Бурхад зургууд
-14 "Монгол зураг" гуаш , даавуу, 6 x 7 см (зураг тус бур), зурсан он
1998-2001 Буддизм Буддын шашин "Бурхан Будда" хэмээн алдаршсан Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гаутамаг мэндлэх тэр цаг үед Энэтхэгт том жижиг олон хот - улсууд өөр өөрсдийн их, бага хаадуудаар удирдуулан оршин тогтноцгоож байжээ. Сиддхартагийн эцэг Шуддодана Гаутама бол Гималайн нурууны өмнөд тал, Ганга мөрний бэлчирээс хойхно оршдог Рохин голын эрэг дээрхи Капилавасту нийслэлтэй Шакъя овгийн хаан хүн байжээ. Хаан гэрлэснээсээ хойш удам угсаагаа залгамжлуулах нуган үр 20 гаруй жил хүсэн хүлээсний эцэст сая мэө 563 оны 4 дүгээр сарын 8-нд хүү Сиддхарта (Хүсэл биелэхүй) нь төржээ. Энэтхэгчүүдийн заншил ёсоор эх Маяа нь хүүхдээ төрүүлэхээр өөрийн төрсөн гэрээдээ явж байх замд, Капилавасту хотын ойролцоо Лүмбини цэцэрлэгт мэндэлсэн гэдэг. Гэвч нь эх нь түүнийг мэндэлснээс хойш долоо дахь хоног дээрээ ертөнцийн мөнх бусыг үзэж хатны охин дүү Махапражапати хан хүүг асран бойжуулах болсон аж. Асита хэмээх мэргэн даяанч хан хүүг том болоод ордондоо үлдвэл аугаа их хаан болж бүр ертөнцийг нэгтгэнэ, харин ордноо орхиж даяан хийж, үнэнийг ухаарвал энэ ертөнцийг аврах заяатай Бурхан болно хэмээн зөгнөжээ. Шуддодана хүүгээ хаан болгоход бүх анхаарлаа хандуулж, долоон наснаас нь тэр үеийн хаадын сурч эзэмшдэг бүх эрдэм урлагт суралцуулж, 19 нас хүрмэгц нь Девадаха харшид амьдрагч Супрабудда хааны охин үзэсгэлэнт Яшодхару гүнжийг эхнэр болгон авч өгөв. Энэтхэг газар орноо ээлжлэн солигдох хавар, намар, борооны гэсэн гурван улиралд зориулсан гурван их өргөө, орд харшийг хан хүүд барьж өгч тэдгээрт баяр баясгалан, зугаа цэнгэлээр дүүрэн аж төрж амьдрах болжээ. Рахула хэмээх хүү ч төрсөн байна. Гэвч Сиддхартагийн амьдралын утга учир, өвчин зовлон, үхэл мөхөл хэзээ ч дуусдаггүй орчлонгийн тавилан, ертөнцийн мөн чанар, түүнийг ухаарах арга замын тухай эргэцүүлэл нь түүнийг гэрээ орхин даяанчлахад хүргэжээ. Түүнд сургаж заасан, цээжлүүлж тогтоосон уншлага ном, сургаал айлдал оюуны хэрэгцээг нь хангасангүй. Иймээс эрдэм ухаанд үргэлжлүүлэн гүн суралцахаар 29 насандаа эхнэр хүүхэд, орон гэрээ орхин хан хүүгийн гоёмсог хүрэмээ шар нөмрөгөөр сольж ойн багш нарт шавь орохоор даяанчлан оджээ. Энэ үеэс түүнийг "шакъя овгийн даяанч" буюу Шакъямуни хэмээн нэрлэх болжээ. Тэрээр ойн багш нараас ном сонссон боловч сэтгэлд нь хүрээгүй учраас биеэ тарчилган даяан хийх аргаар үнэнд хүрэхийг оролдсон боловч энэ нь үхлээс өөр юунд ч хүргэхгүйг ухаарч Сужата хэмээх залуухан бүсгүйн гараас сүүтэй будаа авч хүртээд, ядарч сульдсан биеэ анагааж эхэлсэн байна. Ойд түүнтэй цуг хатамжилсан таван даяанч, хан хүү сорилтыг давсангүй хэмээн сэтгэж, ганцааранг