mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
031-0320.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Хүлэгү

Хүлэгү хан буюу Хулагу, Үлэхү, Хүлэг (Перс хэл:ہلاکو - Halaku; Араб хэл:هولاكو; тэрбээр 1217 онд төрж 1265 оны хоёрдугаар сарын 8-нд нас баржээ) Баруун Өмнөд Азийн ихээхэн хэсгийг эзлэн авсан Монголын удирдагч байв. Хүлэгү Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэх хоёрын дундаас гарсан гутгаар хүү, Чингис хааны ач, Аригбөхийн ах, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү юм. Хүлэгүгийн цэрэг Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж Персийн Ил Хан улсыг байгуулжээ. Хүлэгүгээр удирдуулсан Монголчууд Лалын шашны хоёр том төв, Багдад, Дамаск хотуудыг эвдэн сүйтгэж, Лалын шашны нөлөөллийг Каир дахь Мамлюкууд руу шилжихэд хүргэжээ. 


Уг гарал:
Хүлэгү Чингис хааны хөвгүүдийн нэг Тулуй болон Хэрэйдийн нөлөөтэй хатдын нэг Сорхагтани Бэх хоёрын хүү юм. Сорхагтани Монголын улс төрийг сайн залуурдаж, өөрийн бүх хүүгээ Монголын удирдагчид болгож чаджээ. Хүлэгүгийн эх Несториан Христ шашинтан байсан тул Хүлэгү Христ шашинд ээлтэй байв. Хүлэгүгийн хайртай эхнэр Докуз хатан болон дотнын анд, жанжин Хитбух хоёр Христ шашинтнууд байв. 1264 онд Хүлэгү Арменийн түүхч Вартан Аревелчид өөрийгөө төрөхөөсөө Христ шашинтан байснаа хэлж байжээ. Гэхдээ тэрбээр насны эцэс болоход Христ шашинт Докуз хатныхаа хүслээс зөрж Буддын шашинд орсон гэж бичсэн байдаг
Хүлэгү ямар ч байсан гурван хүүхэдтэй байжээ: Абаха - 1265-1282 онд Персийн хоёр дахь Ил Хан байсан; Тарахай - түүний хүү Байду 1295 онд Ил Хан болсон; Тэгүдэр Ахмад, 1282-1284 онд гуравдахь Ил Хан байсан.

Аян дайн:
Хүлэгүгийн ах Мөнх 1251 онд Их Хаанаар өргөмжлөгдөв. 1255 онд Мөнх дүү Хүлэгүдаа их цэрэг өгөн баруун өмнөд Азид үлдсэн Лалын шашинт улсуудыг дайлуулахаар мордуулав. Хүлэгү өмнөд Ираны Луруудыг дагаар оруулах; Хашшашин бүлгийг устгах; Багдадад төвлөрсөн Аббасид халифатыг дагаар оруулах буюу сөнөөх; Дамаскад төвлөрсөн Сирийн Айюбид улсыг мөн дагаар оруулах буюу сөнөөх; эцэст нь Египетийн Мамлюкийн султант улс Бахри династийг дагаар оруулах буюу сөнөөх зорилготой аян дайн хийв Мөнх Хүлэгүд дагаар орсон улсуудтай өршөөнгүй харьцаж, дагаар ороогүй улсуудыг өршөөлгүй устгахыг зарлигдсан. Хүлэгү энэ тушаалын сүүлийн заалтыг ихэд хичээнгүйлэн гүйцэтгэжээ.
Хүлэгү урьд хожид цуглуулаагүй их Монгол цэрэг цуглуулж аян дайнд морджээ. Мөнх хааны зарлигаар нийт эзэнт гүрний арван дайчин бүрийн нэгийг Хүлэгүгийн цэрэгт дайчлан цуглуулсан Тэрбээр Луруудыг амархан дийлсэн бөгөөд түүний нэр хүндээс аюун сүрдсэн Ассассинууд (мөн Хашшашин гэгддэг) нэвтэршгүй бат бөх цайз болох Аламутаа эсэргүүцэн тулалдахгүй тавьж өгчээ.  


Багдадын тулалдаан (1258)
Хүлэгү хан болон түүний шилдэг жанжин Гуо канаар удирдсан Монголын их цэрэг 1257 оны арваннэгдүгээр сард Багдадын зүг мордлоо. Хүлэгү хотыг бууж өгөхийг шаардсан боловч халиф бууж өгөхөөс татгалзаж, хэрэв халифыг довтолбол Бурхны хилэн Монголчууд дээр бууна хэмээн анхааруулжээ. Хүлэгүгийн хүч хотыг бүсэлж, улмаар тус хот 1258 оны хоёрдугаар сарын 10-нд бууж өгсний дараа Монголчууд долоо хоног үргэлжилсэн хядлага үйлдсэн нь Лалын шашны түүхэн дэх хамгийн их гарз учруулсан үйл явдлын нэг гэж тооцогддог.


