Удиртгал
Хүн
төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний
аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн
хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм
уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.
Орост Х зууны
үед зохиогдсон "Игорын Хорооны үг" гэдэг сайхан зохиол бий. Гүржид XII
зууны үед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг
шүлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны
байлдааны түүхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада, Одиссей" гэдэг
хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий.
Тэрчлэн
манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц
товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран
зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж
болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож,
түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой
хүмүүс байсан байна. Нууц товчоог зохиосон хүний нэр байхгүй бөгөөд
нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж
хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил
бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр
байна. Энэ нь чухам үнэн хуваарь нь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь
урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр
дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван
дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон
явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:
- Тэмүжиний уг гарал ба бага насны үе
- Чингисийн идэр нас
- Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
- Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
- Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
- Хэрэйд улсын мөхсөн нь
- Ван хан сөнөсөн нь
- Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
- Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
- Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
- Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
- Чингис хаан нас барсан ба Өгөдэйн хаан
болсон нь
Эдгээр
тоочсон бүлгээс үзвэл Чингисийн үеийн зөвхөн түүх мэт боловч үнэндээ
тийм биш, ардын аман үлгэрийн дээр үндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын
дуу, цэцэг үг, шүлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бүлэг бүрд хорь гучин
шүлэг байна. Хүний яриа ба хэлүүлсэн үгс их төлөв шүлэг байна. Энэ
зохиолд эртний монголын хэлний аялгуу ба үг холбох найруулах хийгээд
шүлэглэсэн ба үргэлжилсэн зохиолын жишээ бүрэн гарчээ.
Нууц
товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор
болсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй
баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг
дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай
төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж
байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний
зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг ХIV зууны
үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч,
Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад
зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц
товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүхч нар их л
дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа
Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон
ба өөр ч олон зүйлийн Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий.
Нууц
товчоог монгол хүн, монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын
зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг
зохиолын тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн
байгуулал" гэдэг номын 6 дугаар нүүрт бичсэн нь: "Дундад зууны үед нэг
ч үндэстэн, Монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж
болох бол бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн
үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг
тэмдэглэвэл зохино" гэжээ.
Энэ зохиол бол Монголын түүхийн
хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн
гайхамшигт уран зохиол мөн. Нууц товчоог XIII зууны үед зохиогдсон ганц
яруу зохиол гэж үзэж болохгүй. Жишээлж хэлбэл, халцгай цөлд ганц өндөр
нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны
зэргэлдээ ургадаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн
Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон
зохиолын нэг нь мөн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж
асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно.
Манай нүүдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байсан сав байхгүй ба
олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учраас ном бичгээ хялбархан
үрэгдүүлдэг байжээ. Хэдийгээр монголын ард түмний түүхт цагийн дотор
бүтээсэн уран бүтээлийн үнэт зүйлийн үлэмж хэсэг нь харамсалтайгаар
үрэгдсэн боловч хуучин үеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван
сайхан зохиол соёлын өв болж үлдсэн байна.
Нууц товчоо ба
Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл
зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн
гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн
бүлэг үлгэрт ардын жаргалант аж амдралыг хүсэх санал тодорхой гарчээ.
Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргүүцэх ардын санал
илэрхий үзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч
төрлийн ба феодалын бутархай жижиг аймгуудыг эсэргүүцэж төвлөн нэгдсэн
улс байгуулах хүсэл тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын
нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос төвлөсөн улс болох
явдал нь түүхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мөн.
Нууц
товчоонд Чингисийн төвлөрсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн
захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй
талыг бас нуусангүй. Чухам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах
мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс
байсангүй, олон жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг
тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах
дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.
Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:
"Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв" гэжээ.
(Нууц товчооны 254 дүгээр зүйл)
Ийм
эв найргүй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж
тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бүтээсэн
боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтаж бичнэ. Дараа нь Чингис хаан
тэргүүтэй Монголын язгууртан гадагш өнгөлзөж, зэргэлдээ суугаа тэр
цагийн соёлжсон улсуудыг сүйтгэсэн хэрцгий явдлыг өгүүлжээ.