нь орхин өөр газар руу нүүн дүрвэжээ. Удаан хугацаагаар ганцаар бясалгал бодрол явуулсны эцэст 35 насан дээрээ 12 сарын 8-ны өглөө үүр цайхын алдад Бодь модны дэргэд сэтгэл нь ариусч, ухаан нь гэгээрэн үнэнийг олсон гэдэг. Энэ үеэс эхлэн түүнийг Будда буюу "Гэгээрсэн" хэмээн нэрлэх болжээ. Будда (бурхан багш) Энэтхэг орны газар газраар явж өөрийн сургаал номлолоо айлдан түгээж, янз бүрийн мэргэдүүдтэй уулзаж учран үзэл баримтлалаа тайлбарлан таниулснаар мэргэдүүд хуучин үзлээ орхин түүний үзлийг баримтлах болсон төдийгүй, нийгмийн бусад бүлгүүд, тухайлбал хаад язгууртан, худалдаачин наймаачин, гар урчууд зэрэг төрөл бүрийн хөдөлмөр эрхлэгчдийн сэтгэлд ч Буддын номлол нийцэн таашаагдаж олон олон шавь дагалдагсад өдрөөс өдөрт нэмэгдсээр байлаа. Будда 45 жилийн турш номлолоо айлдсаар 80 насандаа Ражагрихээс Шравасти орох замдаа Вайсалд (мэө 483 онд) нирваан дүр барьжээ. Түүний хайртай шавь Анандынх нь заавраар биеийг нь галд өргөж чандрыг найман улс хуваан авч нандигнан хадгалах болсон ба тэдгээрийг хадгалахад зориулж бурхны арван сүм байгуулсан гэдэг. Буддаг нирваан дүр барьсны дараахан нь Ражагрих хотноо мэө 477 онд шавь нар нь хуран чуулж Будда багшид зориулсан цэцэрлэг байгуулсныг буддистуудын анхдугаар чуулган хэмээн судлаачид үздэг байна. Энд Буддагийн ойрын шавь нарын нэг Упанандагийн саналаар Буддагийн сургаалийн гол үндсийг торгон дээр бичиж үлдээн түүнээс гажилгүй сургаалыг нь айлдаж байхаар тогтож, мөн буддистуудын аж төрөх ёс, буддын сургаалыг айлдахад бие сэтгэлээ хэрхэн бэлтгэсэн байх хэм хэмжээг тогтоосон нь Винайн аймаг сав номын үндэс болжээ. Нөгөөтэйгүүр Будда багштай салшгүй холбоотой дурсамж, мэдээ, домог, харилцан ярилцлагуудыг эмхэтгэсэн нь Судрын аймаг сав ном бүрэлдэх үндэс болсон юм. Судрын аймаг нь таван хэсгээс бүрдэнэ: Дигханикай (урт дүгнэлтүүдийн цогц), Мажхиникай (дундаж урттай дүгнэлтүүдийн цогц), Самъюттникай (холбоотой дүгнэлтүүдийн цогц), Агнуттараникай (нэгээс илүү гишүүнт дүгнэлтүүдийн цогц), Кхудданикай (богино дүгнэлтүүдийн цогц) эдгээр болно. Харин хоёр дахь чуулган нь нэгдэхээсээ зуугаад жилийн хойно буюу мэө 380-аад оны үед Вайшальи хотод болсон байна. Эндээс буддизмыг баримтлагч хамгийн ахмад үеийнхний сургаалыг гол шалгуур болгон баримтлах нь зүйтэй гэж үзсэн стхавиравадинууд буюу өвгөдийн сургуультан ба буддизмыг олонхийн хүртээл болгох талыг барьсан Махасангхика (Их бүлэг) гэсэн хоёр бүлгийн ялгарал эхэлсэн байна. Стхавиравада сүүлдээ нэлээд олон урсгалд хуваагдсан боловч тэдний нэг ерөнхий онцлогийг тодорхойлж нэлээд сүүл үеэс Theravada (өвгөдийн сургаал) гэсэн ижил утгатай өөр нэрээр нэрлэх болсон юм. Харин махасангхикууд их хөлгөний чиглэл болсон бөгөөд