Amarsanaa Lkhagva
Миний бүтээлээс Монгол минь үнэртдэг

Уран зургийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлдаг. Зарим нь үггүй яруу найраг гэдэг бол нөгөө хэсэг нь хөгжим гэх нь бий.

Зураач Л.Амарсанаагийн зургийг харахаар чихэнд уянгалаг аялгуу дуурсах шиг болдог юм билээ. Монгол Улсын түүх, ёс заншил, байгалийг уран бүтээлдээ шингээж яваа зураач  Л.Амарсанаатай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

- Зураг зурах нь таны багын мөрөөдөл үү?
- Тийм ээ. Багын л зураг зурах сонирхолтой байсан. Хичээлийнхээ дэвтрүүдийг зургаар дүүргэчихдэг хүүхэд байлаа. Энэ авьяасаа хөгжүүлж зургийн дугуйланд  суралцаж байгаад аравдугаар ангиа төгсөөд шууд  Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгалт өгч тэнцсэн. Тэгээд  Я.Оюунчимэг  багшийн  удирдлаган дор дөрвөн жил сурч зураач гэсэн эрхэм нэрийг зүүгээд явж байна. Түүнээс хойш өөр зүйл рүү хазайгаагүй... Уран зурагт үнэнчээр зүтгэснээс хойш 11 жилийг ардаа орхиж дээ.

- Сүүлийн үед зураачид модернист, авангард, абстракт чиглэлээр их зурдаг болсон байна?
- Миний хувьд бүх чиглэлээр зурдаг. Гэхдээ ихэвчлэн Монгол зан заншил, ёс журам, үндэсний бичиг соёл, түүх дурсгалыг өөрийнхөө бүтээлтэй холбож зурдаг. Сая дурьдсан зүйлүүд миний уран бүтээлээ туурвих эхлэл оршил нь болж өгдөг гэж хэлж болно. Манай улс түүх дурсгал ихтэй гайхалтай орон шүү. Ер нь миний бүтээлээс Монголоо гэсэн сэтгэл үнэртдэг байх гэж би боддог.

- Та тэгэхээр их үндсэрхэг байх нь ээ?
- Ер нь хүн хийж бүтээж байгаа  бүтээлээрээ өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг. Тэр дундаа зураач хүнд тийм зүйл их байдаг. Би уран бүтээлээрээ эх орноо хайрлах  сэтгэлийг залуучууддаа мэдрүүлэхийг хүсдэг.  Миний хийсэн уран бүтээлийг хараад намайг ямар үндсэрхэг үзэлтэй болохыг мэдэж болно. Ийм сайхан газар нутагт төрсөнөөрөө бахархаж түүнийгээ өөрийнхөө бүтээлд шингээж үлдээхийг хүсдэг.

- Модернист, реалист зургийг энгийн хүн хараад ойлгодоггүй, заавал ойлгох ёстой юу?
- Хүний дотоод сэтгэлийг өмнөөс нь ойлгох ч юм уу эсвэл тайлбарлах гээд байх албагүй. Миний хувьд чанартай олон түмэнд хүрсэн урлагийн бүтээл  хийхийг хүсдэг. Хэн нэгэнд хүрээсэй, ойлгоосой гэж боддог.

- Хөрөг зурдаг уу?
- Хөрөг зурах дуртай. Гэхдээ тэр болгон зурж чаддаггүй юм. Манай багш  Я.Оюунчимэг хөрөг зургийн мастер хүн шүү дээ. Багш шигээ болох юмсан гэж их боддог. Хөрөг гэдэг уран зургийн дээд нь.  Удахгүй хөрөг зургаар бие даасан үзэсгэлэн гаргана гэж төлөвлөсөн.

- Яруу найрагч хүн онгодоороо шүлгээ бичдэг шиг зураач хүнд бас тийм үе байдаг байх даа?
- Мэдээж байлгүй яахав. Миний хувьд ганцаараа байсан үедээ онгодоор хөглөгдөн уран бүтээлээ хийдэг гэж хэлж болно. Гэхдээ зарим үед ганцаараа хэчнээн цаг суувч ямар ч уран бүтээл төрөхгүй байх нь бий. Тэгэхээр онгод байдаг  уу, үгүй юү гэдгийг хэлж  мэдэхгүй нь.

- Сургууль төгссөн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 11 жил хийсэн уран бүтээлүүдээ тоолж үзсэн үү?
- Тоолоогүй юм байна. 200-300 гаруй л байгаа болов уу. Уран бүтээлээ хийхийн хажуугаар Үйлдвэр урлалын дээд сургуульд график дизайны багш хийдэг. Тийм болохоор өдөр болгон уран бүтээл хийгээд, зургаа тоолоод байх цаг, зав гардаггүй.

- 300 гаруй уран бүтээлээсээ хамгийн их сэтгэлд үлдснийг нь онцолж хэлбэл?
- Зарим хүмүүс онцолж хэлээд байдаг юм билээ. Миний хувьд бүх уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулдаг.
Түүнээс биш хэн нэгний захиалгаар хэн нэгэнд зориулж уран бүтээлээ хийдэггүй. Зөвхөн өөрийнхөө хүссэнээр өөртөө зориулж уран бүтээлээ хийдэг болохоор онцолж хэлэх уран бүтээл байхгүй. Заавал онцлох бол бүх бүтээлээ л нэрлэнэ дээ. /инээв/

- Та хийсэн уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
- Үндэсний соёл урлагаа хайрлан хамгаалах түүнийгээ бөхөөж гандаахгүйгээр авч үлдэх сэтгэлийг уран бүтээлдээ тусгаж өгдөг. Эх орноо хайрлах энэ үзэл бодлоо ярьж чадахгүй ч уран бүтээлээрээ илэрхийлж чадаж байна гэж бодохоор баяртай байдаг юм.

- Таны хувьд уран бүтээлч хүн тэр дундаа зураач хүн ямар байх ёстой вэ?
- Яг тийм ийм гэж хэлэхэд хэцүү. Гол нь тэр хүн өөрийнхөө хийж байгаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх хэрэгтэй. Тэгж байж жинхэнэ бүтээл төрнө шүү дээ. Тухайн уран бүтээлч хичнээн сайхан уран бүтээл  хийлээ ч түүнийг нь ард түмэн хүлээж авахгүй бол шалбааг болоод л  хүний хөлд гишгэгдэн алга болно. Тийм болохоор сэтгэлээсээ аливаа зүйлд хандаж байж гэмээнэ л жинхэнэ уран бүтээл төрж гарна даа.


www.topmedee.mn

Mongolian Art

Amarsanaa Lkhagva