Чингис хаан ба түүний өрлөгүүдийн хэрцгий түрэмгий байдлыг Нууц
товчоонд бичсэн нь:
"Ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зүрхтэй
Гадас цүүцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой
Түмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шүлсээ
Савируулж айсуй,
Шүүдрээр унд хийж
Шүлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргүүтэй
Зэлмэ, Сүбэдэй дараатай
Тэр дөрвөн ноход
Тэмүүлэн хүрч ирэв" гэжээ.
Энэ
Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр
талыг хэтэрхий сайшаан магтахгүй, хэтэрхий далдлан нуухгүй чухам
үнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм өв зохиол юм. Шинэ Монголын
хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан өв
соёлыг эзэмшихгүй бол бүтэхгүй. Ардын өв соёлын боломжтой талыг ашиглан
авч хэрэглэх нь одоогийн бидний чухал үүргийн нэг мөн. Одоо монгол ард
олны урьдын бүтээсэн, байгуулсан гавьяа зүтгэлийг бүрэн шинжлэн үзэж,
монгол ардын утга зохиолыг хөгжүүлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан
хэрэглэх зорилгыг тавих үүнд, юуны өмнө Монгол ардын түүх зохиолын
дурсгалт бичиг Нууц товчоог анхааран үзнэ.
Энэ зохиолын хуучин
монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр
монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр
бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй.
XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул
энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба
эсвэл анх уйгар монгол үсгээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж
бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь
алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж лав
баримталмаар бичиг байхгүй тул хятад үсгийн эхийг гол болговол зохино.
Нууц
товчоотой холбогдол бүхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг
нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нөгөө нь Алтан товч гэдэг ном юм.
Чингисийн Цэдэгийг тус Хүрээлэнгээс сүйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол
хэвлэлээр 1925 онд хэвлүүлсэн ба нөгөө Алтан товчийг 1937 онд
Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц
товчооноос авсан бага сага зүйлүүд бий ба нөгөө Алтан товч нь бараг
Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ
Алтан товчийг урьд Судар бичгийн хүрээлэнгийн дарга байсан Жамъян гуай,
хуучин Сан бэйсийн хошууны юншиебү овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц
товчоо 282 зүйл болохоос энэ Алтан товчид 233 зүйл нь байна. Гагцхүү
энэ хэвлэгдсэн Алтан товчид үг үсгийг буруугаар ойлгож өөрчилсөн ба
хуулахад ташаарсан зүйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч,
Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол түүхүүдэд Нууц товчооноос авсан
бололтой хэсэг хэсэг зүйлүүд байх боловч тэр бүрийг энд тоочихгүй.
Гагцхүү үүнийг баримт болгож хянавал, Монголын хуучин түүхч, зохиолч
нарын гарт Нууц товчооны уйгур монгол үсгээр бичсэн эх байсан бололтой
гэж хэлж болно.
"Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг
авсан цэргийн товчооны он жил, сар өдрийн бидүүн хураангуйн ойлбор
тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945 онд Өвөр Монголоос олдов.
Түүний дотор Монголын түүхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн
нь:
"1. Түвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг.
2. Чадагчийн цадиг
3. Залуусын хурим
4. Хөх судар
5. Чингисийн шастир
6. Юаны төв их судар
7. Язгуурын түүх
8. Алтан үрстний товч
9. Да Юаны Чин Си бичиг
10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл
11. Алтан урагтны дөт түүх
12. Богд Чингисийн сул тууж
13. Ган му судар
Энэ 13 болно" гэжээ.
Үүний
дотор дурдсан Хөх судар, Чингисийн шастир, Язгуурын түүх, Алтан үрстний
товч, Алтан урагтны дөт түүх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц
товчоотой холбогдолтой байж мэднэ.
Нууц товчооны хятад үсгийн эх
Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн Кафаров,
Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас
чухлы нь сонирхон үзэж судалсаар, Монголын нууц түүх гэдгийг Манжийн
Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнээр сэмхэн авахуулан, зөвхөн
хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд нийтэлснээс
хойш олон газрын эрдэмтний үзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол
үгийг орос үсгээр сийрүүлэн бичиж монгол үг тус бүрийн дор орос
орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан
байтал далайн аянд үхсэн билээ. Түүний туурвисан дэвтэр нь Зөвлөлт
Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт
бичмэл зүйлийн санд хадгалагдан байгаа бөгөөд найрамдлын дотор фото
татуулж, манай Шинжлэх ухааны Хүрээлэнд ирүүлсэн нь одоогийн бидний
орчуулах ажилд тулгуур болж их тус болов.