тэд л стхавиравадины олон урсгалыг бүхэлд нь Бага хөлгөнийхөн (Хинаяана) хэмээн нэрлэх болжээ. Бага хөлгөний буддизм Азийн өмнө зүгийн орнуудаар тархсан юм. Хойд Энэтхэгийг захирч байсан Маурын хүчирхэг эзэнт улсын гурав дахь хаан Ашока буддын сургаалыг төрийн үзэл суртал болгоход их хувь нэмэр оруулсан төдийгүй буддизмыг хөрш зэргэлдээ орон газруудад түгээж, улмаар улс төр - үзэл суртлыг тойрсон нэгдмэл соёл иргэншил үүсгэх эхлэлийг тавьжээ. Тэрээр буддын сургаал онол, шашны сүм хийд, зан үйлийн системийг нэг мөр болгон төгс боловсруулах зорилгоор буддистуудын гуравдугаар чуулганыг мэө 252 онд Паталипутра хотноо зохион байгуулж, төрөөс дэмжин Буддын бичгийн нэгдсэн сурвалж - Гурван сав номыг бүрдүүлжээ. Энэ үеэр гурван сав номын сүүлчийн аймаг Абхидхарма аймаг сав номыг эмхэтгэсэн бөгөөд энд буддын философи сургаалыг системчилсэн байна. Гуравдугаар чуулганы үеэр мянга гаруй өвгөн буурал их эрдэмт лам хуврагууд цугларч есөн сарын турш хэлэлцэн бичгийн их дурсгалыг хойч үедээ өвлүүлэхээр эмхэтгэжээ. Буддын шашныг шинэ шатанд хөгжүүлсэн Махаяны урсгал Энэтхэгээс хойд зүгт орших улс орнуудад түгэн тархахдаа тухайн нутаг газар бүрийн өвөрмөц нөхцөл байдал, ахуй соёлтой зохицон нийцэж, тухайлбал Хятадын даосизм, Японы синтоизм, Түвэд, Монголын бөөгийн шашинтай холилдож янз бүрийн урсгалд хуваагдсан байна. Буддизм нь Энэтхэгт V-VI зуунд ид цэцэглэж байгаад X зуунаас эхлэн индуизмд байраа тавьж өгч энэтхэгээс шахагдсан билээ. Гэхдээ Буддын шашин Азийн бусад оронд нэгэнт дэлгэрсэн байлаа. Бүр I-II зуунд Кушаны эзэнт улсын Канишка хааны үед буддын сүм хийд, сургууль номын газар олноор баригдаж тэнд бусад орноос олноороо ирж суралцдаг болжээ. Эндээс Хятадын анхны буддистууд төрөн гарсан гэдэг. Хятадын буддизм нь конфуци, даогийн суртлын дараа ордог гурав дахь том шашин юм. Тэрээр түрүүчийн хоёр шашны нөлөөг өөртөө авснаас гадна тэдгээрийн зан үйлд өөрийн зан үйлийг шингээжээ. Энэ бүхний үр дүнд хятадад тяньтая, хуаянь, чань, цзинту гэх мэт буддын нэлээд олон салбар бий болсон байна. Буддын сургаал Хятадаар дамжиж IV зуунд Солонгост, VI зуунд Японд дэлгэрсэн юм. Солонгост, ялангуяа Өмнөд Солонгост буддын шашны зан үйл өргөн нэвтэрсэн байна. Солонгосын түүхэнд ихэнхдээ Конфуцийн суртал төрийн дэмжлэг авч байсан боловч X зуунд Корё улсын үед буддизм төрийн шашин болж байв. Энэ үед буддын сүм хийд, суврага хөшөө, сургууль номын газар олноор баригджээ. Гэвч XIY зуунд хятадууд, XYI зуунд япончууд довтлох үеэр Конфуцийн суртал дэлгэрч буддистуудыг хавчиж эхэлжээ. Харин ард түмэн, сүсэгтэн олны дотор буддын зан үйлийг өргөнөөр гүйцэтгэсээр байгаа ажээ. Японд IV-YIII зууны үед хятад, солонгосчууд үй олноороо нүүдэллэн суурьших