүс, өндөр уулст ялангуяа ойт хээрийн
бүсийн уулст авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын
байгалийн бүс, бүслүүр, галаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн,
Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид
хуваадаг.
Газрын хөрс:
Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн
бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг
олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим
хувийг эзлэдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн
0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.
Ус агаар:
Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500
гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн
гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорхи усны 139 орд газар байна.
Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв
азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. Орхон бол
Монголын хамгийн том гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай
133000 км²). Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км²), хамгийн гүнзгий
нуур нь Хөвсгөл нуур (262.4 м)
Ургамал, амьтан:
Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг
4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй
төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн
оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан
хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч
газарт байхгүй ургамал бий.
Засаг захиргааны нэгж
Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг.
Аймаг нь дотроо сум, багуудад, хот нь дотроо дүүрэг, хороонд хуваагдана.
Эдийн засаг
Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг.
Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс,
молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес
үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг
(хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг.
Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль,
тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд
оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж
(2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том
хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна.
ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар
Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.
Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар
хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь
тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш бол
Хятад орон байна. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь
Хятад руу явсан ба Монголын нийт импортын бүтээгдэхүүний 29.8% нь
Хятадынх байлаа.
1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь
нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог
байна.
Аж үйлдвэр
ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай
тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай
(нүүрс, зэс, молибден, флорит, цагаантугалга, вольфрам, алт), газрын
тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, амьтны бүтээгдэхүүний боловсруулалт,
кашмир, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт
нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол
чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь
Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа
эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл
гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж
байна.
Шинжлэх ухаан, технологи
1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа
хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд
үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын
технологийн компаниуд Монголд салбараа нээж эхлэж байна. Мэдээлэл
харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр
интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн
өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх
нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй
харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг
Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.
Хүн ам зүй
2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам
тооллогын товчоо 2,951,786 гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д
тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000 хэмээн тооцож байгаа
(АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын
Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.
Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад маш өчүүхэн
юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монгол гаралтай хүмүүс эзлэх боловч
Казах, Тува, Тунгус үндэстнүүд бага хэмжээгээр бий. 2000 оны тооллогоор
Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна. Нийт хүн амын
59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ
харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа
орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.
Хүн амын 40% нь Буддизм-Ламаизм шашинтай (Төвдийн Буддизмтай
холбоотой), 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христосын
шашинтай, 4% нь лалын шашинтан.
Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод
амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч
байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин
байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа
байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь
нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай.
Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан
давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг.
Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, хойд хэсэгт
Дөрвөд, зүүн талд Дарьганга зэрэг эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах,
Тува, Уйгур) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Тунгус
үндэстнүүд, Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд
үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнх Оросууд Монголоос
гарчээ.
Хэл
Монгол улсын албан ёсны хэл нь Халх Монгол хэл бөгөөд энэ нь кирилл
үсгийг хэрэглэдэг. Нийт хүн амын 90% нь энэ хэлээр ярьдаг ба улс даяар
олон аялгатай. Баруун аймгуудад Казах ба Тува хэлнүүд бас яригддаг.
Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа орос
хэл орно. Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш
их байсантай холбоотой, харин 1990-ээд онос хойш англи хэл нь хамгийн
их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 30000, хараар 70000
гаруй Монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа тул Солонгос хэл нь
бас газар авч байна. Нөгөө хөршийн хэл болох Хятад хэлийг хүмүүс
сонирхох болж, залуучуудын дунд Япон хэл ч бас түгээмэл болжээ. Насанд
хүрсэн боловсорсон хүмүүсийн дунд социализмын үед суралцаж байсан
Герман, мөн бусад зүүн Европын хэлүүдийг мэдэх тохиолдол байдаг. Харин
одоо бол залуу Монголчууд нь баруун европод ажиллаж суралцах болсон тул
тэндэхийн хэлүүдийг төгс эзэмших болсон.
Монгол хэл нь Монгол хэлний язгуурын хэлнүүдийн нэг. Монгол хэлний
язгуур нь Алтайн хэлний язгуурт хамрагдах нь элбэг бөгөөд энд Түрэг,
Тунгус, бас заримдаа Солонгос ба Япон хэлнүүд багтдаг.
Шашин шүтлэг
Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шашин, мөнх тэнгэрийн шүтлэгийн
төрлүүд одоогийн Монгол улсын нутагт түгээмэл байжээ. Эдгээрийг аажмаар
Төвдийн Буддизм эзэмдсэн ч гэсэн бөөгийн мөргөл зэрэг нь Монголын шашны
соёлд өөрийн ул мөрөө үлдээжээ. Одоо ч гэсэн үйлдэгддэг бөө мөргөлийн
уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.
20-р зууны үеэр коммунист засгийн газар нь шашны уламжлалт ёслол,
үйлүүдийг зогсоож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн
Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдүүд ба лам нарыг
хэдэн мянгаар нь хороож байжээ.
1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж,
коммунизмын өмнө гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн
түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч
эхлэжээ.