Энэ Кафаров бол
өөрөө хятадач болохоос биш, монголч биш тул өөрийн үүсгэн явуулж байсан
орчуулга ба хятад эхийн бодитыг нь өөрийн танил залуу монголч Позднеевт
өгсөн байжээ. Позднеев нь шүүмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэвтрээр
зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын түүх гэж
нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96
зүйлийг чулуун бараар орос монгол үсгээр бичиж нийтэлсэн байна.
Бас
энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зөвлөлт улсын
эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд
Нууц товчооны эх ба орос хэл дээр хөрвүүлсэн орчуулгыг судлалын хамт
нэг дэвтэр болгож хэвлэсэн байна.
Нууц товчооны эхний гурван
бүлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлүүлсэн Нууц товчооны эх
орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож
хэрэглэв. Франц улсын нэр өндөр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн
энэ түүхийг шинжлэн, сонирхолтой сэдвүүдийг хэсэг хэсгээр нийтэлсээр
сүүлийн үест бусад холбогдох бичгүүдтэй чацуулан үзэж гүн боловсруулан,
зургаан бүлгийн орчуулгыг бүрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна.
Германы
Хэниш гэдэг хятадач, мөн түүхийг шинжилгээ үйлдэж, хэдэн зүйлийг 1931
онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлүүлсэн
ганцхан эхийг баримталж латин үсгээр сийрүүлэн бичиж, мөн түүхэнд орсон
үгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай
сонирхон бүхий түүхийг их эрт бөгөөд Юань улсын мөхсөний дараа, Мин
улсын Хун ү хааны үед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их
хоёр орчуулсан гэж Кафаров, хятад түүхээс иш татаж мэдээлнэ. Нууц
товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зөвлөлт улсын эрдэмтэн нар
их хүчин гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлүүлж байгаа үүнд, манай
Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хүртэл үгүй. Тэр ч
байтугай, монгол үсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгүй. Гагцхүү
байгаа нь Цэнд гүнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны Хүрээлэнд
хадгалагдаж байна. Автономитын үед гүн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей
Дэ-хуйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол үсгээр сийрүүлэн бичсэн ба
монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гүнгийн сийрүүлэг орчуулга хоёр
алин ч зөвхөн сонирхон үзэгчдийн туурвил төдий боловч одоо хэр ондоо
монгол үсгээр бичсэн эх байхгүй тул түүнийг хянаж үзээд хэвлэе гэж
шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрүүлэг нь Зөвлөлт Улсын Академид бий ба
нөгөө орчуулга нь бидний гарт байвч нягт бус бөгөөд маш товч байна.
Нууц товчоонд хэдэн зуун шүлэг байх атал энэ орчуулгад нэг ч шүлэг
байхгүй, уг шүлгийн заримыг үргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг
зүгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал
ба сийрүүлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гүнгийн хагас ба нягт биш
орчуулгыг хэвлэхэд сэтгэл түвдэхгүй тул бид, монгол үсгээр сийрүүлэг ба
орчуулгыг хийхээр шийдсэн билээ.
Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан
бичихэд хэрэглэсэн бичгүүдийг тоочвол:
Козины хэвлүүлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр:
С.А.Козин, Сокровенное сказание, том 1, 1941.
Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.
Кафаровын хийсэн Нууц товчооны сийрүүлэг ба хадмал орчуулга (фото
зураг).
Мөн
Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит
Палладий (Кафаров), Старинное Монгольское сказание о Чингис хане.
Хэнишийн 1935-1939 онд хэвлүүлсэн Нууц товчооны сийрүүлэг ба толь.
Рашид Эддиний зохиосон Монголын түүх: Березиний орос хэлэн дээр
орчуулсан дэвтэр.
Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гүнгийн орчуулсан Нууц
товчооны эх бичмэл хоёр дэвтэр.