хөдөлгөөн явагдаж, энэ үйл явц нь Япон үндэстэн бүрэлдэх үйл явц болжээ. Овог аймгийн зохион байгуулалттай байсан японы уугуул ард түмний соёл нь цагаачдын шинэ соёлтой нэгдэн Японы анхны төр улс үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. YII зууны үед бүрэлдсэн Японы анхны төр хятад, солонгосчуудаар дамжин орж ирсэн буддизмыг төрийн шашин болгосон байна. Энэ үеэс буддизм уугуул синто шашинтай нэгдэж энэ хоёр өөр хоорондоо ялгарах аргагүй болсон байна. Их хөлгөний шашин хамгийн өргөн тархаж, цэцэглэн хөгжсөн газар бол Түвэд орон юм. Мэ YII зуунд Соронзонгомбо хаан (617-649) түвэдийн анхны нэгдсэн төр улсыг үндэслэсэн юм. Тэрээр 632 онд шадар түшмэд Тонми-Самбодаг Энэтхэгт тухайлбал, Непалд томилон явуулсан нь санскрит бичиг, Буддын Их хөлгөний сургаалд гаргууд суралцаж ирээд түвэд цагаан толгойг зохиосон байна. Түвэд бичиг үсэг, түвэдийн буддизм хоёр салшгүй холбоотой билээ. YIII зуунд Тисрондэвцан хаан (755-797) Энэтхэгээс буддын их сэтгэгч бандидуудыг залж ирүүлсэн нь Түвэдэд буддын анхны сүм хийд (Самья хийд), хурал номын газар байгуулж, буддын утга зохиолыг түвэд хэлнээ орчуулах ажлыг эрчимжүүлсэн байна. Энэ үед түвэдийн буддистууд Падмасамбхавагаар тэргүүлсэн (Очирт хөлгөний) тарнийн ёс, Шантаракшита, Камалашила нараар тэргүүлсэн Энэтхэгийн Их хөлгөний чиглэл, Хашанаар толгойлуулсан хятадын Чань-буддизм гэсэн гурван бүлэгт хуваагдаж байв. Сүүлчийнх нь хааны зарлигаар хаагдсан байна. Падмасамбхава түвэдийн буддизмийн анхны урсгал болох Нянмаваг үндэслэжээ. IX зуунд Ландхарма хааны үед буддын сүм хийдийг нурааж, ном зохиолуудыг устгаж байсан ч XI зуунаас дахин сэргэж, ялангуяа 1042 онд Энэтхэгээс заларч ирсэн их багш Жову Адиша (982-1054) Түвэдийн буддизмын нэгэн шинэ урсгал - Гаадамбын ёсыг үүсгэсэн байна. XI зуунд Түвэдэд сакья-па (сажа, улаан малгайтан) гэдэг нэг шинэ урсгал бий болсон бөгөөд сүм хийд, буддын сургууль номын газрыг доороос дээш чиглэсэн эрэмбэд оруулсан нь буддын шашны сүм хийд, зан үйл, сургалтын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгосон байна. Ялангуяа, буддын сургаалийг нарийн салбар (философи, анагаах ухаан, зурхай г.м) ухаануудад мэргэшүүлэн тусгай дацан (салбар танхим)-гуудаар сургах болсноос гадна буддын лам хуврагууд ч шашин сүм хийдийн дотоод ажлыг явуулах нарийн хуваарь, алба, захирах, захирагдах дэг ёстой болжээ. XIY зуунд түвэдийн Амдо мужид төрсөн Зонхав Лувсандагва (1357-1419) Түвэд, Монголын буддизмд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр Гаадамбын шашныг дахин мандуулах (га-дам-сор-ва) гэсэн нь түүний нэг шинэ хувилбар болох гэлүгба (шар малгайтан, ламын шашин)-гийн урсгалыг үүсгэхэд хүрсэн байна. Тэрээр Галдан хийдийг босгож