Боловсрол
Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг
үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан
дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.
1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн
олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл
санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд
анхны бага сургууль (одоогын 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923
оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1
дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд монгол хэл бичиг,
тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс гадна
дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг
шинжлэх ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. 1 дүгээр дунд
сургуулийн анхны төгсөгчид болох 30 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман
улсад боловсрол эзэмшихээр явцгаасан юм. Тэд бол шинэ Монголын анхны
өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1
дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд
сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд
сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт
багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.
Бага, дунд боловсрол нь анх арван жил үргэлжилж байсан боловч 2008
оноос 12 жил болсон.
Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба
Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна.
1990-ээд оноос хойш хувийн дээд боловсрол олгох инстутууд эрчимтэйгээр
нэмэгдсэн боловч эдгээр сургуулиудын ихэнх нь "коллеж", "их сургууль"
гэсэн нэрдээ хүрэх чадвар алга байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа ба үүний
үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World
Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн
тоо) нь 2.25-1.87, хүн амын дундаж наслалт 67-68, Амьд төрсөн 1000
хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%-4%; таван наснаас дооших хүүхдийн
нас баралт 4.3% байна.
2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь
эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид
байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор
тус тус ноогдож байна.
Соёл
Наадам нь Монголд зуны улиралд гурван өдрийн турш болдог
хамгийн гол, том баяр юм. Энэ нь Манжийн дарлалаас гарч тусгаар
тогтнолоо зарласан өдөр буюу 7 сарын 11-нд болдог байна.
Барилга сууц
Монголын уламжлалт орон сууц нь гэр юм. Монголын уламжлалт
уран барилгын үндсийг Н. Чүлтэм гэр ба майхан байсан гэж үзжээ. 16-17-р
зууны хийдүүд нь анх гэр дотор үйл ажиллагаагаа явуулж, томосгох
шаардлагатай байсан бол гэрийн загвараар урладаг байжээ. Монголын уран
барилгыг гурав ангилдаг: Монгол, Төвд, Хятад, болон энэ гурвын холимог
загвар.
Дуу хөгжим
Монгол нь дуу хөгжмийн уламжлал ихтэй. Хөөмий, морин хуур,
бусад утсан хөгжмийн зэмсэг, богино ба уртын дуу зэрэг нь бүгд эртний
дуу хөгжмийн өвүүд юм.
20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын
өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн
зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, хип-хоп хөгжимийг
залуу дуучид тоглож байна.
Кино урлаг
Социализмын үед МАХН нь киног ашиглаж өөрийн үзэл,
санаануудыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын
ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-аад оноос ажилчин
ангийн баатруудын сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат
кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.
Ардчилал гарсны дараа кино урлаг тодорхой цаг хугацааны турш доройтсон
боловч сүүлийн үед сэргэж байна. Харин Япон-Монголын хамтарсан "Чингис
хаан" кино зэрэг гадаадын байгууллагын тусламжтайгаар кино бүтээх, мөн
Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчид
гарах болжээ. Бямбасүрэнгийн "Ингэний нулимс" кино нь 2005 онд Оскарын
шагналын гадаад баримтат кино төрөлд номинацилагдсан байна.
Сүүлийн үед "Ийм нэгэн дурлал", "Надтай гэрлээч" зэрэг залуучуудын
сэдэвтэй кинонууд гарч эхэлж байна.
Хоол
Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ
зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд
төрөл бүрийн сүү боловсруулж цагаан идээ хийдэг. 20-р зуунаас Европ
хүнсний ногоо монголчуудын хоол хүнсний чухал хэсэг болсон.
Спорт
Эрийн гурван наадам болох морины уралдаан, нум сумын
харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон
үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч
гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний
бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг
байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь
Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын
өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед ширээний теннис, сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортууд нь
дэлгэрч байгаа. Ширээний теннисээр олон улсын хэмжээнд монгол тамирчид
оролцоx болж байна.
Олон улсад
Монгол бөхчүүд Японы сүмо бөхөд маш амжилт гаргах болсон.
2003 онд Асашёорюү нь анхны Монгол ёкозүна (сүмогийн аварга) болсон ба
2007 онд Хакүхо хоёр дахь нь болжээ.
Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл
медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-н жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн үеэр
Монголын анхны алтан медалийг авчирсан.
Буудлагын төрөлд Монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон.
Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл
медальт (одоо Германы иргэн болсон), харин Отрядын Гүндэгмаа болон
Цогбадрахын Мөнхзул нь 25 метрийн гар буудлагын төрлөөр 2007 оны 5
сарын байдлаар тус тус дэлхийд 2, 3-т эрэмбэлэгджээ.
Боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байгаа. Бээжингийн
олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн
Сэрдамба мөнгөн медаль авсан. Бадар-Ууган нь мөн 2007 оны Дэлхийн
аваргаар мөнгөн медаль хүртжээ.
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав
алтан медаль авсан.
Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд
оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том
хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Back