Чингисийн
Цэдэг, Алтан товч, Монголын олон зүйлийн түүх, толь бичиг, Позднеевын
Нууц товчооны хагас сийрүүлэг, Алтан-Очирын Нууц товчооны сийрүүлэг,
Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон "Монголын
нийгмийн байгуулалт" зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.
Эдгээр
номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгүй үг бүрд
тайлбар зүүж, хуучин монгол хэлээр нь хуучин монгол үсгээр сийрүүлэн
бичээд, дараа нь мөн сийрүүлгээ баримталж, одоогийн монгол хүнд
ойлгогдохгүй болсон үг өгүүлбэрийг ойлгомжтой үг өгүүлбэрээр сольж
найруулан, одоогийн монгол бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун
жилийн урьдах монгол хэл бол одоогийн монгол хэлнээс нэлээд өөр тул
хуучин хэлээр хэвлэвэл цөөн төдий сэхээтэн хүн үзэхээс биш, олон нийтэд
ойлгогдохгүй болно. Ийм тул сэхээтэнд зориулан Нууц товчооны жинхэнэ
эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах
зорилгыг тавьж утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг
гээгдүүлэхгүйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв.
Долоон
зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох үедээ уншигчдад аль зэрэг
уран сайхан сонирхолтой байсан бол мөн одоо цагт монголын уншигчдад тэр
зэрэг уран сонирхолтой болгож үзэхийг чармайсан билээ. Орчулагч миний
бие, монгол ардын аман зохиолоор хүмүүжиж, аман зохиолыг дууриан шүлэг
бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа түүний шүлгийг
орчуулахад үнэн зүрхнээс сэтгэл хөдөлж, чухам тохиромжтой сайхан үүрэг
гэж оролдож гүйцэтгэв.
Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах
гэдэг үг баахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бүтээсэн ажил нь
чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар
зүйлд өгүүлсэн нь: "Мөнхү дайсу сэтхижү оорчаг болжу ябужуу, эдоэ яу
хүрүрэ ирэжүү. Ину мэтүси чиунтур үлибэ. Яа Яусаарамуй. Нидуну эчинэ
хэдхүн гэв. Төдүйхү мохориулба. Үүнийг орчуулбал: "Хорт сэтгэл агуулж
ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт
чацуулж хядсан биш үү. Юунаас буцна. Нүднээс далд болго гэсэнд түүнийг
даруй алав".
Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол
болгосон боловч зарим зүйлийг нягтлан үзэж нэлээд үг өгүүлбэрийн
тайлбар утгыг өөрсдийн үзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79
дүгээр зүйлд ийм үгс бий: "Тэдүй атала, тайчуд-ун Таргудай-Хирилтуг
тургауд-иян удуритчу, "Хоругад гоожижуу, шилүгэд шибэрижүү!" хээн
ирээжүү". Үүний дотроос Хирилтугийн хэлсэн үгийг эрдэмтэн нар янз
бүрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ үгийг
"хулхад, хучичи, шилүгэн шибэрчихү ирэжүхүй" гэж бичжээ. Эдгээр хулхад
хучичи, шилүгэн шибэрчихү гэдэг үгсийг Хирилтугийн хамт ирсэн дөрвөн
хүний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй
ташаарсан хэрэг болно. Уг утга нь Тайчууд нар Тэмүжин ба Өэлүн эхийг
хаяж нүүснээс хойш хэдэн он өнгөрч, Тэмүжин нар нэлээд тэнхэрсэн тул
гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн үг билээ. Иймийн тул Тэмүжин нарыг
хэнхрэв гэсэн утгатай үг байх хэрэгтэй. Үүнийг Цэнд гүнгийн орчуулсан
нь: "Түүнээс тайчуудын Хирилтуг нар үгүүлэлдрүүн, уул орхисон Тэмүжиний
эх хөвүүд эдүгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигүүр өд өсжээ. Гөрөөсний
зулзага мэт шүд, хумс ургажээ хэмээн нөхдөө авч иржээ". Кафаровын
орчуулга мөн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан
бизээ.
Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зөвшөөрөхгүй орхиж,
өөрсдийн саналаар орчуулсан нь: "Чингэж байтал, тайчуудын
Таргудай-Хирилтуг шадар нөхдөө дагуулж "Хурганы үс гуужив. Төлөгний бие
төлжив хэмээн довтлоор ирэв: "Үс", "Бие" гэдэг үгийг нэмэлт тайлбар
болгож оруулсан ба хуругад, шилүгэд гэдэг үгийг хургууд, төлгүүд гэсэн
үг гэж санана. Шилүгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы хэлэнд хоёр
настай хонийг хэлнэ.