тэр нь Гэлүгба шашны төв болсон байна. Гэлүгба сүм хийдийн зүгээс гүйцэтгэсэн нэг чухал үйл бол буддын анхан эртний болон сүүл үеийн бүх судар шастируудыг эмхэтгэн Ганжуур, Данжуур хэмээх хоёр том цомирлогийг бүтээсэн явдал билээ. Бурхан Буддад шууд хамааралтай гэж тооцогддог, нэг ёсны ариун сурвалжийг судар хэмээн нэрлэж Судрын чуулган (Ганжуур) болгосон ба Буддагаас хойш түүний сургаалийг хөгжүүлсэн их мэргэдийн бүтээлүүдийг шастир гэж нэрлэж Шастирын чуулганг (Данжуур) эмхэтгэсэн болой. Зонховаг шарын шашны дээд лам, Амитабха бурханы хувилгаан дүр гэж, түүний дараа дараагийн шарын шашны тэргүүн - хувилгаан дүрүүдийг тодруулах уламжлалтай болжээ. Гурав дахь хувилгааны үе буюу 1577 оноос Монголын Алтан хаан тэдэнд "Оройн дээд очир дара Далай лам" цол өргөмжилжээ. 1642 он буюу Y далай ламын үеэс түвэдийн төр, шашны хэргийг далай лам хослон барих болсон байна. Харин Түвэдийн буддын сургаал номлолыг Банчин Эрдэнэ дагнан хариуцах болжээ. Энэ эрх 1713 он буюу Y Банчин Эрдэнээс эхлэн олгогдсон бөгөөд үүнээс өмнө IY дүрийн Банчин ламд "Банчин Богд Эрдэнэ" цол өргөмжилсөн байна. Хожим нь түвэд үндэстний түүхийн ухаантнууд Богд Зонховын шавь Харавжайг анхны дүрийн Банчин гэж өргөмжилжээ. Банчин Эрдэнэ нь Даш-лхүмбэ хийдэд суудаг бөгөөд эндээс түүнийг Даш-лам гэж нэрлэх нь ч буй. Далай лам Лхас хотын Потала хийдэд суудаг байсан ба одоогийн XIY далай лам Данзанжамц Энэтхэгийн Дхармасала хотод сууж байгаа билээ. Эртний Энэтхэгийн Ашока хааны хүчин чармайлтаар Буддизм Азийн бусад оронд дэлгэрэхэд түүний нөлөө Монгол газар бүр Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Киданы үед нэвтэрч, монголын хаад язгууртнууд ордон өргөөндөө буддын багш залж, ном айлдуулж, сүм дуган бариулж байжээ. Чингис хаан түвэдийн Сажийн хамба ламд захидал илгээж өөрийнх нь өмнөөс залбирал үйлдэхийг хүсэж, мөн Түвэдийн шашны толгойлогчыг албан татвараас чөлөөлж байжээ. Хоёр дахь их хаан Өгэдэй (1226-1241) бурханы шашныг дэмжин 1220 онд улсын нийслэл Хархорум хотод бурханы шашны том суварга байгуулж эхэлжээ. Тэр суваргыг Мөнх хааны (1251-1258) үед 1256 онд дуусгаад, 1311, 1342-1346 онуудад хоёр удаа сэлбэн засварлаж маш үзэсгэлэнтэй, гоёмсог болгожээ. Хөх нуурт байсан монголын их хааны жанжин Годан Сажа бандид Гунгаажалцантай уулзаж Их хөлгөний ном номлуулан шүтэж байжээ. Мөнх хаан Түвэдээс Гармавын салбарын лам Маньба, Гарма багш хэмээн алдаршсан Чойжин (1204-1283) нарыг ордондоо залан авчирч Лхадин сүм байгуулж тэдэнд ёслолын хар малгай соёрхсон байна. Хубилай хааны ордонд түвэдийн буддизмын Сажа болон Гарма урсгалын лам нар буддын сургаалийг айлдаж байсан бөгөөд Сажа хийдийн Пагва ламыг өргөмжилж, төрийн багшийн тамга олгожээ. Пагва