Mongolian Musuem of Art

Монголын Урлаг

ҮНЭН СОНИН 2015 оны 10 сарын 29 

Э.ОТГОНБАЯР:

Монголд дэлхийн стандартад нийцсэн музей байгуулж байна


Сэтгүүлч Б.Сэлэнгэ

Монголын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдээс гадаадад анх удаа галерейгаа нээсэн зураач бол урлаг судлаач Э.Отгонбаяр юм. Германд амьдарч, ажиллаж буй түүнтэй бүтээн байгуулж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Эх орондоо ирээд удаагүй байгаа таниас сүүлийн үеийн сонин сайхнаас асууж яриагаа эхэлье?
-Би “Модун” группийн захирал Д.Батбаярын урилгаар ирсэн. Д.Батбаяр гуай олон жил урлагийн бүтээл цуглуулсан хүн. Түүний цуглуулсан бүтээлүүд он цагийн хувьд Хүрлийн үеэс орчин үеийн музейн хэмжээний бүтээл болохоор байна. Д.Батбаяр гуай цуглуулгаа “Энэ миний өмч биш. Монголын өмч” хэмээн үзээд музей байгуулахаар шийдээд ажиллаж байна. Үүнд нь бид хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүний гол зорилго нь Монголд дэлхийн хэмжээний музей байгуулах. Энэ утгаараа дэлхийн стандартад нийцсэн музей барихаар ажлаа эхлүүлээд байна. Бид музейгээ “Монголын Урлагийн Музей” гэж нэрлэсэн. Музейг ирэх сарын эхний долоо хоногт нээх бөгөөд Буянт-Ухаан дэнж дээр барьж байгаа юм. Музей 6000 ам.метр талбайтай. Дэлхийд музейн барилга 3000 ам.метр талбайтай байвал томд тооцогддог. Тэгэхээр манай музей дэлхийн стандартад нийцсэн том талбайтай болно гэсэн үг. Тиймээс эхний ээлжид музейн 1000 ам.метр талбайг ашиглалтад оруулъя гэж төлөвлөөд байна. Тэндээсээ туршлага хуримтлуулаад дараа дараагийнхаа ажлыг хийе гэж бодлоо. Монголд хааяа ирэхээр нийгэм, эдийн засгийн байдлаасаа хамаараад хүмүүсийн сэтгэл зүй өөр байдаг. Сая ирэхэд хүн болгон эдийн засгийн талаар ярьсан, гутранги үзэлтэй болсон байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч бид гэгээлэг ажил хийе гэж бодсон юм.

-Яагаад заавал таныг урьсан юм бол. Та хоёр өмнө нь хамтран ажиллаж байсан уу?
-Би Германд галерей ажиллуулдаг. Германы музейнүүд дэлхийн стандартад нийцсэн байдаг учраас хамтарч ажиллахаар болсон байх. Бид өнгөрсөн зун Швейцарь, Германы шинээр байгуулсан орчин үеийн музейнүүдээр аялсан. Аяллынхаа үр дүнд Монголд байгуулах музейгээ Германы стандартаар байгуулахаар болсон.

-Урлагийн бүтээлийн цуглуулгын талаар сонирхуулна уу. Эхний ээлжинд хэчнээн бүтээлийг музейд тавих вэ?
-Хүрлийн үеийн дурсгал, бурхан, танка, болон угсаатан зүйн төрлөөр дагнасан арвин баялаг цуглуулга бий. Тэр дундаа хэдэн мянган жилийн өмнөөс эхлээд XVIII-XX зууны үеийн бүтээлийг голчилсон. Мөн 1940 оны үеэс уран бүтээлээ туурвисан Монголын нэрт уран зургийн мастеруудын бүтээлийн цуглуулга ч бий. Харин шинэ цагийн бүтээл одоохондоо ховор байна. Учир нь музейд бүтээлээ тавих нь босго өндөртэй. Нөгөөтэйгүүр 1970, 1980-аад оны урлагийн бүтээлийг зоосны нүхээр хараагүй байдаг. Орчин цагт уран бүтээлчид нийгмээ дагаад ашиг хонжоо олохын төлөө ажиллаад байгаа юм шиг санагддаг. Тиймээс орчин үеийн бүтээлийг нарийн шалгаж, шүүмжтэй хандаж байгаа.