Сирийг дайлсан нь (1260)
Багдадыг эзлэн авсныхаа дараа 1260 онд Монголын хүч тус бүс нутаг дахь Христ шашинт вассалууд, тухайлбал I Хетумын удирдсан Силисийн Армен болон Антиохын VI Бохемонд нарын хүчтэй нэгджээ. Энэхүү хамтарсан хүч Айюбид династийн захиргаанд байдаг Лалын шашинт Сирийг дайллаа. Тэд хамтдаа Алеппо эзлээд, дараа нь 1260 оны гуравдугаар сарын 1-нд Христ шашинт жанжин Хитбухын удирдлага дор Дамаскыг авав Христ шашинтнууд Умайяд мечетэд (урьд нь Баптист Жоны сүм байсан) их баяр ёслол хийж, олон мечетийг доромжилжээ. Түүхийн олон номонд Христ шашинт гурван удирдагчийг (Хетум, Бохемонд, Хитбух) ялан дийлэгчийн хувиар Дамаск хот руу хамтдаа орж ирсэн гэж бичсэн байдаг боловч, Дэвид Морган нарын орчин үеийн түүхчид энэ түүхийг зохиомжилсон түүх гэж үздэг.
Энэхүү байлдан дагууллаар тэр үедээ Левант, Египет, Арабын ихээхэн хэсгийг захирсан хүчирхэг улс байсан Айюбид династийг нэгмөсөн дарав. Аюубидийн сүүлийн ван Ан-Насир Юсуфыг Хүлэгү 1260 онд хороолоо. Лалын шашны хүч төвлөрч байсан Багдад, Дамаск эзлэгдсэнээр Каир дахь Египетийн Мамлюкууд Лалын шашинт улсуудын дунд зонхилох боллоо.
Тэр үедээ Хүлэгү өмнө зүг Палестинаар дайран Каир хүртэл давшиж, Мамлюкуудтай тулах зорилготой байлаа. Гэвч 1259 оны сүүлээр Их Хаан Мөнх нас барахад Хүлэгү дараачийн Их Хааныг тодруулах хуралдайд оролцохоор Хархорум руу буцах шаардлагатай боллоо. Хүлэгү Сирид Хитбухын удирдлага дор дөнгөж 10000 орчим цэрэг үлдээгээд ихэнх цэргээ аван буцав. Хитбухын цэрэг өмнө зүгт Египет рүү довтолж, Аскалон, Иерусалем хүрсэн бөгөөд 1000 хүнтэй Монголын гарнизон Газад байрлаж, өөр нэг гарнизон Наплузад байрлажээ.


Айн Жалутын тулалдаан (1260)
Мамлюкууд Хитбухын хүч суларсаныг далимдуулав. Загалмайтнууд Мамлюкуудын эртний дайсан боловч Монголчуудыг илүү их аюул учруулж байна гэж үзжээ. Лалын болон Христ шашинтнууд Монголчуудын эсрэг хүчээ нэгтгэх эсэх талаар маргалдан хэлэлцсэн боловч Загалмайтнууд энэ талаар тохиролцож чадаагүй. Загалмайтнууд үүний оронд төвийг сахихаар шийдэж, Египетийн цэргийг хойд зүгт Загалмайтны нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөн Загалмайтны Акр дахь баазын ойролцоо хангалт авахыг зөвшөөрлөө. Мамлюкууд Галилеед үлдсэн Монгол цэрэгтэй Айн Жалутад тулалдав. Мамлюкууд энэ тулалдаанд ялалт байгуулж, Хитбухыг цаазаар авсан бөгөөд энэ тулалдаан болсон газар нь Монголын байлдан дагууллын хамгийн захын цэг болжээ. Урьд өмнөх ялагдлуудын хувьд Монголчууд тухайн нутаг дэвсгэрийг буцаан авах гэж эргэж ирдэг байлаа. Гэвч тэд Айн Жалут дахь ялагдлынхаа хариуг ерөөсөө авч чадаагүй юм. XIII зууны сүүлийн хагаст Монголчууд Сирийг дахин дайлж байсан боловч хэдхэн сараас илүү хугацаагаар тогтоон барьж чадаагүй юм. Хүлэгүгийн династийн үед Монголын Ил Хан улсын хил Тигр мөрнөөр хязгаарлагдсан хэвээр байлаа.