лам 1278 онд бичсэн "Шэжа рабсал" (машид тодорхой ухагдахуун) гэдэг зохиолдоо Чингис хаан, түүний угсааны хаадыг эртний Энэтхэг, Түвэдийн хаадын нэг адил "Чакраварти" буюу "Номын хүрдийг орчуулагч" их хаад гэж өргөмжилжээ. Юан улс мөхсөнөөс хойш Түмэдийн Алтан хаан, Ордосын Хутагтай сэцэн хунтайж нар 1577 онд Хөх нуурын Цавчил гэдэг газарт Буддын сүм байгуулан, шарын шашны тэргүүн Содномжамцыг залж ирүүлэн "Очир дара Далай лам" өргөмжилсөн ба Содномжамц Алтан хаанд "Номын ба тэнгэрийн их хаан" цол шагнажээ. 1578 онд Хун тайж Түвэд, Монголын хаадын хууль цаазын баримт бичигт тулгуурлан "Арван буянт номын цааз" хэмээх хууль гаргаж буддын шашныг тэтгэх болжээ. Халхын ноёдын нэг Абтай 1577 онд өөрийн биеэр Алтан хааны үндэслэсэн нийслэл Хөх хотод ирж далай лам Содномжамцтай учирч шарын шашныг халхад дэлгэрүүлэхээр харилцан тохирч, далай лам түүнд "Хан" цол өгчээ. Тэрээр Эрдэнэ зуу хийдийг босгож буддын шүтээнийг залсан ба III далай ламын төлөөлөгч Гүүш цоржийн шууд оролцоо, тусламжтайгаар хуучин бөө мөргөлийг халах албан ёсны тунхаг гаргаж, шарын шашныг төрийн шашин мөргөл болгожээ. Их хөлгөн нь дэлгэрсэн газар орон бүртээ тухайн ард түмний уламжлалт шашинтай зохицож өөрийгөө улам бүр шинэчлэн хөгжүүлж байдаг аж. Буддын мэдлэг ухааны системийг тоо ба судлах зүйлээр нь янз бүрээр ангилж ирсэн боловч ихэвчлэн Их таван ухаан ба Бага таван ухаанд багтаадаг бөгөөд чухам ингэж ангилахыг яг хэдүйд хэн үүсгэсэн нь тодорхойгүй байдаг. Их ба Бага таван ухааны ангиллыг "Мэргэд гарахын орон" хэмээх түвэд - монгол тайлбар тольд хамгийн боловсронгуй байдлаар зохион байгуулжээ. Тухайлбал, Их таван ухаанд: дотоод ухаан, хэл шинжлэл, шалгадаг ухаан, урлахуй ухаан, тэжээхүй ухаан багтана. Бага таван ухаанд: яруу найраг, найруулга зүй, ёгт хэл, цам бүжиг, зурхай орно. Эдгээрээс дотоод ухаан нь хамгийн дээд ухаантнуудад хамаарах бөгөөд билгийн ба тарнийн гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Билгийн хөлгөн нь буддын философийн онол мөн бөгөөд чойрын таван боть хэмээх таван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Энэ нь: Билгийн чинад хязгаарт хүрэхүй, Төв үзэл, Илт ном, Винай, Тогтсон таалал - эдгээр болно. Буддын шашин нь дөрвөн үнэний хүрээнд сургаалаа номлодог байна. Дөрвөн үнэн нь: 1. Өдөр тутмын амьдрал хэзээ ч сэтгэл хангадаггүй буюу Зовлон (dukkha) болдог, 2. Хүсэл тачъяал бол зовлонгийн шалтгаан 3. Нирваан бол зовлонгүй байдал 4. Найман зөв зам бол зовлонгүйд хүрэх арга зам мөн. Нэг дэх үнэнийг Цувиралт (anitya), Би - үгүй (anatman), Зовлон (dukkha) гэх мэтээр нэрлэнэ. Би үгүйг номлохын тулд сав шим ертөнцийн сургаал буюу одон зурхай, хүний бие сэтгэлийн зурлага, хоол унд, эрүүл ахуйн дэглэм, дэлхий