Тэмүжиний уг гарал ба
бага насны уе
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино,
гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх
Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг
төрүүлжээ.
2. Батцагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн
Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын
хөвүүн Саль-хачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн
Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу.
3. Харчугийн хөвүүн
Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа,
түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа
гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг
морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр
бүлгээ.
4. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ.
5.
Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун уулан дээр
гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин уруу
нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.
6. Дува сохор өгүүлрүүн: "Тэр
нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж
явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий
болгоё" гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.
7.
Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан
охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8.
Энэ охин, хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас
хорь түмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх
Баргужин гуа бол хол газрын Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний
охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9.
Хорилардай мэргэн, хорь түмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөс
агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон
болоод Бурхан халдун ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан халдуны
эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажээ.
Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн
Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.
11.
Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохрыг үхсэний хойно
түүний дөрвөн хөвүүн, Добу мэргэнийг авга гэж үзэхгүй доромжилж салж
нүүгээд дөрвэд овогтон болов.
12. Түүний хойно нэг өдөр Добу
мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай
хүн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. "Нөхөр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ хөтөлсөн нэгэн ядуу хүн учрав.
15.
"Чи юун хүн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Би Малиг
баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ
хөвүүнээ чамд өгье" гэвэл,
16. Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгөөд хөвүүнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17.
Тэгж байтал Добу мэргэн үгүй болов. Добу мэргэнийг үгүй болсны хойно
түүний гэргий Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи,
Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хөвүүнийг төрүүлэв.
18.
Урьд Добу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр
хөвүүн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр төрлийн
эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэр
дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн, түүний
хүүхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19.
Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха
хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг
зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг
хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж
баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.
20.
Үүнд Алун-гуа эх нь өгүүлрүүн: "Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг
энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол гэж сэжиглэн
хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгүй
байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд
миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн,
гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин
өгүүлнэ та. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй
адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ"
гээд
22. Бас Алун-гуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: "Та
таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар
салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ
нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар
дийлэгдэхгүй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь үгүй болов.
23.
Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж,
Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвүүлээ юмаа хувааж
аваад дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв.
24.
Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт,
годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж
Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн
эмбүүл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор
харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог морины хялгасаар
урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх
юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу
чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он
гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж үл барах тул,
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван
шувуу өлгөсөн нь ялзрахад хүрчээ.
28.
Битүү модот уулын хяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин уруу нүүж
ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж
уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.
29. Тэд
иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун
хүн бэ гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй
явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дүүгээ энэ
Одон мөрөн уруу одлоо гэж нэхэн ирж, Түнхэлэг горхинд нутаглах тэд
иргэнд хүрээд тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү гэж сурвал,
31.
Тэд иргэн өгүүлрүүн: "Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг (цэгээ) ууж
одно. Тэр хүн ба түүний морь, чиний сурдагтай адил байна. Түүнд нэг
харцага бий. Тэр, шөнө хаана хонодгийг мэдэхгүй. Баруун хойноос салхи
салхилбал түүний харцагаар бариулсан нугас галууны өд сөд нь цас мэт
бутарч хийсэж ирнэ. Бодвол түүний гэр холгүй биз. Одоо түүний ирэх цаг
болов. Хоромхон хүлц" гэв.
32. Удалгүй Түнхэлэг горхин өөд
нэгэн хүн айсуй. Хүрч ирвэл Бодончар мөн. Буха хатаги ах нь таньж аваад
Онон мөрөн өөд дагуулан давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын
хойноос даган хатирч өгүүлрүүн: "Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл
захтай нь сайн" гэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй.
34.
Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу хэлсэнгүй. Мөн
үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн: "Чи энэ үгийг юунд
дахин дахин өгүүлнэ?".
35. Бодончар өгүүлрүүн: "Тугаарын
(саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу,
толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг
бид эзэлж авъя"
36. Ах нь өгүүлрүүн: "За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэд иргэнийг эзэлье" гэж,
37. Гэртээ хүрээд, ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончарыг явуулав.
38.
Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хүн бэ?" гэж
асуувал, тэр эм өгүүлрүүн: "Би жарчиуд аданхан урианхайн хүн" гэв.
39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.
40.
Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвүүн төрөв. Түүнийг харь овгийн хөвүүн
гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн
хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн Бури-булчиру,
Бури-булчиругийн хөвүүн Хар-хадаан бүлгээ. Хар-хадааны хөвүүн Жамуха
бүлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн үг
болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв.
Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины
өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэлбөх, Зүтгэлбөх олон эм авсан тул
хөвүүн нь манан мэт (олон) төрөв. Манан баарин овогтон тэд болов.
42.
Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд овогтон болов.
Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов.
Бодончар, боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс
төрсөн Барим ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид
ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хөвүүн төрсөнд Жаурьдай нэр
өгөв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зүхэл тайлгад орох эртэй
болгов.
44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурьдайг гэрт
ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хөвүүн гэж тайлгаас
хөөж гаргав. Тэр Жэүрэдийн өвөг болов.
45. Хабич баатрын хөвүүн
Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу,
Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ.
46. Хачи
хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн
Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов.
Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог
тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээ барах ховдог тул
их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула,
тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Харалдайн хөвүүн будаа
мэт эх түрүүгүй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хөвүүн
Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул
адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай Мангудай хоёр
бүлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс төрсөн
хөвүүн Шижуудай Доголдай хоёр бүлгээ.
47. Хайдугийн хөвүүд
Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бүлгээ. Байшинхор
догшны хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүн
билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм
болгон авч, нэгэн хөвүүн төржээ. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон
болов. Чаужин Ортагай зургаан хөвүүнтэй нэр нь: Оронар, Хонхотан,
Арулад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48.
Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан Сэмсэчүлэ хоёр бүлгээ. Сэмсэчүлийн
хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан, долоон хөвүүнтэй, тэдний нэр
нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан,
Хадаан, Тодойн отчигин гэнэ.
49. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутагту жүрхийн хөвүүн Сэчэ-бэхи Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон болов.
50.
Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүүн тайжи, Есүхэй баатар,
Даридай отчигин энэ дөрөв бүлгээ. Хутугту Монхорын хөвүүн Бүри бөхө
бүлгээ. Онон мөрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дүү] Бэлгүтэйн
мөрийг тэр тас цавчсан билээ.
51. Хотала хааны хөвүүд Зочи,
Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан Баатрын хөвүүн Их Чэрэн бүлгээ. [Их
Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн үед] Дархадын ноёд болов.
Хадаан Тодойн хоёр үргүй өнгөрчээ.
52. Хамаг Монголыг Хабул
хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнээ байтал, Сэнгүн билгийн
хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53.
Буйр Хөлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд айргууд, буйргууд
овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө
охиныг хүргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж,
Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч
болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хөвүүний дундахь
Хоталад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн
хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл
болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал,
арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун" гэж илгээжээ.
54.
Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад
буцаж яваа мэргидийн их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж
үзвэл гоо үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд
ах Нэгүүн тайжи, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их
Чилэдүүг гүйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг
ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөвөл тэр
улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хүрч ирсэнд эм Өэлүн
үжин (фүжин гэж хятадаар хатныг хэлнэ) өгүүлрүүн: "Тэр гурван хүний
учрыг мэдэв үү чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор
хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам
охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А.то.]
Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо
амиа арчил. Миний үнэрийг үнэсэж яв" гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Их
Чилэдү, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө гурав
мөн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдү, хурдан ухаа морины гуяыг
ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав.
56. Түүнийг гурвуулаа
хойноос нь нэхэж, долоон даваа давтал хөөж орхиод, Өэлүн үжинийг авч,
Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүүн тайжи тэргүүлж, дүү Даридай
отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то.] явна. Үүнд Өэлүн үжин
өгүүлрүүн:
"Миний эр Чилэдү,
Сэрүүн салхинд
Сэвлэг үсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов?
Одоо
би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно?" гээд Онон мөрнийг
долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин
хажуунаас өгүүлрүүн:
"Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг үзэхгүй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгүй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мөргүй
Харвал бараагүй
Хайлбал үл сонстоно. Ч.Ц.]
Дуугүй
бай гэж ятгав. Өэлүн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий
болгов. Өэлүн үжинийг Есүхэй баатрын авчирсан ёс ийм бүлгээ.
57.
Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг
монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч
хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим
бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга
газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав.
58.
Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс өшөө
авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван
удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.
59.
Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар
хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог
гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн
чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт
тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ.
60. Есүхэй баатрын
Өэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас
Тэмүлүн нэртэй нэгэн охин төрөв. [Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл
эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёр бүлгээ. А.то.] Тэмүжинийг есөн настай
байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ
отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн үг болно) гурван
настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ.
61. Есүхэй баатар,
Тэмүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм олхуноуд иргэнд
хөвүүний нагац нараас охин гуйяа гэж Тэмүжинийг аваад одов. Явах замд
Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62.
Дэй сэцэн өгүүлрүүн: "Есүхэй худ аль хүрэхээр явна?" Есүхэй баатар
өгүүлрүүн: "Миний хөвүүний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж
байна". Дэй сэцэн өгүүлрүүн: "Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай,
нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна.
63. Есүхэй худ, би энэ шөнө,
нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж
ирээд миний гар дээр буув" гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг
билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь
гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ.
Есүхэй худ чи, хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар
болов. Юун зүүд байх вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон
ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэлддэггүй.
Харь улсыг үл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшүүлж
Хамт суулгана.
Өөр иргэнийг үл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Өл буур хөллөж
Үүсгэж одож
Өндөр суурь эзлэгчдийн
Өрөөл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна.
65.
Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ,
миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз" гэж, Дэй сэцэн хэлээд
Есүхэйг гэртээ дагуулж аваачив.
66. Есүхэй худ, охиныг үзвэл
нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр
Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний
гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн өгүүлрүүн: "Олон удаа
гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг
боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи
хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ" гэвэл, Есүхэй баатар
өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ.
Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул!" гээд хөтөлж явсан
мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав.
67.
Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж
байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есүхэйг таньж,
"Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг санаж,
нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах
замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч,
68.
Есүхэй өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж
асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр
байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн
минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур
татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа,
бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир!
Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нөгчив.
Буцаах Үргэлжлүүлэх
(Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн
Дамдинсүрэн орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн
газар, Улаанбаатар. 1990
Back