Удиртгал
1-р бүлэг
Тэмүжиний уг гарал ба бага насны уе
2-р бүлэг
Чингисийн идэр нас
3-р бүлэг
Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
4-р бүлэг
Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5-р бүлэг
Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6-р бүлэг
Хэрэйд улсын мөхсөн нь
7-р бүлэг
Ван хан сөнөсөн нь
8-р бүлэг
Хүчүлүгийн дүтаасан ба Жамухын дарагдсан нь
9-р бүлэг
Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10-р бүлэг
Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11-р бүлэг
Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12-р бүлэг
Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь

Dschingis khan, Chinngis khan, Tschingis chaan, Genghis khan, Чингис хаан
"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
Бөртэ чоно, Börte Tschono, Bürt chon, Wulf, Wolfshaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө Удганbuu, shaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө УдганХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараmongolian comic about Chinngis khanХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараmongolische Miniaturmalerei und ZeichnungenTakhai, Хоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараTsagaan Gua, mongolian art, mongolische KunstХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараSorkhon Shara, Sorhon shar, Хоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайMongolian Comic, Булугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, ХучүгүрMongolart, Булугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайMongol urlag, Mongolart, Mongolian art, Mongolische KunstБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэMongolian Comic, Mongolischer Comic, PaintingДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэЮрүхан, Хөхө, Зэв, Удутай, Бала-чэрби, Хэтэ, Сүбээдэй, Мөнх, ХалжаЮрүхан, Хөхө, Зэв, Удутай, Бала-чэрби, Хэтэ, Сүбээдэй, Мөнх, ХалжаЮрүхан, Хөхө, Зэв, Удутай, Бала-чэрби, Хэтэ, Сүбээдэй, Мөнх, ХалжаMongol urlag, nomiin har zuragМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаанМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаанМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан)Монгол зургийн аргаар зурагдсан ном "Чингис хаан" Mongolian Comic about Chinngis khanМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. Отгонбаяр


"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
otgo-art_facebook

Монголын Урлаг

Монголын нууц товчоо

Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн: "Би ноднин жил чамд хэлсэн биш үү. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд би ингэж хэлсэн билээ:

        "Булган дахын чинь хариуд
        Бутарсан улсы чинь
        Бөөгнөрүүлж өгье
        Хар булган дахын чинь хариуд
        Хагацсан улсы чинь хамтатгаж өгье.
        Цэрээ цээжинд байлга
        Бөөрөө бөгсөнд байлга
        (Ах захтай байг)"

гэж хэлсэн билээ. 
   
        Одоо тэр үгэндээ хүрч, 
        Булган дахын чинь хариуд
        Бүгд мэргэдийг
        Бүрэлгэн довтолж
        Бөртэ үжинийг чинь
        Буцааж өгье.
        Хар булган дахын чинь хариу
        Хамаг мэргидийг
        Хамх цохиж
        Хатан Бөртий чинь
        Хариулж авчиръя.

Чи Жамуха дүүд хэл өг. Жамуха дүү Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай" гэв.

105. Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмүжин, Жамухад Хасар Бэлгүтэй хоёрыг илгээж хэлүүлсэн нь:

        "Өст мэргид ирж
        Өрий минь өвтгөв
        Өврий минь хоослов.
        Өмөг түшиг болох
        Өнөр төрлийн та нар
        Өшөөг авч өгнө үү.
        Элэг зүрх минь
        Эмтэрч байна.
        Элгэн садан та нар
        Энэ ө
шөөг авч өг" гэв.

Бас Хэрэйдийн Тоорил ханы үгийг Жамухад, уламжлан хэлсэн нь: "Эрт өдөр эцэг хан Есүхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилтугай. Хамтрах болзоог Жамуха дүү мэдтүгэй" гэснийг уламжлав. Эдгээр үгийг сонсож гүйцээд Жамуха өгүүлрүүн:

        "Өнөө Тэмүжин анд
        Өдий зовлон бэрхэд
        Өртөгдсөнийг сонсоод би
        Өр өвдөж
        Өршөөн санана
        Элэг эмтэрч
        Эмгэнэн гашуудна.
        Эл өшөөг нэхэж
        Эдгээр мэргид аймгийг
        Эвдэн мөхөөж
        Эхнэр Бөртийг
        Эргүүлж авчиръя
        Хамаг хаад мэргидийг
        Хамх цохиж
        Хатан Бөртийг
        Хариулж авъяа
        Давирах гөлмийн чимээг
        Дайны хэнгэргийн дуу гэж
        Ташааран дутаагч Тогтоа
        Дайд Буур-хээрт
        Ташаалдан суугаа биз.
        Давхар хоромсгын амсар
        Дарвалзан хөдлөхөд
        Дайн тулаан болов гэж
        Ташааран дутаагч
        Дайр-Үсүн одоо
        Давлагат Орхон Сэлэнгийн
        Талхун аралд
        Далдиран суугаа биз.
        Хамхуул өвс хийсэхэд
        Халдах дайсан ирэв гэж
        Хар ойр чиглэж
        Хашхиран дутаагч муу
        Хаатай Дармала одоо
        Харжийн талд
        Хааш ч үгүй байгаа биз.
        Сайхан Хилго мөрөнд
        Сахал өвс их гэнэ
        Сахал өвс түүгээр
        Сал хийж болдог гэнэ.
        Өнөө дөхмийг бодож
        Өвсөөр сал хийж
        Өргөн Хилго мөрнийг
        Өнгөрч хөндлөн гараад
        Өөдгүй муусайн мэргидийн
        Өнөөх муу Тогтоагийн
        Өрх үүдий нь эвдэж
        Өм цөм дайрч
        Өнгөтэй эдий нь олзолж
        Өвөртлөх эмий нь булааж
        Өсөх үрий нь тасалж
        Өшөө хорсголоо авъя!
        Хутагт эрхэм шүтээний нь
        Хуга татаж эвдээд
        Хувхай болгож хая!
        Хотол их улсы нь
        Хоосон болтол довтолъё" гэв.

106. Жамуха бас Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт хэлүүлсэн нь:     
        "Одоо би
        Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж
        Хар бухын арьсаар бүрсэн
        Харгис дуутай хэнгэргээ дэлдэж
        Хатан болд жадаа барьж
        Халх хуягт дээлээ өмсөж
        Хатгах зэвт сумаа онилж
        Хар хул морио унаж
        Хамаг олон цэргээ дагуулж
        Хаад мэргэдийг халдан довтолж
        Хатгалдан байлдахаар мордов би.
        Үзэмжит сайхан тугаа тахиж
        Үхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
        Үргэлж хэлхэ хуягаа өмсөж
        Үзүүр хурц илдээ барьж
        Үнэхээр мэргэн сумаа онилж
        Үлэмж сайн морио унаж
        Үй түмэн цэргээ дагуулж
        Үхээнц муусайн мэргид иргэнтэй
        Үхтэл тэмцэхээр нэгэнт мордов.

Тоорил хан ах мордож, Бурхан халдуны өврөөр Тэмүжин андыг дайрч аваад Онон мөрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтүн. Би эндээс нэгэн түмэн цэрэг авч мордоод замд Онон мөрөнд нутаглаж байгаа Тэмүжин андын харъяат нараас бас нэгэн түмэн цэрэг авч, бүгд хоёр түмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж нийлье" гэж илгээв.

107. Жамуха эдгээр үгийг Хасар Бэлгүтэй хоёроос Тэмүжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын үгийг сонсмогц хоёр түмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны өврөөр Хэрлэний Бүрги эргийг чиглэн явав. Үүнийг Тэмүжин сонсоод Бүрги эргээс хөдөлж, Бурхан халдуны өвөр Түнхэлэг өөд нүүж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дүү Жаха хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин, цэргээ авч очиж нийлэн буув.

108. Тэмүжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хөдөлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хүрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хүлээжээ. Тэмүжин, Тоорил, Жаха хамбу гурав бас цэргүүдээ засаж хүрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха өгүүлрүүн: "Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш билүү? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш билүү?" гэвэл, Тоорил хан өгүүлрүүн: "Тогтсон болзооноос гурав өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дүү минь мэд" гэв. Болзоо хожидсон тухай ийм үгийг ярилцаж өнгөрөв.

109. Ботохан-бооржиос бүгдээр хөдөлж, Хилго мөрөнд хүрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн өрх дээрээс нөмрөн бууж, эрхэм шүтээний нь эвдэн сүйтгэж, эм хүүхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мөрөнд нутаглах загасчин ба булга агнагчид, гөрөөчид "дайсан айсуй" гэж тэр шөнийн дотор Тогтоа бэхид хэл хүргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр Үсүн хоёр хамтарч цөөн нөхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов.

110. Мэргидийн улс дүрвэж, тэр шөнө Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргүүд дүрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмүжин, дүрвэж яваа хүмүүсийн дундуур "Бөртэ Бөртэ" гэж дуудан, эрж явтал, дүрвэж яваа иргэний дотор байсан Бөртэ үжин Тэмүжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гүйж ирээд, Тэмүжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмүжин шөнийн саруулд үзвэл Бөртэ үжин мөн тул тэврэлдэн учрав. Тэмүжин мөн шөнө Тоорил хан Жамуха анд хоёрт хүн илгээн хэлүүлсэн нь: "Эрсэн хүнээ олсон тул энэ шөнө довтлохоо зогсож энд бууя" гэв. Дүрвэж явсан мэргидүүд мөн шөнө хаана хүрсэн, тэр газраа бууж хонов. Бөртэ үжин мэргидийн гараас гарч Тэмүжинтэй уулзсан ёс ийм бүлгээ.

111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Үсүн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хүнийг дагуулж Тогтоа бэхийн дүү Их Чилэдүгийн гэргий Өэлүнийг Есүхэй баатарт булаагдсаны өшөөг авна гэж тэр нэг өглөө мордсон билээ. Тэр цагт Тэмүжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмүжинийг олсонгүй. Харин Бөртэ үжинийг барин авч Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгч асруулсан ажээ. Түүнээс хойш Бөртэ үжин Чилэгэр бөхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бөх дутааж гараад гэмшиж өгүүлрүүн:

        "Хар муу хэрээ
        Хальс холтос идэх заяатай байтал
        Харлаг галууг идэхээр
        Халдан тэмцэх мэт.
        Хариугүй муу Чилэгэр би
        Харин ихийг санаж
        Хатан үжинд халдаж
        Хамаг мэргид иргэнийг
        Хачлагдах аюулд учруулж
        Халх нөмөргүй болж
        Харанхуй шөнө зугтан гарч
        Хадны хавчилд хоргодон
        Хайран амиа гээх
        Хар толгойгоо алдах болов
        Хулд муу шувуу
        Хулгана оготно идэх заяатай байтал
        Хун галууг идье гэж
        Хошуугаа билүүдэх мэт
        Хувхай муу Чилэгэр би
        Хутагт үжин хатныг
        Хувилан авч ирээд
        Хотол олон мэргидэд
        Хор хөнөөл болгов.
        Хохир муу Чилэгэр би
        Хохимой муу толгойгоо
        Хоргодох газаргүй болов
        Хорголын төдий амиа
        Арчлах газаргүй болов
        Харанхуй хавчилд шургах уу
        Хадны завсраар орох уу
        Хаана очих билээ?"
        гээд дутаасан ажээ.

112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж Халдун ууланд явуулав. Бэлгүтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгүтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун үүдээр орвол түүний эх навтархай нэхий дээлтэй бөгөөд гэрийн зүүн үүдээр гарч гадна хүнд өгүүлрүүн:

        "Хайрт хөвүүд минь
        Хаадын зэрэгт хүрч байтал
        Харин би энд
        Харц муу хүнд
        Харъяалагдаж явна
        Хан хөвүүдийн нүүрийг
        Харж яахин үзэх билээ?"

гээд гүн шугуйд гүйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгүй. Үүнд Бэлгүтэй ноён, мэргид овгийн хүнийг үзвэл "Эхийг минь авчир" гэж харвах билээ. Бурхан халдунд Тэмүжин нарыг довтолсон гурван зуун мэргидийг

        Үрийн үрийг хүртэл
        Үнсийг хийстэл хядаж
        Үлдсэн эм хүүхдийг
        Үүдний зарц болгож
        Үзэсгэлэн сайтай заримыг
        Үүрд дотнолж авав.

113. Тоорил хаан, Жамуха хоёрыг Тэмүжин бишрэн өгүүлрүүн:

        "Эцэг хан Тоорил
        Эрхэм анд Жамуха нар
        Эв хүчийг нэгтгэж
        Эрхт тэнгэрийн өршөөлөөр
        Эх дэлхийн ивээлээр
        Эртний өшөөт мэргидийн
        Элэг зүрхийг эмтэлж
        Эрхэм төрлийг сөнөөж
        Эзэмших гэрийг хоосолж
        Элдэв зүйлийг олзлов" гэв.        
Мэргид иргэнийг тийнхүү дайлж буцав.

114. Удуйд мэргидийн дүрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хөөмий дээлтэй, нүдэндээ аглтай, нүүртээ цогтой Хүчү гэдэг нэртэй, таван настай хөвүүн хоцорсныг манай цэргүүд олж авчраад Өэлүн эхэд бэлэг болгон өгөв.

115. Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж

        Олон мэргидийн оцгор гэрийг эвдэж
        Олигтой эмсийг олзолж
        Орхон Сэлэнгэ хоёрын
        Ой талаас буцав.

Талхун арлаас хөдөлж, Тэмүжин, Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Өхөрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сүвчид, Улиат (Улиастай) сүвчид гэдэг газрыг дайрч, ан гөрөө хийсээр Туулголын Хар шугуйд буцаж харив.

116. Тэмүжин Жамуха хоёр, Хорхунагийн хөндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ.

117. Ахас дээдсийн үгийг сонсвол

        Аливаа хүн харилцан
        Анд нөхөр бололцвол
        Амь биедээ
        Арч болж
        Аль алиндаа
        Түшиг болж
        Амраглан ханилах ёстой.

Одоо бид амраглан ялъя гэж Тэмүжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бүсээ Жамуха андад бүслүүлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр-Үсүнээс олзолж авсан алтан бүсээ Тэмүжинд бүслүүлж, мөн Дайр-Үсүний эвэрт ишгэн цагаан морийг Тэмүжинд унуулав. Ийнхүү анд бололцож

        Хорхунаг Жубурын хөндийд
        Хулдгар хуны өвөрт
        Саглагар модны дор
        Сайхан хурим үйлдэж
        Сайтар бүжиглэн жаргаж
        Санаа сэтгэл нэгдэж
        Сайхан нөхөд болоод
Шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ.

118. Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл (дүгрэг сартай) өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн:

        "Тэмүжин анд аа!
        Ууланд шахан бууя.
        Адуучинд гэр болтугай!
        [Ай зөв үү? А.то.]
        Голд шахан бууя
        Хоньчин хургачин нарт
        Хоол болтугай!
        [Хориггүй биш үү? А.то.] гэв.

(Хагас нь адууны бэлчээрийг таатж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн үг бололтой). Тэмүжин, Жамухын энэ үгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгүй хоцроод нүүдлийн тэргийг хүлээж Өэлүн эхэд өгүүлрүүн:

        "Жамуха анд надад хэлэв:
        Ууланд шахан бууя,
        Адуучинд гэр болтугай!
        Ай зөв үү?
        Голд шахан бууя,
        Хоньчин хургачин нарт
        Хоол болтугай!
        Хориггүй биш үү?

гэж өгүүлэв. Би энэ үгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би" гэв. Өэлүн эхийг үг хэлж амжаагүй байтал, Бөртэ үжин өгүүлрүүн: "Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн үг буюу. Бид бүү бууя. Энэ хөдөлсөөр шулуухан Жамухаас хагацаж шөнө турш явъя" гэв.

119. Бөртэ үжиний үгийг зөвшөөж үл буун шөнө турш явж зуур мөрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан олж аваад Өэлүн эхэд өгч тэжээлгэв.

120. Тэмүжин нар тэр шөнө дүлэн явж өдөр гийхэд үзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дүү гурвуул шөнө дүлэн нүүж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дүү тавуул, бас Мэнгиту хианы хөвүүн Үнгүр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дүү нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дүү хоёул ирэв. Боорчийн дүү Үгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсүд аймгаас Дэгэй, Хүчүгүр ах дүү хоёр ирэв. Сүлдүс аймгаас Чилэгүтэй-Тахи, Тайчиудай ах дүү нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр хөвүүнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сүйхэтү чэрби ирэв. Сүхэгэнээс Жэгэй хондгарын хөвүүн Сүхэхэй-Жаун ирэв. Нэүдэйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиүр, Дүрвэд аймгийн Мөчи бүдүүн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хүргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Үсүн өвгөн, Хөхөчөс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хүрээ болж ирэв.

121. Хорчи ирж өгүүлрүүн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй. Гэвч заарин тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь өг" гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь:

        "Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
        Тэмүжинг улсын эзэн болтугай" гэж
        Тээж хүргэж явна" гэж мөөрнө.
Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж зааж үзүүлэв.
"Тэмүжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?" гэж асуувал, Тэмүжин өгүүлрүүн: "Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё" гэв. Хорчи өгүүлрүүн: "Өдий их төрийн үйлийг урьдаас заасан намайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шил
ж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс!" гэв. 

122. Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээ болж, бас Даридай отчигин нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас ийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл-харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээ болж, Нэгүүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээ болж, Хотала хааны хөвүүн Алтан отчигин нэгэн хүрээ болж, Жамухаас салж хөдлөөд Тэмүжинийг Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлх доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув. 

123. Алтан, Хучар, Сача бэхи бүгдээр зөвлөлдөж Тэмүжинд өгүүлрүүн: 

        "Чамайг хаан болгоё. Тэмүжин чамайг хаан болгож бид
        Олон дайнд
        Оройлон явж
        Онц гуа
        Охидыг олзолж
        Ордон сайхан
        Гэрийг авч
        Олны хаан
        Тэмүжинд өгье.
        Харийн иргэнийг
        Халдан довтолж
        Хацар гуа
        Хатдыг олзолж
        Хатир сайт
        Агтыг хөөж
        Авчирч өгье.
        Ороо гөрөөсийг
        Авлах цагт
        Отож ойртуулж
        Өгье бид.
        Хээрийн гөрөөсийг
        Хэтэж авлахад
        Хэвлий нь нийлтэл
        Шахаж өгье.
        Гууны гөрөөсийг
        Агнах цагт
        Гуяы нь нийлтэл
        Шахаж өгье.
        Хатгалдах дайн
        Болох цагт
        Хан тэмүжин чиний
        Хатуу зарлигийг
        Хайхрахгүй явбал
        Хатан эмээс
        Хагацуулан салгаж
        Хамаг юмыг
        Хамран авч
        Хар толгойгий минь
        Хаяж одогтун.
        Энх цагт
        Эзэн Тэмүжин чиний
        Эе зарлигийг
        Эс дагах бол
        Эзэлсэн ардыг авч
        Эм хөвүүдийг булааж
        Энэ биеийг минь
        Эзгүй газар
        Хөөж орхи" гэв.
Ийм үгийг хэлж, ийнхүү ам алдаж, Тэмүжинийг Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн үг бололтой.)

124. Чингис хаан болоод Боорчийн хүү Үгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дүү Жэтэй, Доголху дөрөвт хоромсго агсуулав. Өнгүр, Сүйхэтү чэрби, Хадаан-Далдуурхан гурав өгүүлрүүн:

        "Өглөөний зоогийг
        Өнөд осолдохгүй
        Үдийн ундыг
        Үүрд тасалдахгүй гүйцэтгэж байя" 

гэсэн тул буурч (тогооч) болгов.

        Дэгэй өгүүлрүүн:
        "Алаг сайхан хоньдыг
        Ар дүүрэн бэлчээж
        Хонин олон сүргийг
        Хот дүүрэн өсгөж
        Ховдог төрсөн би чинь
        Хос цувдай хүртэл
        Хошгиног мах идэж
        Өдөр тутам өнжихгүй
        Хоног тутам хожимдохгүй
        Шилдэг иргийг алж
        Шимтэй шөлийг бэлтгэж явъя" 

гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. 

        Түүний дүү Хүчүгүр өгүүлрүүн:
        "Цуургатай тэрэгний
        Цуурга цүүг
        Цуцран эвдрэхгүй болгож
        Тэнхлэгтэй тэргийг
        Тэргүүр замд
        Тээглэн саатахгүй болгож
        Тэрэг гэрийн ажлыг
        Тэгшлэн засаж явъя"

гэсэн тул Хүчүгүрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хүүхэд ба зарц нарыг Додай чирбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж:

        "Хүч түрэмгийлэгчдийн
        Хүзүүг хянгардаж
        Омог ихтний
        Омрууг огтолж яв" гэв.

Бэлгүтэй, Харалдай-Тохураун хоёрыг: "Агт хариултугай. Агтчин болтугай" гэв. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг "Адуу адуултугай" гэв. Архай Хасар, Тахар, Сүхэхай, Чаурхан дөрвийг "Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай гэв. Сүбээдэй баатар өгүүлрүүн:

        "Хулгана оготно мэт
        Хураасан хөрөнгийг хадгалж
        Хар хэрээ мэт
        Хамаг юмыг харамлаж
        Нөмрөх эсгий мэт
        Нөхөөс бамбай болж
        Гэр орныг хамгаалж
        Хэрсгээ бүрээс болъё" гэв.

125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт өгүүлрүүн:

        "Сүүдрээс өөр
        Нөхөргүй байхад
        Сүүдэр минь болж
        Сүүлнээс өөр
        Ташуургүй байхад
        Сүүл минь болж
        Сэтгэлий минь сэргээж
        Санаагий минь амруулсан
        Зүрхний дотно нөхөд минь

Та хоёр хамгаас урьд ирж нөхөрлөсөн тул хамгийг ахална" гэв. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нөхөрлөе гэж ирсэн анхны өлзийт нөхөд минь алинаас ч илүү хүндтэй байх учиртай тул ийнхүү та нарыг зохих зохих тушаалд томилов" гэв.

126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сүхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил хаан өгүүлрүүн: "Тэмүжин хөвүүний минь, хан болгосон нь маш зөв. Монголчууд, хангүй байж яаж болно.

        Энэ шийдвэрээ эвдэхгүй
        Эв зангиагаа таслахгүй
        Эх захаа алдахгүй
        Эгнэгт журамтай бай" гэв.


Буцаах Үргэлжлүүлэх
otgo-art_facebook

(Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар. 1990

Back

Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)