Бас 105 дугаар зүйл дэх Тэмүжиний Жамухад хэлүүлсэн үгийг уг эх ба Цэнд
гүнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:
Уг эхэд байгаа нь:
"Гурван мэргэд-тэ ирэжү
Өрө-бэн hөгтөрхү болдагдаа би.
Өнэр нигэн тан бусуд-у бида?
Өсүл-иен хэр өсүхүн?
Эбүр-иен hэндүлдээ би.
hэлигэнү уруг бусуд-у бида?
hачи-иян хэр hачилахун бида?
Цэнд гүнгийн орчуулсан нь:
"Эм хүүхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хүн,
энэ зэрэг өшөө хорыг яахин хариулах вэ?
Бидний орчуулсан нь:
"Өст Мэргид ирж
Өрий минь өвтгөв
Өврий минь хоослов.
Өмөг түшиг болох
Өнөр төрлийн та нар
Өшөөг авч өгнө үү.
Элэг зүрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ өшөөг авч өг"
Бид
Нууц товчооны хятад үсгээс дам латин ба орос үсгээр сийрүүлсэн
бичгүүдийг баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид
Эддиний зохиосон Монголын түүх зэргээс уг эхэд үгүй боловч баймаар
зүйлүүдийг бага сага нөхөж оруулсан зүйл бий. Жишээ болгож Нууц
товчооны 86 дугаар зүйлийг Алтан товчтой зэрэгцүүлэн үзэж бичсэнээ
үзүүлбэл: "Гуравдугаар өдөр, [дөнгөт хүн хаа холдох билээ? А.то.]
"Түүнийг манайхан нуусан биз. Өвөр зуураа айлуудыг нэгжье" гэж айл
бүрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хүртэл
нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмүжиний
хөлд хүрвэл Сорхон-шар өгүүлрүүн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд
хүн яахан байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то.] гэвэл нэгжүүлийн хүмүүс
бууж одов" гэжээ.
Энэ зүйлийн дотор "дөнгөт хүн хаа холдох
билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ хоёр өгүүлбэр үнэхээр байвал
зохимоор өгүүлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны
эхэд нөхөж оруулсан билээ. Санавал хятад үсгээр монгол хэл дээр
бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдсон эх биш, дам
уламжлан хуулсан эх мөн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас Нууц
товчооноос хуулж авсан өдий төдий зүйл бийг дээр дурдсан билээ. Рашид
Эддинд бас Нууц товчооны нэг эх байсан бололтой.
Нууц товчооны
хятад үсгийн эхийг эдгээр түүх бичгүүдтэй нийлүүлэн үзэж, чухам баймаар
зүйлүүдийг нөхөж оруулах нь зүйтэй хэрэг гэж бид бодож, тийнхүү нэлээд
үг өгүүлбэрийг нөхөж бичсэн билээ. Ингэхдээ нэмсэн үг өгүүлбэр бүрийг
дөрвөлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг
тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то."
гэж хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ." гэж хурааж тэмдэглэв. Рашид
Эддинийг хэвээр тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн үгийг бас
дөрвөлжин хаалтад хийж, тайлбарласан үгээ дүгрэг хаалтад хийв. Иймийн
тул дөрвөлжин хаалт доторх үгийг нэмсэн үг гэж, дүгрэг хаалт доторхыг
тайлбарласан үг гэж мэдэх хэрэгтэй.
Төгсгөлд нь Нууц товчоог
зохиоход Монголын нийслэл байсан Хөдөө арал, Долоон болдог, Ауруг
хэмээх гурван газрын тухай цөөн үгээр тайлбарлаж өгүүлэхийг хүсэж
байна.
Монголын нутаг ой, тал, говь гурван бүсэд хуваагдана.
Мал аж ахуйд тал хээрийн бүс үлэмжхэн рольтой байдаг. Ой модоор
бүрхэгдсэн уулархаг бүсээс тал хээрийн бүс уруу шургаж орсон уулнууд
бол орчин тойрны тал хээрийн ам газраас илүү чийг тунадастай байдаг
учраас өвс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр
газрын өвс бэлчээрийн чухал нөөц болдог юм. Хэрлэний Баян-Улаан уул бол
чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5
өргөрөгт оршино. Энэ уул бол өвс усаар маш элбэг, малын бэлчээр гойд
сайн учраас хавьойрын олон ардын их өвөлжөө газар болно. Ялангуяа зуд
болоход энэ уул айл малаар дүүрэн болдог. 1945 оны зудад хавь ойрын тав
арван сумын ардууд энэ ууланд ирж өвөлжихийг бид нүдээр үзсэн бөгөөд
энэ ууланд ирсэн ардын мал бараг үхээгүй, харин цас шуурганд саатаж энэ
ууланд ирж чадаагүй ардын мал үлэмжхэн турж үхсэн билээ.
Хэрлэн
бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зүүн тийш эргэсний доторх нэг
их тохойд энэ уул орших бөгөөд энэ уулын зүүн сугаар Цэнхэрийн гол
(урьдын Сэнхүр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх тул тэр уулыг
нэгэн их арлын хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон
эртний Хөдөө арал гэдэг газар бол энэ Баян уул мөн бололтой юм.
Нууц
товчооны эцсийн 282-р зүйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай
тодорхой мэдээ байдаг. Энэ зүйлийг энд сийрүүлье: "Их хуралдаа хурж
хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог Шилгэнцэг
хоёрын завсар ордос бууж бүхүй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана
жил бол 1240 он мөн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм.
Харин Хэрлэний Хөдөө арал хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож
чадаагүй байсан юм. Хэрлэний Хөдөө арал гэдэг бол одоогийн Баян-Улаан
уул мөн болов уу гэдэг миний саналыг түүхч Х.Пэрлээ дэмжиж хэдэн
өгүүллийг бичсэн байна.
1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан
ууланд очиж хөндлөн гулд явж газар нутгийн байдалтай танилцсан билээ.
Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой өндөр сайхан
уул юм. Үүнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мөрний зүүн салаа Хар
ус буюу Өргөн ус гэдэг гол Долоодын өврөөр зүүн урагш урсаж гучаад
километр яваад Хэрлэнд нийлэх бөгөөд энэ хоёр голын хооронд өргөн арал
байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хөдөө нуур
зэргийн хэдэн нуур бий.
Баян-Улааны баруун урд үзүүрт Хэрлэн
уруу шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон толгойг одоо
нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо
бичигдсэн Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог мөн гэж бодож байна.
Эдгээр долоон толгойн нэр нь:
1. Дөрвөлжин
2. Сүүл
3. Их улаан толгой
4. Бага улаан толгой
5. Олон овоо
6. Тахилгат
7. Гацаа
Одоо
Аварга тосон гэдэг нэрийн тухай өгүүлье. Тосон гэдэг жижиг нуур бол
эртнээс одоо хүртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал
давслаг нуур юм. Одоо жил бүр 8-р сарын үед Тосонд олон гэр майхан
барьж хүмүүс энэ нуурт орж биеэ сувилдаг байна.
Тосон нуураас
зүүн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш
чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын гол хөвөөн дээр Хэнтий аймгийн
Дэлгэрхаан сумын төв байна. Дэлгэрхаан сумын төвөөс баруун урагш
Аваргын рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын
дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж
үзээд одоогийн Аварга гэдэг нэр бол ХIII зууны үед байсан Монголын орд
Аураг мөн гэдэг саналыг дэвшүүлсэн билээ. Аураг гэдэг үг хуучирсан учир
Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай "аварга" гэдэг
үг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрх
туурийг 1969 онд археологич Х.Пэрлээ малтаж үзээд XIII зууны үеийн
хотын үлдэгдэл мөн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны үлдэгдэл мөн
гэж үзсэн байна. Тус хотод гар урлалын хүмүүс сууж байсан ба том орд,
сүм зэрэг байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт
олджээ. Мөн тэндээс 10,4 см өргөн нүхтэй тэрэгний цөн, залгацтай чулуун
багана зэргийг түүхч Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай өгүүлэл бичиж
нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон
сонирхож тэр цагт барилгын чадвар өндөр шатанд хүрч байсныг
тэмдэглэжээ.
Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нүүдэллэж
байгаад сүүлдээ суурьшсан бололтой. Нууц товчооны 136-р зүйлд бичсэн
нь: "Чингис хааны Ауруг Харилт нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос
Жүрхэн тавин хүний хувцсыг тонож, арван хүнийг алжээ. Жүрхэнд тийн
хийгдэв гэж бидний Ауруг-тур хоцрогсод Чингис хаанд өгүүлбээс . . .
Чингис хаан Жүрхэнд морилов. Жүрхэнийг Хэрлэний Хөдөө аралын Долоон
болдогт байхад довтлов" гэжээ. Үүнээс үзэхэд тэр үед Жүрхэн нар
Хэрлэний Хөдөө аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг
орд Харилт нуур гэдэг газарт байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь
Хэрлэний Хөдөө аралд сүүлдээ суурьшсан бололтой. 1189 оны үед Чингис
хаан Жамухаас салаад Сэнхүр горхины (Цэнхэрийн голын) Хар зүрхэний Хөх
нуурт нүүж ирсэн тухай Нууц товчооны 122-р зүйлд бичсэн ба мөн Нууц
товчооны 123-р зүйлд Чингисийг хаан болгон өргөмжлөв гэж байна.
Цэнхэрийн голын эхэнд Хөх нуур ба Хар зүрх гэдэг уул одоо ч мөн нэрээ
хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс үзэхэд Чингисийг Цэнхэрийн голын
Хар зүрх гэдэг уулны хавьд хаан өргөмжилсөн юм шиг болж байна. Гэвч
Нууц товчооноос бусад түүхнүүдэд Чингисийг Хар зүрхэнд биш, түүний урд
залгаа болох Хэрлэний Хөдөө аралд хаан өргөмжилсөн гэж байдаг. Жишээ
нь: Саган сэцэний "Эрдэний товчид" өгүүлсэн нь: "Тэмүжин хаан хөвгүүн
хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мөрний Хөдөө
аралд хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих"
хэмээх түүхэнд Чингис хааныг Хэрлэн мөрний Хөдөө аралд хаан суусан гэж
бичсэн байна.
XIII зууны үед Хархорумаас гадна Чингис хааны
гурван орд байсан бөгөөд түүнийг тусгай ноёд харгалзан захирч байсан
байна. Эдгээрийн нэг нь Японы түүхч Янай Ватари-ийн магадласан ёсоор
Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон болдог, Шилгинцэг
хоёрын хооронд байжээ. Энэ ордыг "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл"
гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн байна. Эдгээр дөрвөн
ордыг Хубилай хааны хүү Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас үзэхэд
нүүдэллэн явах хэдэн гэр байгаагүй, нэлээд тохитой байран суурин том
хот суурин байсан гэж үзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн
голын хавиар анхандаа нүүж байгаад сүүлд Хэрлэнгийн Хөдөө аралд
суурьшсан бололтой. Тэр Ауруг ордны үлдэгдэл нь одоогийн Баян-Улааны
Хар талд Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын
туурь мөн гэж бид бодож байна.
Урьдын Ауруг гэдэг үг сунжраад
одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна. Ауруг гэдэг нэр угтаа
аварга их, агуу их гэсэн үг биш юм. Ауруг гэдэг үгийн үндэс нь одоо
монгол хэлэнд байгаа агуур, уурхай (агуурхай), агуулах, агуулга гэдэг
үгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг үг угтаа аливаа юмыг агуулах амбаар
склад гэсэн утгатай үг бололтой. XIII зууны үед хааны ордны дэргэд
аливаа хүнс тэжээл, эд барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны
орд төв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж
зоорийн нэр байна.
Хэрлэний Хөдөө арал нь одоогийн Баян-Улаан
уул мөн. Хөдөө аралын Долоон болдог нь одоогийн Долоод мөн. Хэрлэний
Ауруг нь одоогийн Аварга мөн гэдэг гурван саналыг бид дэвшүүлж байна.
Цэндийн Дамдинсүрэн
Буцаах Үргэлжлүүлэх
(Хуучин
монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн
орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар,
Улаанбаатар. 1990
Back