ертөнцийн хөдөлгөөн, цаг хугацааны солигдол гэх мэт асуудлыг авч үздэг. Буддын шашинд баримталдаг гол үзэл нь хүн дахин дахин төрөх сансрын хүрдэнд тасралтгүй эргэлдэнэ, хүн ямар төрлийг олох нь үйлийн үр буюу кармаас шалтгаална гэсэн үзэл юм. Буддын онолын хоёр дахь постулат нь "зовлонгийн шалтгааны үнэн" буюу "бүхэн гарахын үнэн" болно. Зовлонт ертөнцийн хамгийн гол шалтгаан нь мэдэрч хүртэж буй бүхэн рүүгээ, энэ Сансарын ертөнцийн амьдрал руу хязгааргүй хүсэн тэмүүлж, тачъяан дурлаж байдагт оршино. Энэхүү хоёр дахь үнэний сургаалд буддизм дахь дахин төрөл авах тухай ойлголт агуулагдаж байдаг юм. Ертөнц ухамсар хоёрын зөрчлийн гол шалтгаан нь ухамсартаа байна гэж буддын сургаалд үзсэнээс энэхүү хоёр дахь үнэний асуудал гарчээ. Буддын сургаалын гурав дахь постулат бол "Түрхүй үнэн" буюу ямар ч зөрчил - зовлонгүй оршихуй - Нирвааны тухай сургаал юм. Нэг дэх үнэнд авч үзсэн зовлонт ертөнц бол үнэн хэрэгтээ зовлонгүй, өөрөө өөртөө зөрчилгүй болохыг энд тодорхойлдог. Хүн ертөнцийн жинхэнэ мөн чанарыг ухаарах тусам амарлингуй Нирваан руу буюу зөрчил зовлонгүй төлөв рүү ойртоно. Зовлонгийн төгсгөл болсон Нирваанд хүрэх арга замын асуудал бол буддын сургаалын сүүлчийн дөрөв дэх үнэний асуудал мөн. Энэ үнэний хүрээнд ухамсар сэтгэлд байгаа нисваанис буюу хир буртгийг хэрхэн арилгах вэ, амарлингуйг яаж олох вэ гэдэгт хариу өгч гол төлөв арга зүй, зам мөрийн асуудлыг хэдэн төрөл дамжуулан авч үзсэнээрээ амьдралын утга учрыг нэн өвөрмөц үзлээр тайлбарлажээ. Буддын сургаалд зовлон гэдгийг ямар нэг үйлдлийн үр дагавар гэхээсээ илүү бодит зайлшгүй байдал гэж тайлбарладаг. Энэ бол бурханы шийтгэл биш, харин хүний бодит мөн чанар юм. Хүний бодит амьдрал өөрөө л зовлонгийн нь шалтгаан болж байдаг юм. Хүн үхэхэд түүний бодол санаа, үйл ажиллагаа, хүсэл эрмэлзэл, зан чанар бүгд нийгэмд үлдэнэ. Дараагийн төрөл авахад, өөрөөр хэлбэл хүн дахин төрөхөд тэр л амьдралын хэв маяг үргэлжлэхээс цоо шинэ амьдрал эхлэхгүй. Гагцхүү тэр учир, зүй тогтол, уяа гогцооны үзүүрийг олж чадахгүй, ухаарахгүй байгаагаас л хүн зовно, түүнийг ухаарсан цагт, хэдийгээр амьдрал яг л урьдын адил үргэлжлэх боловч сэтгэлийн амирлангуйд хүрнэ гэж үзэх аж. Эндээс зовлон бол хүний салшгүй чанар мөн боловч амирлангуй чанар хүнд нуугдан хадгалагдаж байдаг байна. Гагцхүү тэр чанараа илрүүлэн, ил байгаа зовлонт чанараа далдалж, дахин илрэхээргүй болтол нь дарах асуудлыг тавьсан нь буддын сургаалийн гол зорилго юм. Эцэст нь дөрвөн үнэнийг дараах байдлаар томъёолдог байна. 1. Зовлонг мэдэн үйлдтүгэй 2. Бүхэн гарахыг тэвчин үйлдтүгэй 3. Түрдхүйг илт болготугай 4. Мөрийг бясалган үйлдтүгэй хэмээдэг юм. Буцаах Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |