Удиртгал
1-р бүлэг
Тэмүжиний уг гарал ба бага насны уе
2-р бүлэг
Чингисийн идэр нас
3-р бүлэг
Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
4-р бүлэг
Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5-р бүлэг
Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6-р бүлэг
Хэрэйд улсын мөхсөн нь
7-р бүлэг
Ван хан сөнөсөн нь
8-р бүлэг
Хүчүлүгийн дүтаасан ба Жамухын дарагдсан нь
9-р бүлэг
Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10-р бүлэг
Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11-р бүлэг
Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12-р бүлэг
Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь

Dschingis khan, Chinngis khan, Tschingis chaan, Genghis khan, Чингис хаан
"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
Бөртэ чоно, Börte Tschono, Bürt chon, Wulf, Wolfshaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө Удганbuu, shaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө УдганМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчооМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. Отгонбаяр, Mongolian ComicМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)


"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
otgo-art_facebook

Монголын Урлаг

Монголын нууц товчоо

Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

        Хүр гэсэн газар хүрч
        Хүр чулууг хэмх цохиж
        Халд гэсэн газар халдаж
        Хад чулууг хага цохиж
        Цэгээн чулууг бутартал
        Цээлийн улсыг цалгитал
        Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ" гэв. "Хубилай чи цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье" гэв.

210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн:
"Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэн чэрби нар аа! Энэ хунан,

        Харанхуй шөнө
        Халдах чоно болж
        Гэгээн өдөр
        Хэсэх хэрээ болж
        Нүүхэд үлдэхгүй
        Үлдэхэд нүүхгүй
        Үргэлж намайг дагаж
        Харийн дайсанд
        Халуун нүүр өгч
        Харилцдаггүй
        Өшөөт хүнд
        Өмөг тус болж
        Өөр зан гаргадаггүй билээ.

Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлсийг үйлдэгтүн" гэж зарлиг болов. "Хөвүүдий минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор түмний ноён болтугай" гэж зарлиг болов. "Хунан Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл, үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ".

211. Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: "Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй" гэж зарлиг болов.

212. Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун" гэж зарлиг болов.

213. Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: "Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хүрээ болж

        Будан мананд төөрөлгүй
        Булаалдах дайн салалгүй
        Нойтонд хамт норж
        Хүйтэнд хамт хөрж
        Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Үнгүр өгүүлрүүн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих идээг түгээж, баруун талын хүмүүст байр байраар олгож, зүүн талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ рэг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун" гэж суурийг зааж өгөв.

214. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас

        Хөдөөнөөс олж
        Хөлдөө бүүвэйлж
        Хүмүүжүүлэн тэжээж
        Хүзүүнээс чинь татаж
        Хүний зэрэг болгож
        Эгмээс чинь татаж
        Эрийн зэрэгт оруулж

Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул надад нөхөр болж 

        Хурдан аянд мордож
        Хуртай шөнө тохиолдовч
        Хоол ундгүйгээр
        Хоосон хонуулсан удаагүй,
        Яаралтай дайнд
        Ямар ч бэрхшээл тохиолдовч
        Шөл тасалдуулж
        Өл алдуулж байсангүй
        Өвөг эцгийг минь хорлосон
        Өстөн татаарыг доройтуулж
        Өшил өшиж
        Хясал хясаж
        Тэр татаар иргэнийг
        Тэрэгний бултай чацуулж
        Түүнээс өндөр нуруутныг
        Түүж хядах цагт

Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирж, манай эхийн гэрт орж ирээд "Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж баруун исэр (ор)-ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавцуулж гүйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зүүн талд сууж байсан Алтани "Хүүгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар үхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав, хөвүүний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр өгүүлрүүн: "Бид даруй гүйн ирж түүнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон байх билээ. Хөвүүний амийг аварсан гавьяа биднийх болно"гэвэл, Алтани өгүүлрүүн: "Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний амийг хорлож амжсан байх бишүү?" гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв.
Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүний амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё" гэж зарлиг болов.

215. Бас "Охин ургаа соёрхол өгье" гэв. 

216. Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: "Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай" гэж зарлиг болов.

217. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй" гэв.

218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: "Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил өгүүлрүүн: "Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай" гэж зарлиг болов.

219. Бас Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн: "Намайг өчүүхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийг би харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг хүсч байна?" гэвэл, Сорхан-шар ба түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтүгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,

        Олон дайсанд довтолж
        Олз юм олбол
        Олсноо бүрэн автугай!
        Аян ав хийж
        Ан гөрөөс албал
        Алснаа бүрэн автугай!"

гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Түдэгэгийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!" гэж зарлиг болов.

220. Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: "Ширээт өвгөн, Алан Наяа хоёр хөвүүний хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов.

221. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож захирагтун гэв.

222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж өгөөд мянганы ноён болгов.

223. Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв.

224. Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: "Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хувүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье" гэж зарлиг болов. "Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай" гэв.

225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! гэж зарлиг болов. 

226. "Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов.

227. Бас Чингис хаан зарлиг болж өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхүү ахлагч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүн. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтүүлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.

228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов.

229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?


Буцаах Үргэлжлүүлэх
otgo-art_facebook

(Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар. 1990

Back

Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)