-Музейд таны ямар бүтээлийг тавих вэ?
-Би бүтээлээ музейд тавихгүй. Учир нь энэ удаагийн ажилд зураач гэхээсээ урлагийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Тиймээс энэ хоёр ажлыг хольж болохгүй.

-Музейн бүтээлийг худалдах уу?
-Музей худалдааны байгууллага биш. Урлагийн өвийг хадгалж, хамгаалж, судлан олон нийтийн хүртээл болгох учиртай. Тиймээс цаашдаа дэлхийн судлаачдыг уулзуулж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тэгэхдээ Монголын бүтээлийг дэлхийн ижил төстэй болон нэг цагт хийсэн бүтээлтэй харьцуулсан судалгаа хийнэ. Музейн ажлын 40-50 хувийг судалгаанд тулгуурлан хийнэ.

-Урлаг судлаач хүний хувьд сүүлийн үеийн уран бүтээлчдийн ур чадвар, өнгийг хэрхэн харж байна вэ?
-Бид даяаршлын эрин зуунд амьдарч байна. Тиймээс урлагийн бүтээлийг ямар нэгэн зүйлээр хязгаарлах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, урлагийг Францынх, Монголынх гэж ангилж ярихад тохиромжгүй болсон байна. Тэгэхээр дэлхийн урлагийн тавцанд юу болж байна, Монголд түүнийх нь өнгө бас л харагдана гэсэн үг юм.

-Бидний ярилцлага таны одоо хийж буй ажлын талаар ихэвчлэн өрнөлөө. Хувь уран бүтээлчийн сонин сайхнаасаа хуваалцана уу?
-Би 2016 оны тавдугаар сард Молдав улсын үндэсний галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх авсан. Намайг үзэсгэлэн гаргахад Молдавын музейнүүдийн ерөнхий захирал “Отгоо чиний насны хүн манай үндэсний галерейд үзэсгэлэнгээ гаргасан түүх байхгүй. Чи шинэ түүх бичиж байгаа шүү” гэсэн. Энэ хүний хэлсэн үг надад маш том шагнал болж байсан юм. Үзэсгэлэн гаргах эрхийг өнгөрсөн тавдугаар сард болсон орчин үеийн зургийн биеннальд Гранприйн эзэн болж авсан. Германд юмуу Европын бусад оронд үзэсгэлэн гаргах нь монголчуудын хувьд Ардын жүжигчинтэй дүйцэхээр үнэлэгддэг. Тиймээс хэр баргийн хүн үзэсгэлэнгээ гаргаж чаддаггүй. Музейнүүд ч босго өндөртэй байдаг. Би энэхүү үзэсгэлэндээ зориулж есөн метр урт, гурван метр өндөр зураг зурахын тулд спортын заал түрээслээд ажиллаж байгаа.

-Одоо зурж буй бүтээл тань ямар агуулгатай вэ?
-Хаан оцон шувууны сэдэвтэй зураг зурж байна. Энэ шувуу одоогоор 40 орчим колони бий. Энэ амьтныг Монголоор “Улаан ном”-д оруулан хамгаалалтад авсан. Учир нь хаан оцон шувууны түүх их эмгэнэлтэй. Энэ шувууг хүмүүс олноор нь устгаж байсан юм. Гэхдээ тэр түүхийг нуусан учраас хүмүүс мэддэггүй. Тиймээс хаан оцон шувууны 41 дэх колонийг би зурж байна. Зурагтаа 27 ам.метр талбайд 20 орчим мянган оцон шувууг зурсан. Зургийг сайн ажиглавал миний зургийн гол санаа нь харагдана.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

Б.Сэлэнгэ
ҮНЭН СОНИН
2015 оны 10 сарын 29 

 

otgo-art_facebook  www.facebook.com/OTGOArtist
 

Back