Ван хан сөнөсөн нь
186.
Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай
баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү
Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү
Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн
иргэнийг халдаж авсангүй, харин Жаха-хамбыг тэрэгний нөгөө арал мэт
[надад тус болж] яв гэж соёрхож өршөөв.
187. Бас Чингис хаан, Ван
ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард
сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт
олгож
"Хувьдаа зарцалж
Худагаа бариулж
Хоромсгоо зүүлгэж
Ургийн урагт хүртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр].
Алалдах дайнд явж,
Авсан олзоо цөмийг
Аминдаа ашиглаж байгтун.
Ан авд явж
Алсан гөрөөсөө цөмийг
Хувьдаа хэрэглэж байгтун".
гээд
Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч
тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр
сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг
залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай" гэж зарлиг
болов.
Хэрэйд улсыг эзэлж
Хэнд дутаалгүй
Хэсэглэж хувааж авав
Түмэн түбэгэнийг номготгож
Түүнийг бүрнээ тасчиж
Түгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дарж
Орой болохын өмнө
Огтчин хувааж авав
Цус урсгах дуртай
Цуут жүрхийн овгийг
Цугийг хувааж эзлэв.
Хэрэйд иргэнийг сөнөөж тэр өвөл, Абжиа хүдгэр гэдэг газар өвөлжив.
188.
Ван хан Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхүн ус гэдэг газар
Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хүнтэй
тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мөн" гэж хэлсэн боловч тэр
таньсангүй ба үнэмшсэнгүй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгүм Дидиг
сахалын Нэхүн усан дээр очилгүй тойрон гарч, цөл газар ус эрж явтал,
хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм, мориноос бууж морио
агтач Хөхөчүд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгүм, агтач Хөхөчү,
Хөхөчүгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хөхөчү, Сэнгүмийн
морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал түүний эм өгүүлрүүн:
"Алттыг өмсөхөд
Амттыг идэхэд
Амраг Хөхөчү миньгэж хайрлаж
Асран санаж билээ.
Харин одоо чи
Хан Сэнгүмийг орхиж
Хаяж дутаах буюу?"
гэж
хоцрохыг завдвал, Хөхөчү өгүүлрүүн: "Чи Сэнгүмийн эхнэр болох гэв үү?"
гэвэл, эм нь өгүүлрүүн: "Чи намайг нохой мэт ичүүргүй амьтан гэх буюу?
Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай үлдэг" гэвэл,
Хөхөчү алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хөхөчү буцаж
ирээд Чингис хаанд очиж: "Сэнгүмийг тийнхүү цөлд явган хаяад ирэв""гэж
ярилцсан үгээ бүрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: "Гагцхүү
эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчү, хан эзнээ хаяж ирсэн,
хараахан итгэж болохгүй хүн" гэж цавчиж алав. [Сэнгүм, Ашиг балгасыг
дайрч, Түвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж
гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгүмийг барьж алсан ба эхнэр
хүүхдийг Чингис хаанд хүргэж өгөв гэдэг үг байдаг. Рашид].
189.
Найманы Таян ханы эх Гүрбэсү өгүүлрүүн: "Ван хан, эртний их хан билээ.
Толгойгий нь авчрагтун. Хэрэв мөн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч
илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог
дээр оршуулж, идээ шүүс өргөн, бэрээд (бэрүүд)-ээ бэрлүүлж, хуур
хуурдуулж, идээ шүүс тавьж, хундага өргүүлж тахив. Тэгж тахиж байтал,
тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишиглүүлэв.
Үүнд Хүгсэү сабраг өгүүлрүүн: "Үхсэн ханы толгойг огтолж авчраад
хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов.
Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь:
"Эр намайг өтөлсөн хойно
Эхнэрийн минь залуу байхад
Эрхт тэнгэрийн элбэрлээр
Энэ Таян төрсөн билээ.
Торлог гоо биетэй
Торомгор бор хүү минь
Ард дорд олноо
Асран захирч чадах болов уу?"
гэж байсан билээ. Одоо
"Хар нохой муу ёроор хуцах болов.
Хатан Гүрбэсү
Хамаг хэргийг мэдэх болов.
Хан Таян чи
Халшрах зөөлөн хүн байна.
Ан
гөрөө хийхээс өөр, мэдэх эрдэм чадалгүй ажээ" гэвэл, Таян хан
өгүүлрүүн: "Дорно зүгийн цөөн монгол омогдоод байх болов. Эртний
сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд
тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн
гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр
хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хэрэгтэй вэ).
Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя" гэжээ. Түүнд эх Гүрбэсү нь
өгүүлрүүн: "Юу хийнэ? Тэдний монголчууд
Ханхлах муу үнэртэй
Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?
Холхон
байвал дээр бий. Гагцхүү шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хөлий
нь угаалгавал үнээ, хонь, саалгаж болох мэт" гэвэл Таян хан өгүүлрүүн:
"Тэд ямар боловч [хамаагүй] бид Монголд очиж хормсого саадгийг хураан
авчирья (эзлэн авчиръя)" гэжээ.
190. Эдгээр үгийг сонсоод Хүгсэү
сабраг баатар өгүүлрүүн: "Та хэтэрхий их үг хэлж байна. Аяа, Торлог хан
минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хүгсэү сабраг хэдийгээр ятгавч
[үгийг сонссонгүй]. Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн
Алахуш-дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь: "Энэ дорно зүгийн цөөн
монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа
тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр үгэнд
Алахуш-дигитхури өгүүлрүүн: "Би чиний баруун гар болж чадахгүй" гэж
явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлүүлсэн нь: "Найманы
Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би
эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж
илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт Чингис
хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Түлхинчэүд гэдэг газар
хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл
хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар "Яах вэ?" гэж зөвлөлдвөл,
олон хүн өгүүлрүүн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагүй
[намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён
өгүүлрүүн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган
байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ
сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян ханд
автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх
бишүү. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх
тэнгэр мэднэ. Рашид.]" гэв. Бэлгүтэй ноён өгүүлрүүн:
"Амьд яваа байтал
Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн үхэл
Эр хүнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтай гэж
Их сүр бадруулан
Ийм үг хэлж байна.
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад
Бэрхгүй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгүй.
Орхиод дутаах нь магадгүй бишүү.
Орд гэрээ ачиж чадахгүй
Хаяад залах нь лавтай бишүү.
Олон харьяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биш
Одоо ийм үгийг сонссоор байж
Огт зүгээр өнгөрүүлж болохгүй
Олон даяар байлдаар мордъё" гэв.
191.
Бэлгүтэй ноёны энэ үгийг Чингис хаан зөвшөөрч, аваас буугаад Абжиа
Хүдгэрээс нүүж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж
буугаад цэрэг ардаа бүртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж,
мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргүүлэн захирах их] чэрби
нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби, Өэлэн чэрби, Толун чэрби,
Бучаран чэрби, Сүйхэтү чэрби энэ зургаан чэрби түшмэлийг тэнд томилов.
Цэргүүдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтүүл
(шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн
харгалзагч) нарыг тусгайлан томилж, үүнд мянганы ноёд, зууны ноёдын
хөвүүд дүү нар ба сул ардын (чөлөөт иргэний) хөвүүд дүү нарын дотроос
эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд
Архай Хасарыг өршөөн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай !
Байлдах өдөр өмнө минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн
болж явтугай!" гэж зарлиг болов. Бас "Далан торгуудыг Өэлэн чэрби ахалж
явтугай! Худус-халчинтай зөвлөж явтугай!" гэв.
192. Бас Чингис хаан
зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч
(тогооч), хаалгач агтач нар өдөр бүр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх
хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаад уг үүргээ нар шингэхийн урьд
хэвтүүлийн хүмүүст шилжүүлж өөрсдөө агтанд гарч хонотугай! Хэвтүүлийн
хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин,
торгууд биднийг өглөөний хоол идмэгц ирж хэвтүүлийн хүмүүсээс үүрэг
хүлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван
өдөр, гурван шөнө жасаалан явж дуусаад гурван шөнө (амарч) хонотугай!
Хорчин нар хэвтүүлийн үүргийг гүйцэтгэж сольж явтугай!" гэж зарлиг
болов. Тэгээд цэргүүдээ мянга мянгаар хуваарилж дуусаад, чэрби ноёдыг
томилж, наян хэвтүүл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай
Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад
гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн
Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алин тайж,
Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дөрвөн
татаар, хатахин, салжиуд аймгууд цөм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].
193.
Хулгана жил (1204)-ийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл
өдөр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн өөд тагнуул болгож
явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хүрч, Ханхарханы (Хангай-ханы) эхэн
дээр байсан найманы харуултай учрав. Тэд харилцан тулалцаж байгаад
найманы харуулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ.
Найманы харуул тэр морийг барьж аваад "Монголын агт туранхай ажээ"
гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хүрч буугаад "Одоо яах вэ?" гэж
хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: "Бидний
цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа
цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хүн тутам эр бүр шөнө таван
анги гал түлж галаар сүр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний
хан нь гэрээ гарч үзээгүй танхи хүн гэнэ. Бид галаар сүрдүүлэн тэднийг
гөлрүүлж байх завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы
харуулыг дайрч гол хүчинд нь хүртэл хөөж оруулаад тэдний самгардах
самбаанд байлдан орвол болох уу?" гэж дуртгавал, энэ үгийг зөвшөөрч
Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг түлэгтүн" гэж цэргүүдэд
тушаал тунхаглав. Цэргүүд Саарь хээрт тарж буугаад амьд хүн бүр таван
анги гал түлэв. Найманы харуул, Ханхарханы тэргүүнээс шөнө олон галыг
үзэж "Монгол цөөн гэсэн биш билүү? Одноос олон гал ноцож байна" гэж
Таян ханд өнөөх барьсан муу эмээлтэй саарал морийг хүргүүлэв. Бас Таян
ханд мэдүүлсэн нь: "Монголын цэргүүд Саарь хээрийг дүүртэл буужээ. Өдөр
бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна.
(Өдөр өндөр ууланд гарч байдаг болов уу? Шөнө талд од мэт олон гал
ноцоож байна)" гэж илгээв.
194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан,
Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хүчүлүг хан
хөвүүндээ хэлж илгээрүүн: "Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал
ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,
Хар муусайн монголтой
Хатгалдаж нэгэнт эхэлбэл
Хагацахад бэрх болно.
Хацрыг жадалж байвч
Харсан нүдээ цавчдаггүй
Хар цусаа урсаж байвч
Харьж огт буцдаггүй
Хатуужил ихт монголтой
Хамаагүй байлдаж болохгүй.
Одоо
Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хөдөлгөж, цэргээ
засацгааж монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хүртэл нохой хэрэл
хэрж займруулан чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран
шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид өмнөөс
нь довтлон оръё" гэж илгээжээ. Тэр үгийг сонсоод Хүчүлүг хан өгүүлрүүн:
"Таян хан мөн аанай (муусайн) эм мэт зүрх алдаж, ийм үг хэлжээ.
Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд
бидэнд байна.
Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагүй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч үзээгүй
Эм Таян зүрх алдаж
Энэ үгийг хэлжээ" гэж
Эцэг Таянханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хүний илгээв.
Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн:
"Хүчүлүг хөвүүн чиний
Хүчирхэх бардах их боловч
Хүрэлцэн алалдах цагт
Хүнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зүгээр салах аргагүй
гэв. Тэр үгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи өгүүлрүүн: "Инанча Билгэ хан эцэг чинь
Адил зэргийн дайсанд
Араа үзүүлж яваагүй
Алалдах тулалдах өдөрт
Агтаа ухруулж үзээгүй
билээ.
Өнөө чи юунд маргаашийн төлөө зүрх алдана. Чиний ингэж зүрх шантрахыг
мэдсэн бол чиний хатан эх Гүрбэсийг авчирч цэрэг захируулах билүү?
Хөөрхий Хүгсэү сабраг баатар өтлөөд цэргийн цааз сулрав. Монголын
завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгүй хүн
ажээ" гээд хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов.
195. Түүнд Таян хан
хилэгнэж өгүүлрүүн: "Үхэх амь, зовох бие бүгд нэгэн адил биз ээ. Тийм
бол хатгалдъя" гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг
гэтэлж, Наху гүний зүүн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хүрч
ирэхэд Чингис хааны харуул үзэж, "Найман хүрч айсуй" гэж хэл хүргэвэл
үүнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна.
Цөөнөөс цөөн гарз гарна" гээд эсрэг нь морилж (өмнөөс нь очиж) тэдний
харуулыг хөөгөөд цэргээ засахдаа
Харгана зорчлоор хатгалдаж
Нуур байрлалаар байлдаж
Цүүц хатгалдаанаар цөмөрч тулъя"
гэлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнайд явж, Хасарт гол хүчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.
Найман,
Цахир могодоос буцаж, Наху гүний өвөр уулын хормой хижин байжээ. Тэгээд
найманы харуулыг бидний харуул хөөж, Наху гүний өвөрт байгаа гол хүчинд
нь хүрч очвол Таян хан үзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас
асууруун: "Тэр сүрэг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа чоно мэт
довтлогч ямар хүмүүс вэ?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Тэмүжин анд минь,
дөрвөн нохойг хүний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай
харуулыг хөөж ирэгчид тэр дөрвөн нохой биз.
Ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зүрхтэй
Гадас цүүцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой,
Түмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шүлсээ савируулж айсуй
Шүүдрээр унд хийж
Шүлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргүүтэй
Зэлмэ, Сүбэдэй дараатай
Тэмүжин андын тэжээсэн
Тэр дөрвөн ноход
Тэмүүлэн хүрч ирэв" гэжээ.
Таян хан өгүүлрүүн: "Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя" гээд хойш
ухарч уул өөд өгсөв. Бас тэдний хойноос харайлан дүүлэн яваа хүмүүсийг
үзэж, Таян хан, Жамухаас асууруун:
"Эрт тавьсан унага
Эхийн сүүг хөхөж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн үсэрч яваа
Энэ хэдэн хүнийг
Эрхэм Жамуха мэдэх үү?"
гэвэл, Жамуха өгүүлрүүн:
"Зэвсэгт эрийг айлгаж
Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илүү дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нар биз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна" гэжээ.
Тэндээс
Таян хан өгүүлрүүн: "Тийм бол тэр муусайнаас хол байя" гэж бас ухран
уул өөд авирав. "Бас тэдний хойноос өлссөн шувуу мэт өрвөлзөн сөрвөлзөн
ирэгчид хэн бэ?" гэж Таян хан асуувал, Жамуха хариу өгүүлрүүн:
"Тэр хойноос ирэгч нь
Тэмүжин анд мөн байна
Хан Тэмүжин тэр
Хамаг биедээ цөм
Шөвөг хатгах зайгүй
Шөрөг төмөр өмсч
Зүү шивэх завсаргүй
Зүймэл хуяг өмсч
Өлссөн шувуу мэт
Өрвөлзөн сөрвөлзөн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дүүлэн айсуй.
Найман
аймаг та нар Монголыг үзмэгц, ишигний год ч үлдээхгүй [ийш тийш хувааж
эзэлнэ] гэдэг байсан биш билүү? Одоо та нар үзтүгэй" гэв. Энэ үгийг
сонсоод Таян хан өгүүлрүүн: "Ай тийм бол энэ уулын ам өөд бас авиръя"
гэж уул өгсөж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув: "Бас тэр хойноос
нь ирж яваа нүсэр амьтан хэн бэ?" гэвэл, Жамуха өгүүлрүүн:
"Хүндэт Өэлүн хатны
Хүний махаар тэжээсэн
Хүчит Хасар гэдэг
Хүү нь тэр мөн
Гурван бухаар зүтгүүлэвч
Гулзайхгүй хүчтэй
Гунжин үхрийг идэвч
Цадахгүй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг өмссөн
Хэрцгий догшин Хасар
Хэн бүхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хүнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггүй гэнэ.
Амьд хүнийг бүхлээр
Авч шүүрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгүй гэнэ.
Уур нь их хүрч
Урдах сумаа шүүрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хүмүс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй үхэлгээнэ.
Хилэн нь их хүрч
Хийсвэр сумаа шүүрч
Хийн зүг харвахад
Хярын цаадах хүмүүс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор үхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есөн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хүнтэй адил хүн биш
Хүнийг идэх мангас
Хүчит Хасар тэр
Хүрч ирж явна"
гэвэл,
Таян хан өгүүлрүүн: "Тийм бол өндөр ууланд хоргодъё, дээш авиртугай"
гэж уул өөд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Түүний хойно ирж
яваа хэн бэ? Гэвэл, Жамуха өгүүлрүүн:
"Өэлүн эхийн отгон хүү
Өнөөх Отчигин тэр мөн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хүн
Отгон хөвүүн учраас
Орой босдог боловч
Омог чадалтай эр
Байлдаан үймээн болоход
Байрандаа хоцордоггүй
Баатар Отчигин тэр явна"
гэвэл, "Тийм бол уулын оргил дээр гаръя" гэж Таян хан хэлэв.
196. Жамуха, Таян ханд ийм үгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн нь:
"Таян хан чамаас айж
Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна
Тэмүжин чи хатуужиж хичээ
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргүүцэх чадалгүй болжээ.
Бид
нөхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой
болох хирд Наху гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө найманууд
буруулан дутаах гээд Наху гүний уулан дээрээс халтиран унаж, нурсан
түлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж үхэцгээв. Маргааш нь Таян
ханыг мохоож барив. [Таян хан хүнд шархтсан тул даруй үхэв. Рашид].
Хүчүлүг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж, Тамир гол хүрч
нэхсэн цэрэгт гүйцээгдээд хүмрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч бас
тэсвэрлэсэнгүй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс
иргэнийг Алтайн өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха
баруун зүг дутаав.] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд,
дөрвэн, тайчууд хонгирад тэргүүтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж
оров. Таяны эх Гүрбэсү хатныг Чингис хаан авчруулж өгүүлрүүн: "Чи
Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг бил үү? Чи одоо юунд ирэв? гэж
түүнийг Чингис хаан өөрөө авлаа. [Таяаны аймгаас нэг хүн дутаав. Хасар
түүнийг амьдаар барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл,
өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: "Танай олон аймаг цэрэг цөм
маныг дагаж байхад, чи энэ юмыг өвөрлөж хааш одно?" гэвэл, тэр хүн
өгүүлрүүн: "Миний бие, тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин
эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар өгүүлрүүн:
"Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ?" Тэр хүн өгүүлрүүн: "Би
язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад
тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар
бас асууруун: "Энэ тамгыг юунд хэрэглэнэ?" Тататунга өгүүлрүүн: "Сайн
хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэн" гэвэл, Хасар
сайшааж шударга элбэрэлт хүн гэж Тэмүжинд мэдүүлж, аливаа бичиг
явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхүү Тататунгад тушаав. Хасар,
Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл
бичиг утга заалгаж удалгүй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23
дугаар бүлэгт бий.
197. Мөн хулгана жилийн намар Хар талын үзүүр
гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг
дийлээд хөөж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан
авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвүүн ба цөөн хүнийг авч дутааж одов.
[Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хөвүүн Өгэдэйд өгөв]. Мэргид
иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Үсүн гэгч хүн
[байлдах саналгүй гэж] өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр
авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа
ноёнд Дайр-Үсүн учирч өгүүлрүүн: "Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр
явж байна" гэвэл, Наяа ноён өгүүлрүүн: "Охины чинь бид хамт аваачиж
үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг
хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав
хоног хүлээ" гэж дуртгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Үсүн хоёр,
Хуланыг авч Чингис хаанд хүргэв. Хуланыг Наяа ноён, гэртэ гурав хоног
хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж "Чи энэ Хуланыг ямар
учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж засаглан
шийтгэх гэж байтал, Хулан өгүүлрүүн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би
Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур
цэргүүд самуурах болзошгүй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч
тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох
бишүү. Хай энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос
асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн
махбоды минь шалгаж үзтүгэй"гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн:
"Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хүндлэхээс өөр
Хар санал надад үгүй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо сайхан ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгүй харж
Хавиралгүй сахидаг билээ.
Үүнээс өөр сэтгэлийг
Үнэхээр санасан буюу
Үйлдсэн зүйл байвал
Үхэхэд надад гомдолгүй".
гэжээ.
Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж
үзвэл, Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг
соёрхож таалав. Наяа ноёны үг бас үнэн болсон тул "Үнэн үгтэй шударга
хүн байна. Их үйл хэргийг тушаая" гэж өршөөж соёрхов.
Буцаах Үргэлжлүүлэх
(Хуучин
монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн
орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар,
Улаанбаатар. 1990
Back