Сүүл үеийн аян дайнууд:
Хүлэгү өөрийн ах Хубилай хааныг Их Хаанаар өргөмжилснийхөө дараа 1262 онд нутагтаа эргэж ирэв. Хүлэгү Айн Жалутын ялагдлынхаа хариуг авахаар их цэргээ цуглуулж, Мамлюкууд руу довтлохоор бэлдэж байсан боловч үүний оронд Бат ханы дүү Бэрхтэй дайтахад хүржээ. Лалын шашинд орсон Бэрх хан Багдадыг эвдэн сүйтгэснийх нь дараа Хүлэгүд заавал шанг нь хүртээнэ гэж андгайлжээ. Бэрх хан амласнаа биелүүлж, Мамлюкуудтай эвсэж Хүлэгүгийн нутаг руу Ногай ханаар удирдуулсан цуврал довтолгоон хийв. Хүлэгү хан 1263 онд Кавказын хойд хэсгийг эзлэн авахыг оролдож байгаад хүнд ялагдал хүлээжээ. Энэ нь Монголчуудын хоорондох анхны ил мөргөлдөөн байсан бөгөөд нэгдсэн эзэнт улсын мөхлийн дохио болсон юм.

 
Европтой харилцаж байсан нь:
Хүлэгү Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулахыг оролдон Европ руу олон элч илгээж байлаа. 1262 онд тэрбээр гадаадын бүх ван, ханхүү нарт элч илгээхдээ өөрийн түшмэл Рихалдусыг хамт явуулав. Гэвч элчийг Мамлюкуудтай эвсэж, Пап IV Урбантай зөрчилтэй байсан Манфред ван Сицилид саатуулж хөлөг онгоцоор буцаасан ажээ.
1262 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хүлэгү Унгар Ионоор дамжуулан Францын ван IX Луйд захиа өгүүлж эвсэл байгуулахыг санал болгожээ. Энэ захиа Парист сууж байсан IX Луйд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь энэ захианы цорын ганц гар бичмэл хувь Австрийн Вена хотод байдаг Гэхдээ Хүлэгү энэ захиандаа Пап ламын тусын тулд Иерусалемийг авах хүслээ илэрхийлж, Луйгаас Египетийн эсрэг усан флот илгээхийг гуйсан байв:
"Би Монголын их цэргийг удирдан, Сарасины итгэл даахгүй улсыг сөнөөн дарах гэж байгаа тул тэнгис далайн нөгөө эргийг захирагч та манай хоёр улсын нийтийн дайсан эдгээр урван тэрслэгчдэд зугтах боломж өгөлгүй далай тэнгисийг сайтар харж байгтун."
—  Хүлэгүгээс Ариун Луйд илгээсэн захиа.
Хүлэгү болон түүнийг залгамжлагчид ийнхүү өчнөөн олон удаа оролдсон боловч Европтой эвсэл байгуулж чадаагүй ажээ. Гэхдээ XIII зуунд Өрнөдөд Монголын юм моодонд орж байжээ. Тэр үед Италид төрсөн олон хүүхэд Монгол удирдагчид, түүний дотор Хүлэгүгийн нэрээр нэрлэгдэж байв. Тухайлбал: Кан Гранде ("Их Хаан"), Алаоне (Хүлэгү), Аргоне (Аргун), Кассано (Газан) гэсэн нэрс бүртгэгджээ.

Пологийнхон:
Николь ба Маффео Поло нар Хүлэгүгийн нутаг дэвсгэр рүү аялж, өнөөгийн Узбекистан дахь Бухар хотод саатаж, 1261-1264 онд гурван жилийн турш тэндээ амьдарч, худалдаа наймаа хийжээ. Дараа нь Николь ба Маффео нар Хүлэгүгийн Их Хаан ахдаа (Хубилай хаанд) илгээсэн элчийг даган явсан. 1266 онд Пологийнхон Монголын нийслэл Ханбалик (өнөөгийн Хятадын Бээжин хот) дахь Их Хааны өргөөнд хүрэлцэн иржээ. 1291 онд Хубилай хаан Хүлэгүгийн ач Аргун ханд 17 настай гүнж Хөхөчинг дагалдуулан илгээх хүртэл тэд тэндээ олон жил суусан. 

Нас барсан нь:
Хүлэгү хан 1265 онд нас барсан бөгөөд түүнийг Урмиа нуурын голд байх Кабуди аралд оршуулсан. Түүний оршуулга нь хүнээр тахил өргөсөн Ил Ханы цорын ганц оршуулах ёслол болсон. Түүнийг хүү Абаха нь залгамжилсан.


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас