Хүчүлүгийн дүтаасан ба
Жамухын дарагдсан нь
198.
Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай,
Дөргэнэ хоёроос, Дөргэнэг тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс
дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг
болруун: "Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад,
хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл" гэж илгээв.
Тогтоа хөвүүн Худу,
Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн
өвөрт өвөлжиж, үхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол,
найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн
Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ
засаж байжээ. Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд
оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод
толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж
барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтлэхэд олонх хүн нь
усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан
салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт
Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн
Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг,
хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн
даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бүгсэн мэргидийг
эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг
цэргүүдээр талуулж дээрэмдүүлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг
(арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар
тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая
гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зүг зүг дуустал
хуваарилав.
199. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэйд
төмөр тэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун
тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгосон нь:
"Уршигт Тогтоагийн
Урвасан хөвүүд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигүүртэй болж
Хөх тэнгэрт нисвэл
Хүлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хөвүүд
Мунхаг тарвага болж
Мухар нүхэнд шургавал
Төгс баатар Сүбээдэй
Төмөр царил болж
Төнхөж малтаж гүйцээрэй!
Өшөөт мэргидийн үрс
Өргөст загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сүбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож бариарай!
Өрлөг баатар чамайг
Өндөр давааг давуулж
Өргөн мөрнийг гэтлүүлж
Өшөөт мэргидийг даруулахаар
Өдөр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хүрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хүнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хүнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гөрөөс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бүү март
Хүнсний нэмэр болгож
Хүрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зөөлөн яв
Чанд эн журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хүн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хүмүүсийг жанч
Таних хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар надад явуул
Танихгүй хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мөрөн голыг гэтлэвч
Мөн санаагаа нэгтгэж
Мөнх тэнгэрийн хүчинд
Мөрийн хүч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хөвүүдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггүй
Тэнд нь чигийг ологтун!"
гэж зарлиг болов.
Чин зоригт Сүбээдэйд
Чингис бас хэлэв:
"Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сөнөө.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан.
Өшөөт тэр мэргидүүд
Өнөө бас тангараглаад
Өөр зүг дутаав.
Уртын үзүүрт хүрч
Гүний ёроолд орж
Төлөөс өшөөг ав!" гэж
Төмөр тэргийг хэрэглүүлэн
Үнэн итгэлтэй Сүбээдэйг
Үхэр жил илгээв.
"Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно" гэж
Баатар Сүбээдэйг мордоход
Бас зарлиг болов.
200.
Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа
алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн
угалз алж шарж идэж байгаад Жамуха, нөхдөдөө хэлсэн нь: "Хэний хөвүүд
энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх
завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ.
Жамуха, нөхдөдөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн нь:
"Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж өршөө
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож үз" гэжээ.
Жамухын
тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хүнийг яаж
орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг
ураг төрлий нь хүртэл устга" гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний
өмнө түүнд халдсан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
"Одоо бид хоёул
Ойртож бас нөхөрлөе.
Өнөө болоход, чи
Өрөөсөн арал болоод
Өөр санаа агуулахгүй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрүүлж явъя
Өөр замаар
Явсан боловч
Өлзийт сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Өшилдөн байлдах
Өдөр болоход
Өр зүрхээ
Өвддөг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Улайшран байлдах
Өдөр болоход
Уушги зүрхээ
Өвддөг билээ,чи
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Үгээр үхтэл сүрдүүлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хүргэсэн билээ" гэж хэлүүлжээ.
201. Жамуха өгүүлрүүн:
"Эрт өнгөрсөн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хөндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Үл шингэх идээ идэлцэж
Нэг хөнжил нөмөрч
Нэг санал санаж явлаа.
Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
Хөнөөх үгэнд автагдаж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нүүрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгүй хэлэлцсэн
Урьдын үгийг санаж
Улаан нүүрнийхээ арьсыг
Уруулж өвчүүлснй адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовч явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нөхцөе гэжээ.
Нөхцөх цагт
Нөхцсөнгүй, би
Тэмүжин чи
Түмэн улсыг
Төвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шөнийн
Зүүд болж
Гэгээн өдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бөөс
Эгмийн чинь өргөс
Болох биз, би.
Атаат эмийн үгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хүртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ.
Далан гурван хүлэгтэй
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мөхөв, би чинь
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргүй
Идтэй сайн дүүгүй
Илүү дутуу үгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмүжин чамд дийлэгдэв, би
Анд нөхөр минь соёрхож
Амийг минь үтэр тонилговол
Ариун зүрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгүй
Алуулж өршөө, намайг
Үхэж хэвтэх яс минь
Үржилт эх дэлхийд
Үүрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерөөлийг тавъя
Өөр төрлийн би
Өндөр төрөлт андын
Өмөг сүлдэнд дарагдав
Хүсэн үгийг минь
Мартахгүй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!" гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгүүлрүүн:
"Анд нөхөр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох үгийг
Арай хэлсэнгүй билээ.
Засарч чадах боловч
Засрахгүй хичээхгүй байна.
Үзэх төлгөөр мэргэлбэл
Үхэх цаг нь болоогүй мэт
Дээд язгуурын хүнийг
Дэмий хорлож болохгүй
Хүний амийг хорлоход
Хүндэт шалтгаан хэрэгтэй.
Энэ
тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа
харилцан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал
гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд
бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл
зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж
хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрий чинь ил
хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг үхүүлж
хүүрийг оршуулав.
201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж,
барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа
мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо
ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр
Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг
болруун:
202. "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө
угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы
ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг
томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4.
Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10.
Түгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Үнгүр, 14. Чүлгэдэй, 15. Борохул, 16.
Шигихутуг, 17. Хүчү, 18. Хөхөчү, 19. Хоргасун, 20. Үсүн, 21. Хуилдар,
22. Шилүгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27.
Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хөхөчос, 31. Сүйхэтү, 32.
Наяа, 33. Жунсо, 34. Хүчүгүр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38.
Мүгэ, 39. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай, 42. Бөгэн, 43. Худус, 44.
Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан. 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50.
Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус,
56. Гэүги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61.
Хонгиран, 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү, 64. Хадаан, 65. Мороха, 66.
Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран,
72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77.
Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82.
Буха-хүргэн, 83. Хурил, 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу
хүргэн, 87, 88. Алчи хүргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту
хүргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури
хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын
ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов.
203.
Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг
томилоод тэр дотор зарлиг болруун: "Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг
өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй" гэж тэр дотор
байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг өгүүлрүүн:
"Боорчи, Мухулай нар
Бэлт биднээс
Их тусалж
Илүү зүтгэсэн үү?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс би
Дутуу тусалж
Ядуу зүтгэсэн үү?
Өлгийтэй цагаасаа би
Өндөр босгыг чинь түшиж
Өдий их сахалтай
Өвгөн буурал болтлоо
Өөр санаа санасангүй
Өршөөлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь түшиж
Амандаа өдий сахалтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зүйлгүй
Аль чадахаар зүтгэв.
Хөлдөө хэвтүүлж
Хөнжилдөө хучиж
Хөвүүн адилаар
Хүмүүжүүлэв, намайг
Дэргэдээ хэвтүүлж
Дээлдээ хучиж
Дүү мэтээр
Түшиж өсгөв.
Одоо
надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт
өгүүлрүүн: "Чи миний зургадугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн
дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож,
есөн ослыг хэлтрүүлэх болгоё" гэж зарлиг болов. "Мөнх тэнгэрийн
ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв.
Бидний эх ба дүү нар, хөвүүдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг
олгож, хавтсан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний
тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно" гэж зарлиг болов. Бас
Шигихутугийг "Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож,
үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай" гэж бүх улсын дээд
заргач (шүүгч) болгов. Бас "Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэж,
түүнийгээ хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн
шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт
хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй" гэж зарлиг болов. Шигихутуг
өгүүлрүүн: "Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар
хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын
иргэдээс авъя" гэж өчвөл "Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул
өөрөө мэдэж гүйцэтгэ" гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж төгсөөд
гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн ноёдыг урьж оруулав.
204. Тэндээс
Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Төрөхийн хамт төрөлцсөн,
өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий
төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд
хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи
намайг ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ,
би. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй,
сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үрд хүртэл үүрд мялааж
байя" гэж зарлиг болов.
205. Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн:
"Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд
чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж,
эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор
хонгор морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа
морио унаж, адуугаа эзэнгүй орхиод яаравчлан надтай бас гурван хоног
дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн
хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш
хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай
нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно
чамайг санасаар явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи богтгор
хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид
бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт
бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход
өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө
надад нөмөргөөд, миний дээр борооны усыг дусуулахгүйгээр шөнө турш
зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг
баатрын шинж энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах
вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг
минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж,
есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын
Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов.
206. Бас
Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бүжиглэх
Хорхунаг-жубурын хөндийд саглагар модны ёроолд саатан буух цагт
Мухулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул
тэнд би (Мухулайн эцэг) Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ.
Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хүртэл
улс гүрний гоо ван болгоё" гэж гоо ван нэр өгөв. "Мухулай гоо ван, зүүн
гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй" гэж зарлиг болов.
207. Чингис хаан, Хорчид өгүүлрүүн:
"Өчүүхэн балчир цагаас
Өдий болтол минь
Өлзийт нөхөр болж
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрч
Хүчээ өргөв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зөгнөж хэлсэн үгээ
Зөв болгон тохирч
Тэнгэрийн өршөөл хүчээр
Тэр ёсоор бүтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи.
Одоо
чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр,
сайхан хүүхнүүдийг сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган
баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгүүд
аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мөрний дагуу
ойн иргэнд хүртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг
даргалж мэдтүгэй"гэж зарлиг болов. "Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн
ийш тийш нүүж үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй" гэж
зарлиг болов.
208. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: "Чиний
бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан
байлдах цагт Хуилдар анд тэргүүтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг
бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд,
Хориширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол
хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт
ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг
мэдэхгүй. Жорчидай чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс
зайлж, Халх гол уруу нүүхэд Жорчидай чамайг би өндөр уулын нөмөр мэт
өмөг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич,
Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан
билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав.
Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн
зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран
сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар
харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай
нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр
Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мөн".
Алалдах өдөр
Амиа хайрлахгүй
Ачийг хүргэж
Байлдах өдөр
Байраа алдахгүй
Баатарлан зүтгэсний тул
Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад өгүүлрүүн:
"Авир зангий чинь голсон биш.
Ариун үзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хөлийг чинь шивэртэй гэсэн биш,
Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш, А.то.]
Өврөө дулаацуулж
Хөлөө хучуулсан
Өөрийн хатан чамайг
Их төрийн үйлст
Илт зүтгэсэн Жорчидайд
Ийнхүү соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган өгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж өгсөн
Жорчидайн
ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Үүнээс хойш миний
ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан
ёсыг сэтгэж, миний үгийг өөрчлөлгүйгээр ургийн урагт хүртэл Ибагын ор
суурь (нэр хүнд)-ийг бүү тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан,
Ибагад өгүүлрүүн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр,
Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ. Одоо чи урууд
иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хүмүүсээс Ашиг-Төмөр
тогоочоо нэгэн зуун хүний хамт өгч од" гэж авав. Бас Чингис хаан,
Жорчидайд өгүүлрүүн: "Ибага хатнаа чамд өгөв. Чи дөрвөн мянган уруудаа
мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.
Буцаах Үргэлжлүүлэх
(Хуучин
монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн
орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар,
Улаанбаатар. 1990
Back